Голомт банкны “Сансар бизнес төв”-ийн шинэ байрны нээлт боллоо
Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн чиг хандлагад тулгуурлан салбар сүлжээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь чадавхижуулах зорилтоо улам бүр бататган ажиллаж байна. Үүний нэгээхэн илрэл болж энэ сарын 15-нд Голомт банкны “Сансар бизнес төв” шинэ байрны нээлтээ хийн, харилцагч үйлчлүүлэгчиддээ үүд хаалгаа нээлээ.
Баянзүрх дүүрэг нь нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг төдийгүй энэ хирээр олон байгууллага аж ахуйн нэгж төвлөрдөгөөрөө онцлогтой юм.
Иймд “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк нь одоогоос 14 жилийн өмнө буюу 2000 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянцээл худалдааны төвийн байранд, өөрийн ууган салбаруудын нэг болох Сансар салбараа нээж байсан түүхтэй.
Голомт банкны түүхийн хуудаснаа 2 дахь салбар хэмээн албан ёсоор тэмдэглэгддэг “Сансар бизнес төв” нь Монголд анх удаа 24 цагийн банкны үйлчилгээг иргэдэд үзүүлж байсан онцлогтой. Мөн анх 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ харъяа 2 касстай, нийт 45 ажилтантайгаар өдөртөө 1000 гаруй хүнд үйлчилж байна.
Ийнхүү өдрөөс өдөрт өргөжин дэвжиж байгаа их хотын хөгжлийг даган Голомт банк “Сансар бизнес төв”-ийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн, шинэхэн барилгаа ашиглалтанд оруулснаар иргэд харилцагчид тав тухтай, найрсаг орчинд банк санхүүгийн шилдэг үйлчилгээг түргэн шуурхай авах өргөн боломж нээгдэж байна.
URL: