Голомт банк, Унгарын Экспорт Импортбанктай хамтран төслийн хөрөнгө оруулалт болон худалдааны зориулалттай төслийг санхүүжүүлнэ
Голомт банк харилцагчдынхаа бизнесийг дэмжиж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, олон улсад өрсөлдөх чадварыг нь бэхжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсний нэгээхэн илрэл болж2014 оны 07-р сарын 31-нд Унгарын Экспорт Импорт банктай “Дунд хугацааны зээлийн санхүүжилт”-ийн гэрээг байгууллаа.
Энэхүү гэрээ ёсоор Унгарын Экспорт Импорт банк ньУнгар Улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авах төсөл болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой болж байгаа юм.
Мөн хамтын ажиллагааны үр дүнд, хоёр талын банкууд Унгар Улсаас Монгол Улсад орж ирэх экспортын бүтээгдэхүүнүүд болох эмнэлгийн тоног төхөөрөмж, байгаль орчин, ус хамгаалах тоног төхөөрөмж болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийн импортыг дэмжин ажиллахаар болжээ.
Энэхүү гэрээг Голомт банкны Хөрөнгө оруулалтын газар хариуцсан Тэргүүн дэд захирал Л.Болормаа болон Будапешт хотод байрлах Унгарын Экспорт Импорт банкны Тэргүүн дэд захирал Андрэс Пушкас, Худалдааны санхүүжилт хариуцсан захирал Солт Демко-Зекэрэс нар үзэглэсэн байна.
Мөн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Будапешт хот дахь Монгол Улсын Элчин сайдын газар болон Унгарын Эдийн засгийн яамны төлөөлөгчид оролцжээ.
Голомт банкны Хөрөнгө оруулалтын газар хариуцсан тэргүүн дэд захирал Л.Болормаа ёслолын арга хэмжээний үеэр хэлэхдээ:
“Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк Унгар улсаас бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирж буй компани аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллах болно. Голомт банк хоёр улсын хоорондын эдийн засаг бизнесийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх боломжтой болж буйдаа туйлын баяртай байна” гэсэн байна.
Голомт банк, Унгарын Экспорт Импорт банкны байгуулсан “Дунд хугацааны зээлийн санхүүжилт”-ийн гэрээ нь Унгар, Монгол Улсын эдийн засаг, бизнесийнодоогийн харилцааг улам батжин бэхжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт 2 тал итгэлтэй байна.
URL: