”Энэ бол осол биш. Террорист ажиллагаа”

a70ad81bd684fcafbigМалайзын иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоц зэвсэгт мөргөлдөөний голомт болсон Зүүн Украйны нутаг дэвсгэрт осолдсоны улмаас 298 хүн амь эрсэдлээ. Нисэх онгоц газраас харвасан пуужинд оногдож осолдсон гэдгийг албаны хүмүүс баталсан бөгөөд Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко болсон явдлыг онгоцны осол биш харин террорист ажиллагаа гэж буруутгасан байна.

Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг Зүүн Украйн дахь Оросын талыг дэмжигч зэвсэгт босогчид, хилийн дагуу байрлаж буй Оросын болон Украйны армийн аль нь пуужингаар харваж унагасан болох нь тодорхойгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден Боинг 777 онгоцыг санаатайгаар пуужингаар харваж унагасан гэж мэдэгдсэн. Нидерланд, Малайзын засгийн газар ослын шалтгааныг олж тогтоох ажлын хэсэг томилсон бөгөөд ОХУ болон Украйны засгийн газартай хамтран ажиллана гэж мэдэгджээ. Харин Украйны эрх баригчид онгоцыг Оросын талыг дэмжигч босогчид харваж унагасан гэж тайлбарлаж байна. Босогчид онгоцыг Украйны армийн хангамжийн онгоцтой андуурсан байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Хэргийн талаар Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко, “Энэ бол осол биш. Харин террорист ажиллагаа байсан гэдгийг би онцлон тэмдэглэхийг хүсч байна.” гэжээ. Мөн  Украйны Тагнуулын албаны дарга Валентин Налывайченко, “Энэ хэргийг хэн үйлдсэн нь тодорхой. Бид Оросын тагнуулын алба болон босогчдын хоорондын утасны яриаг бичиж авсан. Оросын гэмт хэрэгтнүүд энэ хэргийг үйлдсэн нь тодорхой байна” хэмээжээ.

Боинг 777 онгоц агаарт 10,000 метрийн өндөрт нисч явах үедээ ОХУ-д үйлдвэрлэгдсэн Бук загварын пуужинд оногдсон байна. Энэ төрлийн пуужинг Орос, Украйны армийн аль аль нь ашигладаг юм. Бук загварын пуужин нь ажиллуулахад их төвөгтэй учраас өндөр түвшинд бэлтгэгдсэн цэргийн албан хаагч нар л харвах боломжтой гэж шинжээчид тайлбарласан. Донецкийн Ардын Бүгд Найрамдах Улсын ерөнхий сайд гэж өөрийгөө өргөмжилсөн Александр Бородай манай босогчид онгоц руу пуужин харваагүй гэж мэдэгдээд олон улсын шинжээчидтэй хамтран ажиллахад бэлэн гэж хэлсэн байна. Украйны нислэгийн хяналтын алба өдрийн 14 цаг 15 минутын үед Малайзын иргэний агаарын тээврийн МH17 онгоцтой холбоо тасарсан бөгөөд онгоц тэр үед Орос-Украйны хилээс 50 километр зайтай нисч явсан байна. Уг онгоц Нидерландын нийслэл Амстердам хотоос Малайзын Куалу Лумпур хотыг чиглэн нисч явжээ. Онгоцонд арван улсын иргэд зорчиж явсан гэж албаны хүмүүс мэдээлсэн бөгөөд Нидерландын 154, Малайзын 43, Австралийн 27, АНУ-ын 23 иргэн амь эрсэдсэн гэдэг мэдээлэл байна.

Г.Баяр

- See more at: http://world.time.mn/content/47546.shtml#sthash.xM2NA6af.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих