МОНГОЛ УЛС 2033 ОНД ОЮУТНЫ СПОРТЫН “УНИВЕРСИАД” НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИНА

baea804fcdce5d2be56ee22679088480_x3Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа дэлхийн спортын нөлөө бүхий томоохон байгууллага болох Олон Улсын Оюутны Спортын Холбооны Удирдах зөвлөл хуралдах гэж байна. Энэхүү арга хэмжээний нээлтийн ёслолд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцож үг хэлэх бол тус холбооны удирдлагууд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл нартай албан ёсны уулзалт хийх юм. Энэ үеэр манай улсын зүгээс 2033 оны дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлт тавихаар төлөвлөж байна.

Үүнтэй холбоотойгоор Монголын спортын болон боловсролын салбарын холбогдох байгууллагууд ОУОСХолбоо тэр дундаа “Универсиад”-ыг зохион байгуулагч нартай эртнээс хамтран ажиллах, туршлага судлах, наадамд бэлтгэх зэрэг ажлыг хэтийн төлөвлөгөө, зорилтондоо тусган ажиллах юм.  Ингэснээр Монгол улс  ОУОСХ-той нягт хамтран ажиллах бөгөөд “Универсиад-2033” наадмыг угтаж, спортын олон төрлөөр Оюутны ДАШТэмцээн, Азийн Оюутны Спортын Наадам зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах гэх мэт олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Монгол улс  “Универсиад-2033” наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж эрхийг авч чадсан тохиолдолд,  хүн төрөлхөтөний спортын их баяр наадам болох 2040 оны Олимпийг эх орондоо зохион байгуулах эрхтэй болох боломж нээгдэх юм. Учир нь дэлхийн томоохон хотууд эхлээд оюутны  “Универсиад” наадмыг зохион байгуулж “шалгалтаа өгөөд” дараа нь олимпийн наадам явуулах эрхээ авдаг тогтсон жишигтэй байдаг.  Хөрш хоёр орны жишээг авч үзэхэд:

Орос улс 1973 онд Москва хотноо зуны “Универсиад”-ыг зохион байгуулсны дараа  1980 оны олимпийн эрхийг авч байсан бол манай өмнөдхөрш  2001 онд Бээжин хотноо оюутны Универсиад наадмыг зохион байгуулсны дараа 2008 онд  Олимпийн наадмын эрхийг авсан түүхтэй.

Тиймээс дэлхийн оюутны “Универсиад” наадам нь олимпийн наадмыг зохиох хотын хувьд томоохон сорилт, шалгалт болж, олон улсын спортын хамтын нийгэмлэгийн өмнө олимпийн наадмыг явуулж чадах бэлтгэлтэй болохоо нотлон харуулах итгэлийг дэлхий нийтэд төрүүлдэг арга хэмжээ юм. Ийнхүү Монголчууд ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо хуралдахтай зэрэгцэн 2033 оны оюутны “Универсиад” наадмын бэлтгэлээ хангаж эхлэв.

 


URL: