Австралийг Монголоор солих уу

527-1409807816347c4190e1c17898749da808d9d4b605_LМОСКВА. /vz/. Ураны нөөцөөр дэлхийд тэргүүлэгч Австрали энэ үнэт металлаа Орост нийлүүлэхээс татгалзлаа. Сүүлийн жилүүдэд ОХУ Австралиас уран авах асуудлаа шийдэхийг үнэхээр их хичээсэн. Гэхдээ асуудал ингэж шийдэгдсэн нь Оросын атомын салбарт тийм ч хүндээр тусахгүй.

Австралийн ураныг алдсан нь Орост хэрхэн нөлөөлөх вэ?
Лхагва гарагт Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт парламентдаа үг хэлэхдээ, Орост уран нийлүүлэхээ “түр зогсоосон” болохыг нотолжээ. Үүний сацуу, Австралийн Засгийн газар Украинд хүмүүнлэгийн болон цэргийн материал-техникийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэж байгааг тэрбээр мэдэгдсэн байна.

Тэрчлэн наймдугаар сарын дундуур мэдэгдсэнчлэн Киевт ЭСЯ нээхээр төлөвлөж буйгаа Эбботт нотлов. “Дараагийн шийдвэр гарах хүртэл Орост Австралийн ураныг худалдахгүй. Одоо Оросын хийж байгаачлан олон улсын хууль зөрчсөн улсад Австрали уран худалдахгүй” гэж Эбботт онцлон тэмдэглэжээ.

Австралийн засгийн газрын гишүүд анх бүр наймдугаар сарын эхээр экспортоо түр зогсооно гэж сүрдүүлж байсныг мэдээлсэн билээ. Тийм болохоор Эбботт урьд нь гаргасан шийдвэрээ л ийнхүү нотоллоо.

Орост уран нийлүүлэхгүйгээс гадна, зэвсэглэлийн экспортоо хязгаарлаж, Австралийн хөрөнгийн зах зээлд Оросын төрийн оролцоотой банкууд оролцохыг хязгаарлаж, ОХУ-д бараа экспортлохыг болон нефть хайгуулын хийгээд олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглож, Крымд худалдаа, хөрөнгө оруулалт хийхийг хязгаарласан байна.

Мөн тус тивд нэвтрэхийг хориглосон хүмүүсийн хар жагсаалтад Орос, Украины 63 иргэн, хуулийн 21 этгээдийг нэмснээр, 113 хувь хүн, хуулийн 35 этгээд багтах болжээ.
Австрали нь ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Энэ тивийг Оросын атомын салбар үнэхээр их сонирхдог учир 2007 онд Москва Канберратай атомын энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ашиглах гэрээ байгуулсан аж.

Австралийн уран Оросынхоос ч хямд болохоор 1,2 тэрбум долларын гэрээ байгуулж, Австралийн “Mantra Resources Limited” компанийн хувьцааг 100 хувь Оросын “Росатом”-ын толгой байгууллага болох “Атомредметзолото” компани худалдан авчээ.

2012 онд “Росатом”-ын өөр нэг охин компани “Техснабэкспорт”, Британи-Австралийн “Rio Tinto” компани хэлэлцээр байгуулж, Австралийн ураны эхний хэсгийг нийлүүлж байв. Энэ нь ч цорын ганц нийлүүлэлт болсон байна.

Дашрамд тэмдэглэхэд, олборлож байгаа ураны хэмжээгээр Оросын хамгийн ойрын холбоотон Казахстан дэлхийд тэргүүлдэг учраас ОХУ тэгтлээ түгшихгүй байна. Орос, Казахстаны орд газрын нөөц “Росатом”-ын ойрын 100 жилийн хэрэгцээг хангахаар аж.

Австралийн ураныг олон улсын төслүүдээ өргөжүүлэх хүрээнд хэтийн зорилгын үүдээс худалдан авахаар төлөвлөж байжээ. Бас Австралийн уран Казахстаныхаас хямд. Үүний сацуу Австралид борлуулалтын зах зээлээ өргөжүүлэх шаардлага байсан юм.

Австралийг Монголоор солих уу
Ураны чанар хаанаас олборлож байгаагаас үл хамаардгийг шинжээчид сануулж байна. Тэдний үзэж буйгаар, нийлүүлэгчийн хувиар Австралийг Монголоор солих бүрэн боломжтой. Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилсан билээ.

Хэдийгээр, албан ёсны эх сурвалжуудын мэдээлснээр, шууд ураны талаар хэлэлцээ хийгээгүй ч, хэлэлцсэн чухал сэдвүүдийн нэг нь тээврийг хөгжүүлэх асуудал байжээ. Улаанбаатарын хэлэлцээний дараа “Оросын төмөр замууд” /”ОТЗ”/ компани Улаанбаатарын төмөр замыг шинэчлэхэд оролцох хэлэлцээр байгуулсан.

“ОТЗ”-ын мэдээлснээр, Европ-Азийн тээвэр-ложистикийн системд экспортыг болон дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Энд тэмдэглэхэд, Монголын ураны орд газруудад хайгуул, олборлолт болон боловсруулах үйл ажиллагаа явуулах, хамтарсан “Дорнод уран” компани байгуулагдах шатандаа явж байна. Компанийг байгуулах хэлэлцээрт 2009 оны наймдугаар сард Монголд ОХУ-ын тэр үеийн Ерөнхийлөгч Д.Медведев айлчлах үеэр гарын үсэг зуржээ.

Монгол Улс нь ураны зургаан давхаргатай, 100 гаруй орд газартай. Монголын геологичдын  тооцоолсноор, тус улс 60-63 мянган тонн ураны нөөцтэй, Оросын мэдээллээр, 120-150 мянган тоннын нөөцтэй байна. Нөөцийн нийт хэмжээ 22 мянган тонн, жил тутам олборлох хэмжээ 1000 гаруй тонн аж. Атомын энергийн газрын дарга С.Энхбатын хэлснээр, ураны батлагдсан 63 мянган тонн нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 15 дугаарт орж байна.

Үүний сацуу Монгол-Зөвлөлтийн геологичдын урьд хайгуул хийж байсан ураны орд газруудыг хараахан бүгдийг нь нээгээгүй байна. Монгол 1,4 сая тонн ураны нөөцтэй гэж гадаадын шинжээчид үзэж байна. Хэрвээ энэ мэдээлэл нотлогдвол Монгол дэлхийд тавдугаарт орох юм гэж ОХУ-ын “Взгляд” цахим сонинд бичжээ.

З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих