Ялгааны шорон үүсч 80 хоригдол өлсгөлөн зарлажээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 409-р хорих ангид 80 орчим хоригдол өлсгөлөн зарласан талаар “Өдрийн сонин”ы өнөөдрийн дугаарт нийтлэгджээ.
Тэд “Монгол улсын ямар ч хуулинд байхгүй ялгааны шорон 409-р ангид бий боллоо. Энд хоригдлуудыг мөнгөтэй,мөнгөгүйгээр нь ялгаж,хуулийн хугацаа нь болсон зарим хоригдлын дэглэмийг буруулахгүй магадланд оруулахгүй байна” хэмээн ийнхүү өлсгөлөн зарлаад байгаа аж. Мөн тэдгээр хоригдлуудад махны үйлдвэрийн муудсан махаар хоол хийж байна энэ байдлаа зогсоо гэж тус хорихын удирдлагуудад асуудлыг тавьж байгаа гэнэ. Тэд өлсгөлөн зарлаад хоёр хонож байгаа бөгөөд хорихын удирдлагууд хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм.
Өлсгөлөн зарлаад байгаа 80 хоригдлыг өнгөрсөн оны сүүлээр бусад хорих ангиудаас татаж авчирсан байна. Хоригдлуудын дийлэнх нь 5-25 жилийн ялаар шийтгүүлсэн хүмүүс гэнэ. Тэднийг өмнөх хорих ангийнхаа удирдлагуудын тушаал шийдвэрийг эсэргүүцэж, хэл ам таталдаг байсан хэмээжээ. Тиймээс хэл ам таталдаг бас бусдыгаа захирах гээд байдаг хорих ангийн болохгүй хүмүүсийг тус хорих ангид ийнхүү хорьж байгаа гэнэ.
Хоригдлууд ар гэрийнхнээрээ дамжуулан Хүний эрхийн коммист хандсан байна. Харин Хүний эрхийн коммиссынхон “Албан ёсоор өргөдлөө гарга. Хэн яаж хохироод байгааг нэр устай нь бичээд ир” гэжээ. Гэвч хоригдлууд хэрэв нэр усаа бичиж өргөдөл өгвөл хорихын удирдлагууд дарамтлана. Тиймээс 80 хүн бүгд өлсгөлөн зарлахаар болсон аж.
ШШГЕГ-ын хэвлэл мэдээлийн алба “одоохондоо энэ талаар мэдээлэл ирээгүй. Ташаа мэдээлэл байна“гэжээ.
Б.Оргил new
URL: