Сергей Юрченко: Ард түмнийг сонсч, сонголтыг нь зөвшөөрөх ёстой

3-10-3Н.МӨНХЖИН

Украины автономит бүс нутаг болох Крымийн Дээд зөвлөл гуравдугаар сарын 6-нд хойгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг гуравдугаар сарын 16-нд Крымд бүх нийтийн санал асуулгаар оруулахаар болсон юм. Оросыг дэмжигч идэвхтэй хүчнүүдийн нэг, Крымийн казакуудын нэгдлийн атаман Сергей Юрченко Крымд өрнөж үйл явдлын талаар ярьж байна.

-Крымийн оршин суугчид Оросын бүрэлдэхүүнд орохын төлөө саналаа өгөх болов уу?

-Өнөөдөр олон крым иргэнийг салан тусгаарлах үзэлд, оросуудыг цэргийн эзэрхийлэлд буруутгаж байна. Үнэн хэрэгтээ Крымд ардчилал ноёрхож байна. Энэ бол ард түмний эрх мэдэл. Бүх нийтийн санал асуулга болж, Крымийн ард түмэн яаж шийднэ тэр ёсоор л болно. Крымүүд бид Львовт ямар хөшөө босгох вэ, тэнд ямар хэлээр ярих вэ гэж ярихгүй. Крымийн иргэдийн хувьд онцгой үе тохиож байна. Хойгийн оршин суугчид өөрсдийнхээ ирээдүйг тодорхойлох ёстой. Хэрвээ тэд Украины бүрэлдэхүүнд сайн, тохь тухтай амьдрана гэвэл үүний төлөө л саналаа өгнө. Харин тохь тухгүй санагдвал нөгөө талд нь саналаа өгнө. Ард түмнийг сонсох ёстой гэж бодож байна. Тэдний сонголтыг зөвшөөрч, хүчирхийлэлд хүргэхгүй байх ёстой.

-Таны бодлоор, бүх нийтийн санал асуулга зөв, шударга болох болов уу?

-Бид бол ардчилсан нийгэм, бүх нийтийн санал асуулгын явцыг харуулахын тулд олон улсын ажиглагчдыг чөлөөтэй нэвтрүүлэх болно. Крымийн эрх баригчид олон сонгуулийг шударгаар явуулж байсан, одоо санал асуулга явуулж чадахгүй гэж хэн хэлээд байна аа?

-Крымийн татарууд бүх нийтийн санал асуулгад оролцохгүй гэж мэдэгдсэн. Тэд үүнийг өдөөн хатгалга гэж үзэж байх шиг байна…?

-Би өөрөө казак, гэвч Крымийн татаруудад зүгээр, хэвийн л ханддаг. Юу ч үгүй, хий хоосон зүйлээс мөргөлдөөнийг үлээж, дэвэргэж болохгүй. Хэлэлцээний ширээнд сууж, ямар нэг зөвшилцсөн шийдвэрт хүрэх хэрэгтэй. Халуун сэдэв зөндөө л байдаг, гэвч сайн дайнаас муу энх тайван дээр гэдэг биз дээ.

-Крымийн межлисийн дарга Рефат Чубаров Крымийн татарууд, украинууд, оросуудын дунд гурван хэсэг бүх нийтийн санал асуулга явуулъя гэж мэдэгдсэн. Ийм хувилбарыг та дэмжих үү?

-Чубаров ийм маягаар үндэстэн хоорондын харилцааг дэвэргэх хэрэггүй. Крымийн оршин суугч бүр сонголтоо хийх эрхтэй. Хүмүүсийг хувааж, зааглах нь сайн зүйлд хүргэхгүй.

-Өнөөдөр танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулж байна вэ. Крымийн казакуудын нэгдэл Украины цэргийн хэсгүүдийг бүсэлж, тэнгисийн цэргийн штабыг довтолж байна хэмээн ярьж байна..?

-Бид олон нийтийн эмх журмыг хамгаалах ажил хийж байна. Миний удирдлагад казакуудын гурван тусгай нөхөрлөл байна. Тэд ингэж ажиллаагүй бол өнөөдөр Симферополь дахь нөхцөл байдал ийм тайван амгалан байх байсан болов уу. Киев дахь үйл явдлыг энхийн жагсаал цуглаан гээд л байсан, гэтэл тэнд хэдэн арван хүн алуулж, зуу гаруй хүн шархадсан. Крымд дайн эхэллээ гэж ярьж байна, гэвч энд одоо болтол нэг ч буун дуу гарсангүй.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих