ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

 10515157_815165915202333_3946427601840098144_o

Монгол улсад анх удаа Олон улсын оюутны спортын холбоо-ОУОСХ (FISU)-ны Удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо 2014 оны 8 дугаар сарын 26-28-нд зохион байгуулагдаж эхлэв. ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлын нээлтийн ёслолын ажиллагаа 8-р сарын 26-нд болж УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

Олон улсын спортын холбоодуудаас анх түрүүнд эрх барих дээд байгууллагынхаа хурлыг Монголд оронд хийж байгаад гүн талархал илэрхийлье. Энэ бол Монголын спортын гадаад харилцаа өргөжин тэлж байгаагийн нэгэн тод жишээ юм хэмээн онцолсон байна. Мөн тэрээр Монгол улс дэлхийн оюутны спортын “Универсиад-2033” наадмыг өөрийн эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгааг дурьджээ.  Учир нь Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2040 онд Улаанбаатар хотноо зуны Олимпийн наадам зохион байгуулах тухай уриалга гаргасан бөгөөд энэ хүрээнд оюутны “Универсиад” наадмыг зайлшгүй хийх шаардлагатай болсон юм.

10428178_815166145202310_2113023496989878500_o

Иймд Монголын спортын удирдлага болон боловсролын төв байгууллага, хотын захиргаа нь  ОУОСХолбоо, Универсиадыг зохион байгуулагч нартай Удирдах зөвлөлийн хурлын үеэр уулзан эртнээс хамтран ажиллах, туршлага судлах, наадамд бэлтгэх, хэтийн зорилго, төлөвлөлтөө тогтоон ажиллах саналтай байгаа ажээ. Түүнчлэн ойрын ирээдүйд Улаанбаатар хотноо зарим төрлөөр оюутны ДАШТэмцээн, Азийн оюутны спортын наадам, аварга шалгаруулах тэмцээнүүдийг хүлээн авч зохион байгуулах ба 2016 онд байт харвааны дэлхийн оюутны аваргын тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авсан байна.

Тус хуралд ОУОСХ-ны ерөнхийлөгч Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нар оролцож  байна.

Хурлаар олон улсын оюутны спортын стратеги, бодлого үйл ажиллагаа,  зохион байгуулагдсан наадам, тэмцээн мөн Универсиад наадмуудын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын ажиллагаа, 2015 оны ОУОСХ-ны Ерөнхий Ассамблейн бэлтгэл ажил, холбооны санхүүгийн асуудал, ХЭГ-ын үйл ажиллагаа, тулгарч буй асуудыг шийдвэрлэх арга зам, дараагийн Гүйцэтгэх хорооны хэлэлцэх ажил, түүний дараалал зэрэг олон талт асуудлыг авч хэлэлцэж байна.

10551452_815165538535704_5345306664705406019_o

Мөн ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльен нарын хүндэт зочдыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл хүлээн авч уулзаж Универсиад-2033 наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлтэйгээ байгаагаа илэрхилйсэн байна. Учир нь дэлхийн томоохон хотууд эхлээд оюутны  Универсиад наадмыг зохион байгуулж “шалгалтаа өгөөд” дараа нь олимпийн наадам явуулах эрхээ авдаг тогтсон жишигтэй байаг. Хөрш хоёр орны тухайд л гэхэд: Орос улс 1973 онд Москва хотноо зуны “Универсиад”-ыг зохион байгуулсны дараа  1980 оны олимпийн эрхийг авч байсан бол манай өмнөд хөрш  2001 онд Бээжин хотноо оюутны Универсиад наадмыг зохион байгуулсны дараа 2008 онд  Олимпийн наадмын эрхийг авсан түүхтэй.

Тиймээс дэлхийн оюутны “Универсиад” наадам нь олимпийн наадмыг зохиох хотын хувьд томоохон сорилт, шалгалт болж, олон улсын спортын хамтын нийгэмлэгийн өмнө олимпийн наадмыг явуулж чадах бэлтгэлтэй болохоо илтгэх арга хэмжээ юм. Ийнхүү Монголчуудын хувьд  ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо хуралдахтай зэрэгцэн 2033 оны Универсиадын бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн гэж хэлж болно.

Швейцарийн Лозаннь, Бельгийн Брюссель хотноо төвтэй ОУОСХ нь 1949 онд байгуулагдсанаас хойш эгнээндээ дэлхийн 167 орныг нэгтгэжээ. Тус холбоо нь дэлхийн 200 орчим орны 12,500 гаруй  оюутан залуус оролцдог оюутны спортын өвөл зуны “Универсиад” наадмыг 1959 оноос 2 жилд 1 удаа зохион байгуулдаг төдийгүй 100 гаруй орны 6000 оюутан тамирчдыг хамруулдаг оюутны ДАШТэмцээнийг спортын 30 төрлөөр явуулдаг олон улсын спортын нөлөө бүхий  томоохон байгууллага юм.

Монголын оюутан залуучууд 1965 оны Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны спортын IV дүгээр Универсиадад наадмаас эхлэн баг тамирчидаа оролцуулснаас   хойш 50 жилийн хугацаанд энэ 2 байгууллага харилцан, хамтран ажиллажээ.

Монголын оюутан тамирчид одоогоор дэлхийн оюутны спортын зуны 18, өвлийн 11 Универсиад наадам, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жил бүр 5-10 төрөлд баг тамирчидаа тогтмол амжилттай оролцуулж байна. Ийнхүү Универсиад наадмаас Монголчууд алт  9, мөнгө 13, хүрэл 23 нийт 45 медаль, оюутны ДАШТ- нээс алт 21, мөнгө 10, хүрэл 28 нийтдээ 59 медаль хүртсэн билээ.

ОУОСХолбоонд Монгол Улсын Оюутны Спортын Холбооны ерөнхийлөгч  Д.Баясгалан гишүүнээр ажилладаг бөгөөд 2003 оноос тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноос хойш 8 дахь жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.Хурал 2014 оны 08 сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО


URL: