А.Гансүх сайд Ц.Анандбазарын өмнөөс Д.Чинзоригийг түлхээд байна уу

chzo635237869201403101639

Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн гол сэдэв нь “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарт хулхидуулсан гэх Д.Чинзориг нарын түлхэлцээн болж байх шиг. Гэхдээ юуны өмнө энэ нь огт санамсаргүй хэрэг биш гэдгийг дурдаж хэлэх нь зүйн хэрэг. Д.Чинзориг гэгч нь өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнөхөн “Би 1999 онд Ц.Анандбазарт луйвардуулсан” хэмээн арав гаруй жилийн дараа гэнэт гарч ирсэн нь яагаад сонирхол татахгүй гэж. Энэ үеэр МАН-аас Дорноговь аймагт нэр дэвшин өрсөлдөх эрх гардаад байсан “Сод Монгол”-ын босс өрсөлдөж чадалгүй хоригдсон. Тэгээд сонгууль дууссаны маргааш түүнийг сулласан нь бүр ч сонирхол татна. Чухам Д.Чинзориг гэгчээс болсон уу, үгүй юу мэдэх юм алга. Юутай ч энэ хэрэгт ихэс дээдсийн гар хөл лавхан орсон гэдэг нь тодорхой харагддаг.

Зөвхөн энэ ч биш одоогийн эрх баригчид олон өрсөлдөгчөө ийнхүү замаасаа зайлуулсан нь дөнгөж өчигдөр шүү дээ. Ц.Анандбазарын хувьд ёстой л “Хойтон жилийн наадам хол байна даа” гээд хоцорсон. Гэтэл 2012 онд гэнэт гарч ирсэн Д.Чинзориг гэгч үүнээс хойш хоёр жилийн дараа бас л гэнэтхэн гараад ирсэн нь сонирхол татахгүй байхын аргагүй. Үүний ар талд тодорхой эзэн бий, ойлгомжтой. Сонгууль угтсан кампанит ажил хэмээн хардахаас өөр арга алга. Тодотгож хэлбэл, Ц.Анандбазарыг өөрийнхөө хүчтэй өрсөлдөгч гэж харж байгаа томоохон нөлөө бүхий улстөрч байна гэдгийг энэ явдал баталж өгөв. Түүнээс биш энэ хэрэг эцэслэн шийдэгдээд дуусчихсан биз дээ. Эсвэл хууль хяналтын байгууллага нь ийм орон гаран шийдвэр гаргасан хэрэг үү. Арай ч үгүй байх.

Ингээд бодохоор Ц.Анандбазар айсуй сонгуулиар хэрвээ нэр дэвшүүлбэл хаанаас өрсөлдөж болох вэ гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ. Үүнийг ямар ч аргаар бодсон ганцхан хариу гарна. Тэр хариу нь Дорноговь аймагт нэр дэвшин өрсөлдөх. Тэгэхээр ганцхан мандаттай Дорноговьд түүний өрсөлдөгч хэн бэ гэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх гээд бас бус нэрс хөвөрнө. Дараагийн хариуг их амархан олно. Гэнэт гарч ирсэн Д.Чинзориг эдгээр нөхдийн хэн нэгний түлхээсээр гарч иржээ гэж ойлгоу болох талтай. Одоо энэ гурван эрхмийн хэн нь тус аймагт өрсөлдөх мандат өвөртөлж чадах вэ гэхээр ерөнхийдөө эцсийн хариу гарч ирнэ. УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийн хувьд санаа байвч мандат өвөртлөх сачий ёстой хол дутна. Яагаад гэхээр өнгөрөгч 2012 оны сонгуулиар АН түүнд итгэл хүлээлгэж Дорноговьд илгээсэн ч тэрээр өвдөг шороодсон учраас ахин үгүй. Дараагийн хүн засаг ноён П.Ганхуягийн хувьд оны өмнөхөн суудлаасаа буухдаа тулж арайхийж тэссэн.

Анхнаасаа буюу 2008 оноос хойш АН-ын нэрийг Дорноговьд шороодсон хүн бол П.Ганхуяг. Тиймдээ ч энэ АН энэ аймагт ялалтын туг хатгаж чаддаггүй. П.Ганхуягийн хувьд намын томоохон хандивлагч учраас өнгөрөгч 2012 оны сонгуульд жагсаалтын 16-д эрэмблэгдсэн. Айсуй сонгуулиар ч 16-20-ын хооронд эрэмблэгдээд түүний улстөрийн карьер ерөнхийдөө дуусах болов уу. Ингэхээр хамгийн магадлал өндөр хүн бол Зам тээврийн сайд А.Гансүх. Өндөр ч юу байхав, угаасаа “Алтангадас” фракцийн цэрэг, Н.Алтанхуягийн үнэнч нөхөр А.Гансүх энэ эрхийн мандатыг гуйж биш гуядаж авах нь гарцаагүй. Тиймдээ ч сүүлийн үед өөрийгөө тус аймгийн Хөвсгөл сумынх хэмээн байн байн давхих болсон. Саяхан тэрээр тус аймгийн Ардчилсан холбооны тэргүүн болсон гээд эртнээс бууриа засаад байгаа их эр.
Ганц хясч байгаа зүйл нь гэвэл түүний өрсөлдөгч. Түүнд өөр айх зүйл нэг ч үгүй. Ц.Анандбазарын хувьд өнгөрөгч сонгуулиар Дорноговь аймагт өрсөлдөгчгүй шахам ялалт байгуулах байсныг сонгогч олон болон шинжээчид  ярьдаг. Үнэн ч байх. Тэрээр айсуй 2016 оны сонгуулиар ч түүнд өрсөлдөгч байхгүй гэхэд болно. Тэр тусмаа нутаг олонд танил бус А.Гансүхийг ямар өрсөлдөгч гэхэв дээ. Тэгэхээр Д.Чинзориг гээчийг хэн турхираад байна вэ гэдэг нь тун ч тодорхой харагдаж байгаа биз дээ. Сүүлийн үед гэнэт гарч ирсэн мэдээлэл шуугианы ар талд хэн байгаа вэ гэдгийг бараг олчихлоо. Эрх баригч хүчний дарангуйлал, рекэт ийнхүү эхэлж байна гэж хэлэхэд болно. Шат дараалсан хэдэн ч сонгуульд хэчнээн ч аавын хүүгийн үйлийг үзэж арай гэж нэг юм ялалт авчирсан тэр л кампанит ажил ахиад эхлэх гэж байгааг энэ шуугиан төвөггүйхэн илтгэж байна. Түүнээс биш Д.Чинзориг гэгч сонгууль болохоор гарч ирчихээд бусад үед чимээгүй яваад байна гэж юу байхав дээ гэж хэн ч хардана биз дээ.

А.Гал


URL:

Сэтгэгдэл бичих