Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарын хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар Үндсэн хуулийн Цэцээр ханджээ

uls_540914a342b82_1Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоодугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харъяа Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд  хоригдож буй Л.Гансүхийг эргэн очиж, тус албаны даргын өрөөнд уулзсан. Тэрбээр ахлах зөвлөхөө эргэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулан явсан байдаг. ШШГЕГ нь Хууль зүйн сайдын хариуцсан салбарт харъяалагддаг учраас тус албаны  удирдлагууд тэднийг очиход хууль зөрчин байж сэжигтэн, яллагдагч Л.Гансүхтэй уулзуулсан биз. Энэхүү уулзалтын бичлэгийг АТГ-ын ажилтнууд хийж нийтэд хүргэснээр тэдний хууль зөрчсөн үйлдэл нь ил болсон билээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын хорих ангид сэжигтэн, яллагдагчтай хийсэн  уулзалт нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ч мөн зөрчиж байгаа юм билээ. Уг нь дээрх хуулийг Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болохоосоо өмнө санаачлан гурван жил гаруй хөөцөлдөн байж батлуулсан байдаг. Гэвч тэр өөрийн санаачлан батлуулсан хуулиа өөрөө зөрчиж, ёс зүйгүй авирласнаараа ямаршуухан хүн Хууль зүйн салбарыг удирдаж  буйг олон нийт шүүмжилсээр байна.

Тиймээс “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөний тэргүүн  Х.Бат-Ялалт Үндсэн хуулийн Цэцэд  хандан “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргасан тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн.  Иргэний гаргасан өргөдлийн дагуу Үндсэн хуулийн Цэц хэзээ хуралдаж, хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин уг асуудлыг хөндсөн олон нийтийн цуглааныг энэ сарын 10-нд зохион байгуулахаар шийдээд байгаа аж. Цуглаанд иргэний хөдөлгөөнүүд, шударга үнэнийг эрэлд дуу хоолойгоо нэгтгэхээр шийдсэн олон нийтийг уриалжээ.

Эргэн сануулахад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоодугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харъяа Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд  хоригдож буй Л.Гансүхийг эргэн очиж, тус албаны даргын өрөөнд уулзахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг “…Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…” гэсэн заалт, 14-р зүйлийн 1, 2 дахь хэсэг “…Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүхэн хууль шүүхийн өмнө эрх тэгш байна… хүнийг үндэс, угсаа, хэл, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно... гэх заалтууд, 41 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг “…Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дараах заалтуудыг зөрчжээ. Үүнд:Тус хуулийн 9 дүгээр зүйл. Албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг мэдэгдэх

9.1.Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заажээ.

Гэтэл ШШГЕГ-ын харъяа Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих ангийн ажилтнуудыг албан үүргээ хуулийн дагуу биелүүлэхэд эрх мэдэлт сайд нар хөндлөнгөөс нөлөөлж, сэжигтэн Л.Гансүхтэй уулзалт зохион байгуулсан байдаг.

Мөн хуулийн 11 дүгээр зүйл. Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт

11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

11.2.Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн заажээ.

Тэгэхээр Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарын дээр хуулиудыг зөрчсөн асуудлыг олон нийт эсэргүүцэж хариуцлага нэхэж буй нь зүйн хэрэг юм.

М.Нандин


URL:

Сэтгэгдэл бичих