Жендер гээд дайраад байсан хүүхнүүд юу гийгүүлэв

resize_1329374759Сүүлийн хэдэн жилд жендерийн тэгш бус байдал, жендерийн харьцаа, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухайд ихээхэн ярьдаг болжээ. Хамгийн наад зах нь гэхэд л нэг солиотой эмэгтэй “Мандухай бол эмэгтэй Чингис” гэж хэлэв, яаж чадаж байна вэ. Нийгмийн бүхий л давхаргад эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэж үзэв. Тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор байх ёстой хэмээн тал талаас боорлож байна. Бүр “Төрд эмэгтэй хүний хатан ухаан чухал” гээд нэг эмэгтэй гишүүн хэлчихлээ. Энэ үгийг хэлж байгаа эмэгтэйд хатан ухаан бүү хэл багийн суурингийн чавганцын дайны сэтгэхүй ч байхгүй гэдгийг бид мэднэ.

Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвал хэмээх эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн нь энэ галыг нэлээд сайн өрдөөд авсан. Өнөөдөр шийдвэр гаргах түвшинд олон эмэгтэйчүүд ажиллаж байна. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д гэхэд л жагсаалтын голдуу арав гаруй эмэгтэй сууж байна. Ихэнх нь жендерийн тэгш бус байдал ярьсныхаа төлөө улстөрд орж ирсэн гарууд л даа. Үнэхээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллаж чадаж байна уу гэвэл хэн ч үгүй гэнэ. Урьд өмнө парламентад олон удаа сууж байсан эмэгтэйчүүд ч өнөөдөр чухам юу хийсэн бэ гэвэл хариу үл олдоно. Тухайлбал, Д.Арвины Хэнтий аймагт байгуулсан музей, Дондогдулам хатны сүнстэй ярьсан зэргийг л дурдахгүй л бол өөр юу ч алга. Энэ нь нийгмийн амьдралд хэрэгтэй юу гэвэл үгүй л гэнэ биз дээ. Харин ч Д.Арвин Төрөх эмнэлгийн барилга барих тендер аваад их хэмжээний мөнгө завшисан тухай мэдээлэл байсан. Тиймдээ ч эрх барьж буй намд урваж амиа хаацайлсан гэдэг. Д.Арвин УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо чухам юу хийв гэхээр хэлэх үг үл олдоно. Ямар сайндаа л нэрт найрагч Б.Лхагвасүрэн нэгэнтээ “Арвины ярьж байгаа шиг зүйлийг захын нэг чавганц ярина” хэмээсэн. Энэ бол нийгмийн нэгээхэн хэсэгт буй үнэлэмж.

Мөн л жагсаалтаар УИХ-д орж ирсэн Ц.Оюунгэрэл нь ганцхан гишүүн байгаад зогсохгүй давхар дээл өмсч, ССАЖЯ-ыг толгойлох болсон. Гэтэл өнөөдөр соёл спортын салбарт чухам юу хийж гийгүүлэв гэдэг талд олон асуудал үүснэ. За тэр, аялал жуулчлалын тухайд бол яриад яахав. Урлаг спорт бол хэдхэн алдартнууд, тэнд элэгтэй бизнесмэнүүдийн нуруун дээр л явж байна. Жудог мөнгөтэй элэгтэй Х.Баттулга тэргүүлж, бодлогоор зангидаагүй бол Ц.Оюунгэрэл тэнд ямар ч бодлого явуулж чадахгүй, өнөөдрийн энэ олон амжилт бүгд байхгүй байх байсан. Эрхэм хатагтайн өнгөрөгч хугацаанд хийсэн ажил гэвэл Х.Батаар хэмээн нэр өгсөн хэдэн хэлхээтэй ясыг сурталчилж явав. Мэдээжийн хэрэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шууд даалгавраар шүү дээ. Эцэст нь Монголын үндэсний том соёл нь хэлхээтэй яс болж хувирсан ийм л хөгтэй түүхийг тэрээр өөрийнхөө намтарт нэмсэнээс өөрцгүй. Түүний томилсон харъяа агентлаг, газар хэлтсүүдийн удирдлагуудаас нь эхлээд харахад л тун ойлгомжтой.

Бас жагсаалтаар УИХ-д орж ирсэн “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаагийн хийсэн ажил юу вэ гэвэл бас л хэцүү. Ерөөсөө л эрх баригч хүчнийг сонгуульд ялуулах хуулийн тохироог бүрдүүлэхэд л хүчин зүтгэсэн нэгэн. Өөр юу ч байхгүй. Үүнийхээ хүчинд УИХ-д орж ирсэн. Монгол Улсын түүхэнд ийм олон эмэгтэй парламентад сууж байсан удаа үгүй. Харин 2012 оны сонгуулийн үр дүнд олон эмэгтэйчүүд орж ирсэн. Тэгээд нийгмийн амьдрал сайжирсан нь хаа байна. Улам л уруудлаа, өнөөдрийн амьдралыг хар. Жендер ярьсан эмэгтэйчүүд лав амьдралд нөлөөлөөгүйг өнөөдрийн нийгэм бэлхнээ хэлээд өгнө. Мөн жагсаалтаар орж ирсэн Ерөнхийлөгчийн зөвлөх асан М.Батчимэг чухам юу бүтээв гэхээр хэлэх үг бас л үл олдоно. Дугуй танхимд сууж, намын бүлэг аль талд гар өргөх вэ дагаад сууж байдаг нэг хүн бий. Тэр тусмаа Ц.Элбэгдоржийн өмнөөс туг нь болж явдаг тийм л эмэгтэй. Энэ бүлэглэлээс өрсөлдөж гарч ирсэн “Монос”-ын М.Эрдэнэчимэг, С.Одонтуяа нарын хувьд ч ижил дугуйнууд. Харин М.Эрдэнэчимэг нь хаа очиж өөрийгөө сайн рекламдах юм. Тэгээд бас болоогүй ээ, хэрэгтэй хэрэггүй хууль санаачилж явааг харахаар юм хийгээд ч байгаа юм шиг. Гэвч хэрэг дээрээ үгүй л дээ. С.Одонтуяагийн хувьд бол ёстой дүлий дүмбэ. Ажил хийх нь бүү хэл амаа ч хөдөлгөхгүй суусаар байгаад хоёр жилийг ардаа хийчихлээ.

Түүнчлэн МАН-аас УИХ-д суусан Д.Оюунхорол, жагсаалтаар орж ирсэн Д.Сарангэрэл нарын хувьд гишүүний үүрэг гүйцэтгэгч төдий л сууж байна. Өнгөрөгч хугацаанд чухам юу хийсэн бэ гэвэл бас л хэлэх үг үл олдох. Мөн “Шударга ёс” эвсэлээс жагсаалтаар болон сонгогдож орж ирсэн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар ч эдгээрийн тоонд зүй ёсоор орно. Уг нь энэ хоёр эрхэм амлалтаа нэхээд гудамжинд тэмцэж явсан бол дээр байсан юм. Түүнээс биш энэ хоёр эрхэм УИХ-д ороод юу ч хийж чадахгүйг нь хэн ч мэдэж байсан шүү дээ. Хэдэн жилийн өмнөөс л академик түвшинд ярьж, жендерийн асуудал ярьсаар байгаад орж ирсэн нөхдүүдэд гийгүүлсэн гавьяа юу ч алга. Дэлхийн түвшин, жендерийн харьцаа хэмээн сонгодог зүйл ярьсаар байгаад нийгэм уруудчихлаа.

А.Гал


URL:

Сэтгэгдэл бичих