Автобусыг хийн түлшинд шилжүүлэх 3.5 тэрбум хэний халаасанд орсон бэ?

 422

УИХ хууль баталдаг. Харамсалтай нь баталсан хуулиа хэрэгжүүлдэггүй тохиолдол олон юм. Одоогоос гурван  жилийн өмнөөс нийтийн тээв­рийн автобусуудыг хийн түлшинд шил­жүүлж, агаарын бохирд­лыг бууруулах ажлыг эхлүүлсэн. Багагүй төсөв өртгөөр санхүүжүүлсэн уг ажлын үр дүнг нийслэлчүүд одоог хүртэл хүртээгүй байна. Гурван жилийн өмнөх ажил одоо ямар байгааг эргэн сурвалжиллаа.

  ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАЛТЫН АЖИЛ 2011 ОНД ЭХЭЛЖЭЭ

  2009 онд агаарын бохирдлыг нийтийн тээврийн хэрэгслээр дамжуулан бууруулж болох ажлыг санаачлан хууль, тогтоомжийн хүрээнд авч үзсэн. Тодруулбал, УИХ-аар 2009 онд Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн батлахад “Хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэрлэлт үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахилгааны эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгсэл ашиглана” гэх заалтыг оруулсан байдаг. Энэ хүрээнд УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт мөн л том оврын 800, бага оврын 1500 автобусыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэхээр заажээ. Үүний эхлэл болгож “Цэвэр агаар” сангаас нийтийн тээврийн автобусанд шатдаг хийн нэмэлт төхөөрөмж суурилуулах ажлын тендерийг 2011 оны наймдугаар сарын 19-нд зарласан байдаг. Уг тендерт “Тур телеком” гэх компани Украйны нэгэн компанитай хамтарч тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах эрхийг авч, тухайн оныхоо арванхоёрдугаар сард ажлаа эхлүүлсэн байна. Гэрээ ёсоор төхөөрөмж суурилуулах 400 автобусаас 250 нь “Автобус-1”, “Автобус-2” болон “Цахилгаан тээвэр” компанийнх байж. Харин үлдсэн нь хувийн долоон компанийн автобус байв.

МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРОХГҮЙ БОЛОВ

“Тур телеком” компани эхний ээлжинд төрийн өмчит компаниудад төхөөрөмжөө суурилуулж эхэлжээ. Автобус компаниудын хэлж буйгаар төд удалгүй хүндрэл гарч эхэлсэн гэнэ. Гүйцэтгэгч компанийнхны хамтрагч нь украйн компани байсан учир тоног төхөөрөмж нь тус улсынх. Харин манайхны автобусууд Солонгосын “Daewoo” маркийнх. Тиймээс “Daewoo” автобусанд зориулсан тоног төхөөрөмж биш учир наад захын боолт бэхэлгээ тохирохгүй, цаашлаад аюулгүй ажиллагааны стандарт байгаагүйгээс уг ажил нэг хэсэгтээ зогсчээ. Өөрөөр хэлбэл, төхөөрөмж нь манай орны нөхцөлд ажиллаж болох туршилт хийгээгүй, ажиллуулах журам стандартгүй ирснийг нийтийн тээврийнхэн онцолж байна. Тиймээс энэ байдлаа инженер техникийн ажилтнууд холбогдох хүмүүст удаа дараа мэдэгдэж. “Хүнээ сургая, аюул­гүй ажиллагааны заав­рыг боловсруулж өгөөч” гэсний эцэст суурилуулалтын технологи, чанар нь дээрдсэн ч заримыг нь монголчлох шаардлагатай болжээ.

ТУРШИЛТ АМЖИЛТГҮЙ БОЛСОН НЬ

Харин дээд байгууллагаас автобус компаниудад удаа дараа “Ажлыг үг дуугүй гүйцэтгэ” гэсэн шахалт, шаардлага ирснээр туршилтын ажлыг эхлүүлсэн гэнэ. Тодруулбал, өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 19-нд “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийн тус бүр хоёр автобусыг туршиж үзжээ. Анх хийн түл­шинд шилжүүлэх тө­хөөрөмжийг “Автобус-1” болон “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компани суурилуулж, турших ёстой байв. Гэвч “Автобус-1” компанийхан энэ ажлаас татгалзаж, бүх ажил болсны дараа компанидаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэнийг эх сурвалж хэлж байна. Туршилтаар “Цахилгаан тээвэр”-ийн хоёр автобусны дизель түлшний зарцуулалт 10 хувиар буурсан бол “Автобус-3”-ийнханд хэмнэлт гараагүй гэнэ. Харин “Тур телеком” компаниа 10 битгий хэл 20, 30 хувиар дизель түлшний зарцуулалт буурсан хэмээн тооцоолсон гэнэ. Түүнчлэн агаарт хаягдаж байгаа түлшний хаягдал 97 хувиар буурч байна дүгнэжээ. Компаниуд ажлын дүнгээ салбарын яаманд танилцуулахад харилцан адилгүй дүгнэлт гарсан учраас дахин туршилт явуулахыг үүрэгджээ. Гэвч үүнээс хойш буюу хоёр жилийн өмнөөс автобус компаниудад ямар нэ­гэн ажил урагшлаагүй бо­лохыг тэд дуулгалаа.

“ТУР ТЕЛЕКОМ” КОМПАНИД АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Гүйцэтгэгч компани “Тур телеком”-ийнхан 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авчихсан гэнэ. Гэтэл автобус компаниудын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол Монголын нөхцөлд тохирохгүй төхөөрөмжүүд нь туршилтаар баталгаажаагүй байна. Харин энэ тухайд гүйцэтгэгч компанийн зүгээс “Том оврын автобусанд төхөөрөмжүүдээ суурилуулчихсан. Ажиллуулахад бэлэн. Хувийн хэвшлийнхнийг хүлээж байна” хэмээн тайлбарлаж байна. Гурван жил дамнан үргэлжилсэн тус ажлын гүйцэтгэл одоо хэр нь үр дүнгээ өгөөгүй байгаа нь олон хүний дунд хардлага төрүүлэх болсон. “Тур телеком” компанийн оруулж ирсэн төхөөрөмж нь гаднын цөөхөн улсад хэрэглэгддэгээс гадна манай улсын нийтийн тээврийн автобусуудад тохироогүй. Дээр нь төхөөрөмжүүдээ өндөр үнээр үнэлсэн гэх хардлага ч байдаг юм байна. Тодруулбал, нэг автобусанд тавих төхөөрөмж 5.6 сая төгрөг буюу 3250 евро, суурилуулах хөлстэйгөө нийт 8.5 сая төгрөг гэж тооцоолжээ. Харин уг төхөөрөмж нь олон улсын зах зээлд энэ үнээсээ гурав дахин бага үнээр худалдаалагддаг тухай зарим хэвлэлүүд онцолсон байна. Ямартаа ч саяхан Үндэсний аудитын газраас тус компанид албан шаардлага хүргүүлжээ.

АВТОБУСНЫ НАСЖИЛТ ТАЛДАА ОРЖЭЭ

Автобус компаниудын хувьд мартагдах дөхсөн 3.5 тэрбумын үнэтэй төхөөрөмжүүдийн үрийг нийслэлчүүд хэзээ амсах нь тодорхойгүй байна. Хангалтгүй туршигдсан төхөөрөмжүүд, баригдаа­гүй хийн түлшний станцууд,  автобус компаниудын парк шинэчлэл гээд энэ ажилд тулгамдсан асуудал олон байгаа бололтой. Гэтэл тун удахгүй автобусууд нь актлагдах цаг болжээ. Солонгосоос 2009 онд оруулж ирсэн “Daewoo” автобусны насжилт 10 жил буюу 450 мянган км замыг туулах ёстой гэнэ. Гэтэл зарим автобус нь аль хэдийнэ 300 орчим мянган км замыг туулчихжээ. Тэгэхээр гурав, дөрвөн жилийн дараагаас эхний автобусууд хийн түлшний нэмэлт төхөөрөмжүүдтэйгээ ашиглалтаас гарах бололтой. Нийтлэлийн эхэнд дурдсан хууль, тогтоол санаачлагчид 2009 оны Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн заалтууд 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр амалж байсан. Бүр болоогүй эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр агаарын бохирдол 20 хүртэлх хувиар буурна гэцгээж байлаа.

Б.ЗАЯА

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих