Гишүүд хурал хаяв

УИХ-ын Байгаль орчин, хүнс,  хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Гэхдээ санал хураалтын шатанд маргаан гарсан юм. Учрыг тайлбарлавал, тус байнгын хороо нь энэ асуудлыг өмнө нь хоёр ч удаа хэлэлцэх болоход тэр бүрийд хойшлуулж байжээ. Тиймээс энэ удаагийн санал хураалтыг “Хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй” гэсэн томъёоллоор явуулсан юм. Санал  хураалтад 14 гишүүн оролцсоноос зургаа нь дээрх саналын томъёоллыг дэмжиж үлдсэн нь гар өргөсөнгүй. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Санал хураалтыг зориудаар будилаантууллаа. Долоон гишүүн саналыг дэмжсэн байхад зургаа гэж тооллоо. Дахиж санал хураалт явуулах ёстой” гэсэн юм.

Гэвч санал хураалтыг дахисангүй, тиймээс энэхүү хуулийн төслийг хойшлуулахыг дэмжсэн УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Шинэбаяр, Н.Ганбямба нар хуралдааныг орхиж гарсан. Гэхдээ тэднээс гишүүн Н.Ганбямба буцаж орж ирж, хуралдаандаа үргэлжлүүлэн суув.
Энүүхэндээ гэж хэлэхэд энэхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулчих гишүүн ч олдохгүй байна. Уг нь байнгын хорооны дарга “Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Батж.Батбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна шүү” хэмээн үүрэг өгсөн ч тэрбээр “Би Отгонтэнгэрийг тайх ёслолд оролцох учраас боломжгүй” хэмээн бултаж үзлээ. УИХ-ын гишүүн Д.Арвин “Би л хуулийн төслийг танилцуулъя даа” гэсэн боловч, бас л болсонгүй, эцэст нь Батж.Батбаяр гишүүн дээр эргэж буун, ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд төслийг танилцуулахаар болж тогтлоо.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих