Газрын наймаачдын гар хөл нь газрын албаныхан



Д. Баярсайханы гэр бүл газрын тухай хуулийг уландаа гишгэж байна

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Л.Найдан болон Газрын албаныхны  газрыг мөнгө болгодог хүн нь Д.Баярсайхан гэж ойлгогдоно. Газрыг том хэмжээгээр авах эрх мэдлийг дүүргийн газрын албаныхан, Засаг дарга нь баталгаажуулдаг. Ингэснээр Д.Баярсайхан томоохон хэмжээтэй газар олж аваад айл өрхөд зуслангийн зориулалтаар жижиглээд зараад бүр гаршчихсан хүн. Нэг айлын газрыг 3.5-5.0 сая төгрөгөөр зарж ашгаа газрын албаныхантай хувааж авдаг. Тиймдээ ч тэд газрын маргаан гаргасан иргэдийн зүгээс шүүх, хуулийн байгууллагаар явахаар “Та нар юу ч олж долоохгүй. Шүүхээрээ шийдээд ав” гэж басамжилдаг гэж байгаа. Дүүргийн анхан шатны шүүх хурал дээр очоод иргэд “бүдэрдэг” нь ч өнөөх газрын албаныхан шүүгчидтэй хэрхэн гар хөл болж ажилладаг нь илэрхий. Эндээс газар яаж олгодог, хэрхэн хуваарилдаг булхай харагдаж байгаа юм. Нэг танил эрхэм “Амьдралдаа зургаан удаа газар хүсч өргөдөл өгч үзсэн. Нэг ч удаа би олигтой хариу авч үзээгүй. “Олгохгүй байгаа, байхгүй, өгөхгүй” гэсэн хариу хэлдэг” гэж халаглаж суухтай таарч байв.

Өргөдлийн хариу өгөхгүй удахаар нь дүүргийн газрын албандаа очоод сураглахаар өгсөн өргөдөл нь алга болчихдог аж. Энэ явдал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Цагаан бургастайн нэгийн 1 тоотод амьдарч буй С.Цэнд-Аюушийнд мөн давтагдсан байна. Газраа булаалгахдаа тулж хөөгдөж туугдсан хоёр хөгшин ядаж бэлчээрийн газар олгохгүй юм бол 0.07 га газраа авах талаар удаа дараа дүүргийн газрын албандаа газар хүссэн өргөдөл өгөхөд “Алга болсон байна” гээд шийдвэрлэж өгдөггүй байна. Гэтэл дээрх хүмүүс компани байгуулаад л хэдэн ч га талбай бүхий газар авчихдаг. Тэр байтугай компанийх нь гэрчилгээ гараагүй байхад газар хүссэн өргөдлийг нь хүлээж аваад газар олгодог. Тухайлбал, 2005 онд “Байка трейд” гэж компани байгуулагдаад 2006 онд Цагаан бургастайн аманд 40 га газар авсан байдаг. Газрын наймаачин гэгдэх Д.Баярсайхан Пагмажав нар нэг гэрийн хоёр юм. Тэд дахиад “Тайган өндөр” гэж компани байгуулаад өнөөх 40 га газраа энэ компанийн нэр дээр шилжүүлсэн. Мөн Цагаан бургастайн амнаас “ДББД” компани 10 га газар эзэмшдэг. Уг 10 га газрыг шүүгч Даваасүрэнгийн нэр дээр авсан гэдэг. Түүний дараа “Кэрцэн” гэж компани байгуулаад дээрх 40, 10 га газрыг нэгтгэж тус компанийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл “Тайган өндөр” компани нь Баярсайханы эхнэрийнх нь нэр дээр байдаг. “ДББД” компани нь мөн түүний хүү  Булганы нэр дээр бүртгэлтэй. Хамгийн сүүлд байгуулагдсан “Кэрцэн” хэмээх компани нь хүү Булганы эхнэр Хулангийн нэр дээр байх юм. Өөрөөр хэлбэл, аав ээж хүү бэр дөрөв компани байгуулчихаад бие биедээ газар шилжүүлээд ямар ч газрын төлбөр төлдөггүй, газрын тухай бүх хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн үг. “Кэрцэн” компани анхнаасаа л хууль бус үйлдэл гаргасныг баримт нотолно. 2010  оны долдугаар сарын 15-нд 205 тоот тушаалаар “Кэрцэн” компанийн нэр дээр 50 га газрыг шилжүүлсэн байна. Гэтэл “Кэрцэн” компани нь 2010 оны зургадугаар сард байгуулагдсан байх юм. Цаашлаад албан бичиг дээрээ 2010 оны тавдугаар сарын 20-ны өдөр газар эзэмших тухай хүсэлт гаргажээ. “Манайх цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан компани учраас “Тайган өндөр”, “ДББД” компанийн нэр дээр байгаа газрыг манайд шилжүүлж өгнө үү” гэж хүсэлт гаргасан байхад “Керцэн” компани нь 2010 оны зургадугаар сарын 17-нд байгуулагдсан байна. Тухайлбал, компани байгуулагдахаасаа өмнө газар эзэмших хүсэлтээ гаргасан байна гэсэн үг. Мөн “Кэрцэн” компанийн газар эзэмших гэрээ байна. Энэ нь 2010 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хийсэн байх аж. Энэ нь компани байгуулаагүй байхад гэрээ байгуулж, газар эзэмших хүсэлт гаргасан байх юм. Үүнийг газрын албаныхан мэдэхгүй байх боломжгүй. Ийм үндэслэл ч байхгүй.  Гагцхүү үүний цаана нэг гэр бүлийн дөрвөн гишүүн газрын албаныхантай хуйвалдаад тус бүр  компани байгуулж бие биедээ бэлэглэснээр газрын татвар төлөхөөс бултаж, хэсэгчлэн зарж иддэг байх юм.
Тухайн газрыг компанийн нэр дээр авахдаа том талбайгаар аваад дараа нь кадастрын зураг гаргуулахдаа нэг айлын хэмжээгээр хувааж дугаарласан байдаг. Энэ нь сүүлд хүмүүст зарахад амар байдаг бололтой. Дээр бичсэн 50 га газар бол зөвхөн нэг уулын аманд илэрсэн зөрчил. Түүгээр тогтохгүй 361 дүгээр гармын дэргэд Баярсайханы эзэмшлийн нэлээд газар байгаа аж. Энэ талаар түүнтэй утсаар холбогдож газар сурагласан юм.

-Сайн байна уу. Баярсайхан ах уу. Би байшин барихаар газар хайгаад байгаа юм аа?

-Газар байгаа. Хаагуур байвал зүгээр юм. “Найрамдал” зуслангийн хажуу тал руу байвал зүгээр юм уу гээд сонирхоод явж байна.
-Наад хавиар чинь мэр сэр газар бий. Гэхдээ төмөр замын 361 дүгээр гармын тэнд газар байгаа. Ер нь байшин барихаар газар бий шүү. Чи миний утсыг хэнээс авав.

-Ганбаа ахаас авлаа.

-Ямар Гамбаа?

-Халдварт өвчин судлалын төвийн эмч Гамбаа ах.

-Аан за, газар сонирхож байгаа бол үзэж болно.

Бидний дунд иймэрхүү яриа өрнөв. “Бай­шин барих газар бий шүү” гэж дахин давтаж байхыг бодвол хотын төвд газар байх магадлалтай болж таарав. Ер нь л олон газар санал болгож байдаг шүү.

Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Баруун туруун гэх газрын өмнөхөн 2-3 га газар авч зарсан байна. Мөн “Найрамдал” зуслангийн хажуу дахь Хулстайн аманд компанийн нэр дээр том газар аваад Халдвартын эмч нарт жижиглээд зуслангийн газар болгож заржээ. Энэ газрыг Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дэд даргаар ажиллаж байсан М.Батсайхан олгосон байна. Тэрбээр одоо нийслэлийн газрын албанд ажиллаж байгаа юм байна.

Сүүлийн хэд хоног Нийслэлийн газрын албанаас иргэдэд газар эзэмшүүлэх талаар зурагтаар сурталчилгаа цацаж эхлэв. Газраар “цангасан” нийлэлчүүд бүгд л өнөөх газар эзэмших хүсэлтээ бариад тэднийг зүглэх нь ойлгомжтой. Бодвол “Газрын наймаачидтай газрын албаныхан хамжиж бизнес хийгээд байна” гэхээр хариу барьж байгаа нэг хэлбэр байх л даа. Харамсалтай нь газар олгох хүснэгтийг харж байхад нийслэлийн гэр хорооллын жалга судаг, уулын орой дээр байрлалтай газар байх юм. Үнэхээр тэр газруудад хүн амьдрах зам талбай, өндөр хүчдэл огт байхгүй юм билээ. Цахим хуудсуудаар иргэд үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. “Аль боломжгүй газруудад газар олгоно гэж байна. Энэ бол зүгээр л нэг шоу” гэж бухимдах нэгэн цөөнгүй байна.

Түүнчлэн газрын албаныхан газрын дээрэмчдийн “Гарыг ганзаганд” хүргэж, бизнес болгон цэцэглүүлж байгаа байдлаас харахад үнэхээр төр болон газрын алба иргэдийнхээ эсрэг үйлдэл хийгээд байгаа юм биш үү гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.

Б. Цэцэгдэлгэр

URL:

Сэтгэгдэл бичих