Уух усаа бохироор урсгасаар байх уу

Ууж хэрэглэдэгтэй адил ус бохирын шугамаар урсдаг-

Төрийн зүгээс 40, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Өнгөрсөн онд гэхэд 9488 айлын 132 барилга ашиглалтад оржээ. Орон сууцанд амьдрах өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр цэвэр усны хэрэглээг Туул голын сав дахь нөөц хангаж чадахгүйд хүрээд байна.

Орон сууцанд амьдарч байгаа нэг хүн өдөрт 230-350 л ус хэрэглэдэг бол гэр хороололд байгаа хүн 4-8 литрийг ус хэрэглэдэг байна. Засгийн газрын хийсэн судалгаагаар өдөрт хэрэглэх усны хэмжээ одоогийн байдлаар 200 гаруй мянган шоо метр байгаа хэдий ч 2020 онд 438 мянга, 2050 онд 708 мянган шоо метр болж өсөх хандлагатай гэжээ. Одоо ашиглаж байгаа худгууд нь бүх хүчин чадлаараа ажиллахад өдөрт 300 мянган шоо метр усаар хангах боломжтой.

Гэтэл цэвэр усны хэрэглээ энэ хүчин чадлаас давж, усны хомсдолд орж эхлээд байна. Хомсдол нүүрлээд байгаа учир хэмнэлт шаардлага хэн бүхний өмнө тулгарч байна. Орон сууцанд амьдрагсад нэг удаа шүдээ угаахдаа усаа хаалгүйгээр хэрэглэхэд 10 литр ус урсан оддог бол нэг удаа 15 минут шүршүүрт ороход дунджаар 200 литр ус бохирдуулдаг байна. Уг нь шүдээ угаахдаа нэг аяга ус хэрэглэж, биеэ угаахдаа усаа хаавал 150 хүртэл литр хэмнэж болохоор ажээ. Энэ мэт ахуйн хэрэглээнийхээ усаа гамнах нь хүний ухамсартай салшгүй холбоотой.

Харин төрийн зүгээс цэвэр усны хэмнэлт хийх алхмыг хийх шаардлагатай байна. Тухайлбал, 00-н усыг хэмнэж болно. Бохирын шугамаар ууж хэрэглэдэгтэй адил цэвэр ус урсдаг. Цэвэр усаа бохир руу урсгадаг байдлыг өөрчлөх цаг нэгэнт иржээ. 00-ын усыг 100 хувь цэвэрлээд дахин ашиглаж болно. Улаанбаатарын 110 мянга гаруй өрх орон сууцанд амьдардаг. Нэг өрх дунджаар таван ам бүлтэй гэж тооцвол өдөрт хамгийн багадаа 200 литр ус хэмнэнэ. Энэ зөвхөн өрхийн хэмжээнд.

Цаашлаад албан газар, байшин барилга бүрийн 00-ын усыг хэмнэвэл хэдэн мянган тн болох нь дамжиггүй. Нийслэл хотын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын сав газраас хангадаг дөрвөн эх үүсвэр байдаг аж. Улаанбаатарын усан хангамжийг төвийн эх үүсвэрийн “А”, үйлдвэрийн районы эх үүсвэр буюу “Б”, мах комбинатын “В”, дэд эх үүсвэр “Г” станц хэмээн хуваадаг байна. Тодруулбал, Туул голын сав газрын дагуу байгаа 160-170 гүний худгаас усаа татаад нийслэлчүүдийн ундны, ахуйн, үйлдвэрийн, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны иргэдийн хэрэгцээг хангадаг байна.

Нийслэлчүүдийн нэг хоногт “үйлдвэрлэдэг” бохирын ус болох 200-гаад мянган тн усыг Төв цэвэрлэх байгууламж цэвэрлэдэг. Гэтэл зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай энэ байгууламж руу үйлдвэрийн асар их бохирдолтой усыг оруулж байгаагаас болоод ачааллаа дийлэхээ болиод байгаа. Бохирдсон усыг 80 гаруй хувьтай л цэвэрлээд Туул гол руу хаядаг. Уг нь ус урсгалаараа өөрөө өөрийгөө цэвэрлэдэг “байгууламж”.

Гэтэл Туул гол Лүнгийн гол цаашлаад Орхон голд цутгатлаа цэвэршиж чадахгүйд хүрчихсэн. Хатан туул гэгддэг Туул гол “өндөр бохирдолттой” гэсэн нэр хаягтай болоод байгаа. Олон улсад цэвэрлэх байгууламж нь бохир усыг гурван үе шаттайгаар цэвэрлэдэг байна. Нэгдүгээрт, механик буюу бохир усны шугамаар ирсэн усыг шүүж тунгаах замаар цэвэрлэх. Хоёрдугаарт, тунгааж шүүсэн усаа бичилт биетийн тусламжтайгаар биологийн цэвэрлэгээ хийдэг. Гуравдугаарт, химийн цэвэрлэгээ хийдэг аж.

Ингэж химийн цэвэрлэгээ хийгдсэн усыг дахин ашигладаг байна. Манай улсын Төв цэвэрлэх байгууламж одоогоор химийн цэвэрлэгээг одоогоор хийдэггүй. Хэрэв химийн цэвэрлэгээг хийдэг бол энэ усыг 00-д дахин ашиглах боломжтой байдаг ажээ. Төв цэвэрлэх байгууламжийн усыг химийн бодисоор цэвэрлэж, дахин айл өрх, албан газрын хэрэглээнд “явуулдаг” болоход багагүй хөрөнгө шаардагдана.

Гэхдээ өдгөө ийм болгох нь ирээдүйд цэвэр ус эрж хайж, зарцуулах хөрөнгө мөнгөтэй харьцуулахад бага байх нь ойлгомжтой. Ямартай ч төр, засгийн зүгээс бохирын шугамаар ууж хэрэглэдэгтэй адил цэвэр ус урсдаг байдлыг өөрчлөх нь хойшлуулшгүй ажлын нэг мөн болоод байна.

Д.Навчаа


URL:

Сэтгэгдэл бичих