М.Энхсайхан Н.Энхбаярт “жор” бичиж өгчээ
М.Энхсайхан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзаж, түүнийг эх орондоо эргэн ирэхийг санал болгожээ. Энэ тухай өөрийн facebook хуудсандаа “Ерөнхийлөгч асан Энхбаяртай уулзаж, биеийн байдлыг нь асуулаа. Зурхний судас зангирсан, цусан хангамж удирддаг тархины төв ажиллагаа тасалдалтай гэсэн хоёр том асуудалтай байгаагаа хэлэв. Монголдоо ойрын үед ирэхийг санал болголоо. Монгол нутаг танд эм болох нь гарцаагүй шүү дээ гэлээ” хэмээжээ. Хуулийн байгууллагын товлосон хугацаанд эх орондоо ирэхгүй бол интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирж мэдэх эксийг М.Энхсайхан даллах болсон нь улс төрийн хүрээнийхнийг гайхшруулаад байна.
Хонь, чоно шиг явсаар ирсэн хоёр Э-г сонгуулийн сурталчилгаа нэгтгэж чадсан ч Н.Алтанхуягийн ширээн дээрх бялууны хэлтэрхий тэдний дунд ангал үүсгэсэн юм. Улмаар эвслийг эвдэж мэдэх эрсдэл бий болсон ч асуудал удалгүй намжсан. Сангийн сайдын суудлын төлөө эксийг чин сэтгэлээсээ хайрлаж мэдэхээр байсан М.Энхсайханаас Н.Энхбаяр нүүр буруулж, Ч.Улааныг урдаа барьсан нь МҮАН-ынханд таалагдаагүй. Тэр дундаа эвслээс М.Энхсайханыг үүргэвчээ үүрээд явахад хүргэсэн. Тиймээс тухайн үед Н.Энхбаярт авлигын хэргээр ял онооход М.Энхсайхан хамгаалж дуугарах нь бүү хэл харин ч асуудал хуулийн дагуу шийдэгдэж байна гэсэн тайлбарыг өгсөн юм.
Улмаар М.Энхсайхан Х.Баттулгын дэмжлэгээр Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон ч “эзэн”-тэйгээ шөргөөцөлдөж, ажлаасаа халагдсан. Нэг хэсэг лааз өшиглөсөн тэрбээр өдгөө Тавантолгойн цахилгаан станцийн төслийн даргаар ажиллаж буй. Түүнийг ийн байх зуур Н.Энхбаяр төмөр торны цаанаас намаа удирдаж, хүссэнээрээ хөдөлгөж байв.
Эксийн эрин үе хэзээ ч дуусахгүй гэдгийг Н.Энхбаяр ба түүний албатууд байнга сануулсаар ирсэн. Ямартаа л БНСУ-д эмчлүүлж буй Н.Энхбаяр Монголын улс төрд тун удахгүй эргэн ирнэ гэх мессежийг хаваржин, зунжингаа нисгэсэн. Хаврын хавсрага, нэр нь гоёдсон эрээвэр хураавар жагсаал, улстөрчдийн жиргээтэй ирсэн энэ мэдээллийн араас хэн хүнгүй хэлэлцүүлэг өрнүүлж, “Экс Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоор дамжуулан ийм мэдээлэл өгсөн юм билээ, баттай гэсэн. Ойрын хугацаанд ирэх юм байх. Яагаа вэ, өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д албан айлчлал хийх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Цолмон нар дээрх бүрэлдэхүүнд багтсан. Энэ далимаараа тэд намын дарга Н.Энхбаяртайгаа сэм уулзаж, Монголын улс төрд хийх МАХН-ын дараагийн нүүдэл болон улс төрийн нөхцөл байдлын талаар гайгүй сайн яриад ирсэн” хэмээн ярьж намын даргаа хэзээ ирэхийг нь хуруу даран тоолж байв. Мэдээж, тэр өнөөдрийг хүртэл ирээгүй. Энэ нь хэд хэдэн шалтгаан нөхцөлтэй талаар ч улстөрчид битгий хэл хуулийн байгууллагынхан хүртэл хэлэлцүүлэг өрнүүлэх шахсан. Ямартаа л Сэлэм барилга, “Эрдэнэт” үйлдвэрт Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлөг шахаж их хэмжээний мөнгө луйвардсан хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл хүчний байгууллагынхны цайны хачир болсон. Гэхдээ тэдний үг оргүй байсан бололтой. Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий хоёр давхар байрыг эзэмшил газрыг бусдаас луйвардсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэнэ. Уг байрыг газрынх нь хамт 1.5 сая доллараар худалдан авахаар тохиролцож, улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500 мянган ам.доллар гэж тусган үлдэгдэл нэг сая ам.доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэнд онц их хэмжээний хохирол учруулсан аж. Хохирогч гэх Гинсбург нь Монголын улстөрчидтэй нэлээд ойр нөхөрлөдөг талаар мэдээлэл бий.
Юутай ч Н.Энхбаярыг эцэс сүүлд нь бор оймстой нь албадсан шигээ авчирж мэдэх нь. Энэ нь улс төрийн зорилготой талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Иргэний маргааныг эрүүгийн болгож явах гээд байна. Ний нуугүй хэлэхэд би Н.Алтанхуяг Ерөнхий сайдад гомдож байна. Хамтарсан засгийн газарт орсон намын гишүүний хувьд. Хууль зүйн сайд нь Х.Тэмүүжин, түүний найзууд нь прокурорт байна. Тэгэхээр энэ манай намын байрны асуудлыг зүгээр улс төрийн сонирхлоор шийдэх гээд байгаа юм. Н.Алтанхуяг намын даргын хувьд ийм улс төрийн асуудлыг дэвэргэхгүй байх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол МАНАН-ын хар савар одоо болтол арилаагүй байна. Тэрнээс биш Н.Энхбаяр гэдэг хүнд эрүүгийн гэмт хэрэг бол байхгүй” гэсэн байдаг. Ийм үед М.Энхсайханы үйлдэл олон асуултын тэмдгийг араасаа чирлээ.
Л.НИНЖСЭМЖИД
new.mn
URL: