“IPO” гаргасан компаниуд 117 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон байна
Энэ оны эхний хагаст дэлхий даяар компаниуд нийт 588 “IPO” гаргаж, 117 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон талаар “Ernst & Young” агентлагаас мэдээллээ. Энэ онд гаргасан “IPO”-ийн хэмжээг өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 60 хувиар нэмэгдэж, сүүлийн долоон жилд байгаагүй өсөлтийг харуулсан байна.
Гэхдээ 2014 онд анхдагч зах зээлд гарсан хувьцаануудын ханш буурсныг тайланд онцолжээ. Тухайлбал “Candy Crush” тоглоомыг хөгжүүлсэн “King Digital Entertainment” компани “IPO” гаргасан эхний өдөр хувьцааны ханш нь 15 хувиар буурсан байна. “Ernst & Young”-ийн мэдээлснээр АНУ, Лондон болон Хонгконгийн Хөрөнгийн биржид гаргасан “IPO”-ийн дундаж ашиг бүгд уналттай гарчээ.
Хувьцаануудыг салбараар нь задалж үзвэл эрүүл мэндийн салбар хамгийн олон “IPO” гаргасан бол технологийн салбарын “IPO” өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Харин эрчим хүчний салбар хамгийн их хэмжээний хөрөнгө буюу 17.6 тэрбум ам.доллар босгожээ.
Хөрөнгө босголтыг бүс нутгаар нь авч үзвэл Европт 40, Ази, Номхон далайн орнууд 32, АНУ 23 хувийг бүрдүүлсэн байна. Хэдийгээр Евро бүсийн “IPO”-ийн тоо буурах хандлагатай байгаа ч босгосон хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлжээ. Шинжээчид “IPO”-ийн хөдөлгөөн жилийн хоёрдугаар хагаст идэвхжинэ гэсэн хүлээлттэй байгаа аж. Тухайлбал БНХАУ-ын онлайн худалдааны хамгийн том компани болох “Alibaba” групп анхдагч хувьцаагаа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид наймдугаар сард гаргахаар хүлээгдэж байна. Тус компанийн “IPO” технологийн салбарын түүхэн дэх хамгийн том “IPO” болох төлөвтэй байгаа юм.
www.mgltimes.com
URL: