ТОНИ БЛЭЙР МОНГОЛ РУУ ГҮЙДЭЛТЭЙ БОЛСНЫ УЧИР ЮУ ВЭ
Монголын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр хувийн онгоцоороо Монголд ирээд, өчигдөр буцлаа. Энэ удаа тэрбээр гурав дахиа ирж байна. Тэрбээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзаагүй бололтой. Албан ёсны ямар нэгэн мэдээ алга. Албан бус мэдээллээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй уулзсан сурагтай. Гэхдээ Засгийн газрын хэвлэлийн албаныхан үгүйсгэв. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай “Маршал”-д үдийн зоог барьж, үдээс хойш нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой уулзаж ярилцсан байна. Н.Батбаяр сайд уулзалтынхаа талаар бас л нууцлав. Ноён Блэйрийн баг манай улсын боловсрол, эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөх, орон сууцны санхүүжилт гэсэн таван чиглэлээр бодлого гаргахад зөвлөхөөр ажиллаж байгаа талаар нэлээд сүүлд Засгийн газраас мэдээлсэн билээ.
Ирэх жилүүдэд улс төрийн байдал яаж эргэхийг мэдэхгүй ч дээрх салбаруудад ахиц дэвшил гараасай гэж найдаж буйгаа Тони Блэйр МАН-ын бүлгийн даргатай уулзахдаа илэрхийлсэн байна. Харин С.Бямбацогт англи ахдаа “Сүүлийн нэг жилд гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар доошилж, Засгийн газрын өр 100 орчим хувиар нэмэгдсэн. Иргэдийн худалдан авах чадвар 25 хувиар буурч, эдийн засгийн өсөлт нэг оронтой тоонд очих хүндхэн нөхцөл үүслээ. Манай МАН хамтарсан Засгийн газар байгуулж, Оюутолгой, Тавантолгой, төмөр замын төслүүдийг хөдөлгөөнд оруулж, аймгийн төвүүдийг авто замтай холбосон. Үр дүнд нь эдийн засаг өндөр өсөлтөд хүрч, иргэдээ орон сууцжуулах, ажлын байраар хангах, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх санхүүгийн боломж нээгдсэн. Гэтэл нэг жилийн дотор энэ бүх төслийг улстөржүүлэн зогсоосноор сөрөг нөлөөллүүд гарах боллоо” гэхчлэн алтан хошуу өргөжээ. Дэлхийн тэргүүлэх их гүрний нэг Английн Ерөнхий сайд байсан, нөлөө бүхий улстөрч Тони Блэйр Монгол руу гүйдэлтэй болсны учир юу вэ? “Тони Блэйр” сангийнхан өмнөх Ерөнхий сайд С.Батболдын үед хамтын ажиллагааны санал тавьж, жилийн өмнө буюу 2013 оны гуравдугаар сарын 22-нд Монголд айлчлах үеэрээ Засгийн газартай гэрээ байгуулсан билээ.
Түүнийг Монголын Засгийн газарт зөвлөх болсон талаар гаднын хэвлэлүүд янз бүрээр бичиж байв. “Монгол болоод Англи, Австралийн “Rio Tinto” группийн хооронд дэгдсэн Оюутолгойн маргааныг цэгцлэхэд зуучлах зорилготой”, “Rio Tinto”-гийн өмнөөс Монголын Засгийн газартай асуудлыг шийдэхээр гэрээ байгуулсан” гэх мэт таамаглалын ард Монголын нэгэн албан тушаалтан “Хөрөнгө оруулалтын гэрээг хүндэтгэх ёстойг ойлгуулах гэж “Rio Tinto” Тони Блэйрийг хөлсөлсөн” гэж байв. Гэвч “Rio Tinto” болон Тони Блэйр энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаж, хэвлэлийн төлөөлөгч нь “Бид “Rio Tinto” болон Монголын Засгийн газрын хоорондох маргаанд оролцоогүй” гэж мэдэгдсэн юм. Тони Блэйр өдгөө улс төрийн ямар нэгэн албан тушаал хашдаггүй бөгөөд Колумб, Бразил, АНУ, Швейцарь, Албани, Казахстан, Кувейт зэрэг 30 гаруй орны Засгийн газартай зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажилладаг аж. “Түүний “урт гар” бөмбөрцгийн өнцөг булан бүрт хүрч буй ч гагцхүү тэрбээр зөвлөснийхөө төлөө хэдийг олдог тухай албан ёсны мэдээлэл өдий хүртэл нууц байна. Засгийн газрын шинэчлэлийн асуудлаар стратегийн зөвлөгөө өгдөг “Tony Blair Associates” пүүс албан хаагчдынхаа тоог 500-д хүргэж, үйл ажиллагаагаа тэлэхээр зэхэж байгаа.
Хамгийн сүүлийн тайланд нь дурдсанаар “Tony Blair Associates”-ийн дэргэдэх “Government Advisory Practice” пүүс 16 сая фунтийн орлого олсноос цэвэр ашиг нь 3.6 сая фунтээр тоологдож буй. Гэхдээ энэ нь мөсөн уулын зөвхөн орой” хэмээн “Daily mail” онцолж байгаа. Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монголд сэмхэн ирж, буцаад байгаагийн чухам учир юу вэ? Манайхны болоод Блэйрийн талынхны яриад байгаа, гэрээнд туссан орон сууц, эрүүл мэнд, боловсролын асуудлаар юу хийж байгаа бол? Ажлын байр, хөрөнгө оруулалт гэдэг нь Оюутолгой гэсэн үг үү? гэх мэт олон асуулт түүний “Монголыг зорьсон гүйдэл”-ийг тойрон өрнөсөөр байна.
http://www.inet.mn/?vfile=5&vmet_id=66805&vmet_main=8913&vt=&vl=&vdate=&vofile=&left=yes&vpage=
URL: