Ж.Баясах: Том төрд эрдэмтэн хэрэггүй гэвэл ухаалаг төрд яах бол…
“Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор МУИС-ийн ОУХДС-ийн анхны захирал, доктор Ж.Баясахыг урилаа.
-Үзэл суртлын хаалттай цаг үед та Зөвлөлтөд очиж Хятад судлалаар мэргэшсэн гэсэн. Тэр таны сонголт байсан уу, цаг үеийн захиалга байв уу?
-Би 1973 онд тухайн үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн багшилж байсан орос гуравдугаар сургуулийг төгссөн. Аравдугаар анги төгсөөд Улсын Багшийн дээд сургуулийн түүхийн ангид элсэн орж, 1974 онд Ленинградын их сургуулийн Дорно дахины факультетэд очсон. Тэнд Хятадын түүхийн ангид таван жил суралцсан. Тухайн үед Хятад явах боломж байгаагүй. Ленинградын их сургууль Оросын Эзэн хааны их сургууль байсан. Дорно дахины нэрт судлаач Рерих, Алексеев, Бартольд нар бүгд тэр сургуулийг төгссөн. Монголоос Б.Ринчен гуай сурч, Ц.Дамдинсүрэн багш байнга очдог байсан. Тэнд Стенфордын их сургуулийн жишгээр хэл-түүх, хэл-уран зохиол гэсэн мэргэшлээр бэлтгэдэг. Би хэл-түүхийн ангид сурахдаа таван жил хятад, дөрвөн жил англи, хоёр жил япон хэл үзсэн. Тогтолцооны хувьд Ленинградын их сургуулийн сурах бичгийг уншихгүй бол шалгалтад оруулахгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Москвагийн их сургууль, Ленинградын их сургууль хоорондоо өрсөлддөг. Аль аль нь манайх илүү гэдгээ харуулах гэсэн нэг юм байгаад байдаг. Бүх чиглэлд тийм бодлого баримтална. Дорно дахины судлалын факультет гэхэд л 50 төрлийн хэл заадаг байлаа. Миний номын дуу сонсч мэргэжил эзэмшсэн гол газар маань тэр.
-ЗХУ манайтай адил Хятадтай харилцаа сайн байгаагүй. Судалгаа, шинжилгээний ажил ямар төвшинд байв?
-Бас л хоёр туйл болчихсон үе л дээ. Хятадтай сөргөлдөх байдалтай. Сонин хэвлэлд Хятад судлалын талаар гарсан ч үзэл суртлын юм нэлээд орно. Гэхдээ хоёр туйл болж хоорондоо тэмцэлдэж байгаа үед зарим талаараа ашигтай. Тухайлбал, Хятадтай харилцаа муу үед манайд судалгаа хөгжсөн бол найрсаг харилцаатай болсноор мартагдсан байх жишээтэй. Манай улс сүүлийн үеийн социалист системийн орнууд, хятад судлал тэр дотроо хятадын үндэсний асуудлыг судалдгаараа илүү байсан. Монголын түүхийг бол хятадууд янз бүрээр гуйвуулж бичдэг байлаа. Түүнд тухайн үед цохилт үзүүлж болдог байсан. Хоёр талын харилцаа муу байсан тэр үед Баруун, зүүн монгол, Ойрад монгол, түүхэн хүмүүсээс Чингүнжав, Амарсанаа нарыгаа үндэсний баатар болгож гаргаж ирсэн шүү дээ. Харилцаа сайн байсан бол тэгэхгүй байсан. 1960 оноос манайд судалгаа хөгжсөн. 1964 онд ШУА-д Ази, Африкийн тасаг гэж байгуулсан бол 1974 онд Дорно дахины хүрээлэн байгуулагдсан. Хятад дахь үйл явдал болон Мао, Маогийнхан гэж олон цуврал гарсан.
-Тэр үеийн судалгаа шинжилгээний салбарт мэргэжилтэн бэлтгэхэд ямар шалгуур байв?
- Хятад судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхдээ МУИС-д хятад судлалын анги нээсэн. Тэнд хэн орох вэ гэвэл, жинхэнэ монгол гарал, угсаатай хүмүүсийг оруулдаг. Эрлийз юм уу, өвөрмонгол гаралтай бол авахгүй. Харин сүүлд хоёр талын харилцаа сайжраад ирсэн чинь хятад гаралтайгаа нуудаг байсан хүмүүс ил гарч ирсэн. Нэг өглөө босоод иртэл бараг бүгдээрээ хятадаар яриад эхэлсэн. Их сонин юм болсон шүү. 1990 оноос өмнө хятад судлалын мэргэжил эзэмшсэн хүмүүс бол жинхэнэ монгол гаралтай. Түүнээс хойш хамаагүй болчихсон.
-Монголдоо гадаад харилцааны ажилтнуудыг бэлтгэх эхлэлийг тавьж, дээд сургууль байгуулсан хүн бол та. Эхлэл нь ямар байв, одоо ямар хэмжээнд хүрч ирэв?
-Манай улс гадаад харилцааны ажилтнуудыг дандаа Зөвлөлтөд бэлддэг байсан. Дэлхий ертөнц өөрчлөгдөөд ирэхийн зэрэгцээ тэднийг дотооддоо бэлдэж яагаад болохгүй гэж гэсэн санаа төрж ОУХС байгуулагдаад 23 жил өнгөрч байна. Өнөөдөр Гадаад харилцааны яамны ажилтнуудын бараг 40 хувь нь манай сургуулийн төгсөгчид. Франц улсад Элчин сайдаар сууж байгаа Батсайхан манай шавь нарын нэг. Хятад судлалаар төгссөн шавь нараас хоёр гавьяат төрсөн. Хүннүгийн түүх, түүхт Шаньюг бичсэн Я.Ганбаатар сая Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. Олимпизмийг хөгжүүлж яваа Ж.Отгонцагаан байна. Одоо манай сургуулийн багш нар гэхэд дандаа бидний бэлтгэж төгсгөсөн шавь нар бий. Олон улсын харилцааны сургууль хамгийн их орлоготой, гадаадаас оюутнууд их ирдэг. Нэг хуваарь дээр 1500 хүүхэд өрсөлддөг, багш нарын олонхи нь 2-3 хэлтэй, бүх мэргэжлийн сурах бичгүүдтэй болсон сургууль байгаа юм.
-Та өмнөд хөршийн дотоод асуудлыг анхаардаг байх. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс сонирхуулаач?
-Ирэх наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд ирж магадгүй байна. Тэрээр БНХАУ-ын дарга Ху Жин Таогийн орлогч байхдаа манай улсад анх удаа гадаад томилолт хийсэн. Угсаа гарвалын хувьд Шаньси мужийн хятад хүн. Гаднаас нь харахад монгол төрхтэй, монголжуу царайтай. Хятадын мужуудын нэрийг Юань улс, Хубилай хааны үед өгсөн юм. Шаньси муж гэдэг нь Уулын баруун гэсэн нэр болно. Мөн Уулын зүүн, Голын хойно, Голын урд, Нуурын хойно, Нуурын өмнө гэж нэрлэсэн мужууд бий. Манайд ирэхийг урьсан хүмүүс их төлөв Шаньси мужаас ирэгсэд байдаг. Тэнд Хятадын Алтан улс, Бээжинг эзлээд захирагчаар нь Мухулай жанжин сууж байсан. Мухулай жанжны үр сад Шаньсид амьдардаг. Тэгвэл БНХАУ-ын дарга сая Цагаан сарын баяраар Шаньсид очсон. Тэгэхээр монголтой холбоотой байгаа биз. Мухулайн хойд удам ч юм бил үү, бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс айлчлал нь үр дүнтэй болоосой.
-Хятад судлалын хүрээнд Тайванийг судалсан тухайгаа бичсэн таны нийтлэлийг уншиж байсан. Сүүлийн үеийн мэдээллээс сонирхуулахгүй юу?
-Тайвань манайтай адил 1990-ээд оноос ардчилал эхлүүлсэн. Мөнхийн төр барьж байсан Гоминьдан нам нь тэр үед Шинэ ардчилсан намд ялагдсан юм. Ингэснээр нэлээд өөрчлөлт гарсан. Манай улстай бол 1946 онд дипломат харилцаа тогтоосон. Гэтэл хүлээн зөвшөөрснөө таг мартаад Шинэ ардчилсан нам гарч ирэхдээ дахин Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн. Их сонин түүх шүү. Тайвань намайг тоогоод уриад байгаа юм биш. Өнгөрсөн намаржин урд хөрш намайг урилаа. Тэнд өрсөлдөөн яваад байхаар бид бас тоохгүй байж болохгүй гэж үзэж ихээхэн урьж залж байх шиг.
-Манайд Хятад судлалаар ажиллаж байгаа эрдэмтэн олон биз?
-Олон бий. Зөвхөн миний бэлтгэж гаргасан шавь нар гэхэд л 300 хүн байна.
-Нэрд гарсан нь хэн байна?
-Би юм байлгүй дээ. Надаас өөр доктор, профессор байхгүй \инээв\.
-Одоо Хятадын гадаад бодлогын тухай ярилцъя.Маогийн бодлого одоо ч үргэлжилж байна гэсэн таны илтгэл нэлээд шуугиан тарьсан гэж сонссон?
-Дэлхийн Хятад судлаачдын уулзалт 2011 онд болж монголоос би оролцсон юм. Хятад хүний хувьд улсынхаа гадаад бодлогыг бичдэггүй, хаалттай сэдэв. Тэнд хагас өдөржин миний илтгэлийг ярьсан. Монгол хүн очоод Хятадын гадаад бодлого тэр нь буруу, энэ нь зөв байна гэхээр дургүй нь хүрдэг юм байгаа биз дээ. Харин Хятадын бодлого өөрчлөгдөж байгааг уулзалтад оролцогчид бүгд хүлээн зөвшөөрсөн. Мао Зэдуны гаргаж байсан гадаад улс төрийн бодлого хэвээрээ байгаа, онцын өөрчлөлт гарсангүй гэдэгт хятадууд ихээхэн эмзэглэж “Манайх өөр болж байгаа” гэж байсан. “Тэгвэл юу нь өөр болж байгаа юм бэ” гэж асуухад хариулж чадаагүй. Удахгүй Кун Зын 2250 жилийн ой болно. Ирэх есдүгээр сард болох тэр хуралд монголоос намайг урьсан, би хариугаа саяхан явуулсан. Юань улсын үеэс монголчууд Хятадыг, тэр дотроо Кун Зыг судалж байсан тухай илтгэл тавина. “Дөрвөн ном, таван бичиг” гэж Кун Зын зохиол байдаг юм. Тэр маш өргөн түгэн дэлгэрсэн. Манай УИХ-ын гишүүд Кун Зын зохиолоос ишлэн “Биеэ засаад төрөө зас” гэж хэлэх их дуртай. Түүнийгээ “Монгол ардын зүйр цэцэн үгэнд” гэж байгаад ярьж байгаа юм. Тэгэхээр тэр хүнд ямар боловсрол байна вэ. Төрийн түшээд тэгж дуугарах ёстой юу, үгүй юу. Тиймээс Кун Зыг бид сайн судлах ёстой. Дээр үеэс судалж байсан ч хаягдчихсан. Түүнийгээ үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
-Урд хөршийн гадаад бодлоготой уялдуулж, хойд хөршийн тухайд танд ямар дүгнэлт байна?
-Хойд хөрш том улс байсан, задарсан. Хүч чадал нь дорой болсон, нэг хэсэг. Тэгвэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөөд ирэхийн хамтаар эдийн засаг нь өндийж байна. Байгалийн хий, газрын тосоор Европ-Азийг хангаж байгаа шүү дээ. Одоо эдийн засаг нь гайгүй болсон. Гэхдээ Сибир, Алс Дорнодын оросууд нь өөр. Бидний гайхдаг дулааны цахилгааны станц нь л гэхэд уурын зуухаар явж байна. Хоцрогдчихсон байна шүү дээ. Гэхдээ түүнийгээ ойлгочихсон шинэчилж байна. Одоо ОХУ 89 субьекттэй, зарим нь салах магадлал өндөр. Тухайлбал, Казахстан, Тажикстан, Татарстан, Башкирстан байна. Яагаад гэвэл том ах нь зангарагаар барих гэж оролдож байгааг “дүү” улсууд эсэргүүцэж байна. Тиймээс Чеченьд хоёр ч удаа дайн боллоо. Чеченүүд Оросын сайн, муу бүх юмыг гартаа атгачихсан. Тэгэхээр ОХУ цаашаа дахиад задрах магадлал их бий. Одоохондоо дэлхийн зах зээл дээр түүхий эд ихтэй байгаа учраас гайгүй байгаа ч ерөнхий бодлого нь алдагдаж байна.
-Хойд хөршийн манайд хандаж байгаа харилцааг та юу гэж харж байна?
-Манайхыг тоохгүй л байна шүү дээ. Хар л даа, Ерөнхий сайдыг маань хүлээж авахгүй байгаа биз дээ. Ерөнхийлөгчөөс ч цэрвэж байгаа. Америк боловсролтой, америкийн талыг баримталдаг хүн гээд уулзахгүй байна. Энэ бас л нэг юм өгүүлж байгаа юм.
-Тэгвэл Монгол Улс маань даяаршиж байгаа дэлхий ертөнц, ойртон дотносч буй олон улсын харилцааны альхан талд явна вэ?
-Аз түшихэд бид аль нэг талыг нь барихгүй гэсэн номлолоор явж байгаа шүү. 1994 оноос хойш манай улс ийм бодлого гаргасан. Тиймээс туйлшрахаа больсон. Аль алинтай нь эвтэй харилцахад анхаарч ирсэн. Гэтэл манай гадаад бодлого босоогоор хөгжиж байна. Миний хувьд босоо, хэвтээ тэнхлэгийг ижил хэмжээнд авч үзэх ёстой. Гадаад бодлогод “Хүчтэй нь хүчгүйгээ барьдаг” байгалийн хууль үйлчилж байна. Манай улс Баруун Европ, Ази Номхон далай руу харилцаагаа сайжруулж байж хүчтэй тэнцвэрийг олно. Гэтэл гадаад бодлогын үзэл баримтлалдаа алдаад байна. Яагаад гэвэл судлаачдынхаа үгийг сонсдоггүй. Тохиолдлоор дарга болсон хүмүүс бодлого тодорхойлж, тэдний амаар яваад байна. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлал маань судалгаанд суурилаагүй. Тиймээс гуравдагч хөрш гэж хийсвэр зүйл ярьж байна. Бөөрөөрөө нийлсэн хэдэн улс л хөрш байхаас хаа хамаагүй далайн чанад дахь улс хөрш биш түнш байхгүй юу. Хөрш гээд ярихаараа манайхан урд хойноо очиж амаа таглуулчихаад ирдэг.
-Энхийг сахиулах үйлсэд оролцсоноор манай улсын нэр хүнд өсч байгаа. Гэхдээ бусад улсууд ямар дүн тавьж байгаа бол?
-Энхийг сахиулах үйлсэд манай улс идэвхтэй оролцож байна. Дэлхийн халуун цэгүүдэд очдог хамгийн үнэтэй, тэсвэртэй улс бол монгол цэргүүд. Малд нүдтэй гэдэг шиг орж гарсан хүмүүсийг анддаггүй. Гэтэл монголчууд тийм гайхалтай гэдгийг хөрш хоёр орон маань бичихгүй байна шүү дээ. Энэ нь дургүй байна гэсэн үг. Гадаад ертөнцөд монголын нэр суга өсч байгаад дургүй байна шүү дээ, хоёр хөрш маань. Тэгэхээр болгоомжтой хөдөлж, хэлэх үгээ ч бодож хэлж байх ёстой.
-Ингэхэд МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтад та байнга оролцдог. Олон нийтийн зүгээс ч таныг болоосой гэж хүлээж ирсэн. Гэвч томилгоо нам, улс төрийн угшлаар хийгддэг. Сайн, муу талыг нь та хэрхэн цэгнэж байна?
-Дэлхийн их сургуулиудын рейтинг гэж бий. Тэр жагсаалтын 16 мянгад нь манайх явж байгаа, хариугүй байгаа биз. Их сургуулиудын холбоонд манайх Дэлхийн II дайны дараа элссэн. Хятадын дээд сургуулиуд бүртгүүлээгүй байхад бид түрүүлээд орчихсон. Гэтэл Шаньдуны их сургууль өнөөдөр дэлхийн их сургуулиудын жагсаалтын 100-д орчихсон явж байна.
Дээхнэ үед манай их сургуульд Дорж гэж сүрхий ректор байлаа. ОУХДС-ийн захирлаар ажиллаж байсан юм. Бид хоёр Ази, Номхон далайн орнуудын төрийн сургуулиудын захирлуудын хуралд хэд хэдэн удаа хамт оролцсон. Гурван хуралд дараалж оролцсоны ачаар Ази, Номхон далайн 34 их сургууль МУИС-ийн дипломыг хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ том амжилт. Гэтэл дэлхийн их сургуулиудын жагсаалтад байраа ахиулж чаддаггүй. Тиймээс юм хийх хэрэгтэй байна. Энэ үүднээс би захирлын сонгон шалгаруулалтад оролцдог юм. Харамсалтай нь манай боловсролын салбарт улс төрийн нөлөө ороод ирчихсэн.Тухайлбал, С.Төмөр-Очирыг МАН нь томилсон. Би бол АН-ын хүн. Гэтэл одоо Л.Гантөмөр сайдын үед Японд сургууль төгссөн хүнээ захирал болгож байна. Өмнө нь нутгархдаг байсан бол одоо сургууль төгссөн газраараа нэгдэж нийлдэг болчихож. Салбар сургуулийн захирлууд ч тийм болж байна. Японууд хүртэл ярьж байна “Манайд сургууль төгссөн хүмүүс Монголын боловсролыг атгаж байна” гэж. Гэтэл улсын ирээдүй чинь боловсрол шүү дээ. Гэхдээ ректорын сонгон шалгаруулалтад орох тоолонд миний санал болгож байсан зүйлүүд хөтөлбөрт нь ордог. Би захирал болоогүй ч миний урд орсон хүмүүс дэвшүүлсэн саналуудыг маань хэрэгжүүлээд явж байгаа. Тэр нь боловсролын салбарт, сургуульд маань ашигтай юм даа.
-МУИС шинэчлэл хийж, тэр нь ихээхэн хэл ам татлах болсон. Эхлүүлээд байгаа ажил нь зөвхөн их, дээд сургууль гэлтгүй, Монголын боловсролын салбарт ямар үр дүн авчрах бол?
-Бүтээх хэцүү, нураах амархан. Хэр тогтвортой байх вэ гэдгээс их юм шалтгаална. ОУХДС-ийг байгуулчихаад би 20 жил сахисан. Дипломат болж гадаадад суу гэхэд нь яваагүй. Явчихвал сургууль маань тарчих гээд байсан. Өнөөдөр харин тогтвортой байна. Зарим нь намайг “Шаварт унасан шарын эзэн” энэ тэр гээд шоолонгуй ярьж, бичдэг ч хамгийн гол нь сургууль маань улсад хэрэгтэй юм. Олон жилийн түүхтэй дипломатын академи Австрийн Вена хотод төвлөдөг бол манайх тэнд болдог их сургуулиудын хуралд 17 удаа оролцсон, Азийн гадаад харилцааны 45 их сургуулийн жагсаалтад эхний наймд ордог. Шинэчлэлийн тухайд бол МУИС энэ намаржин туйлширсан. Бүтцийн өөрчлөлт хийгээд таван сургуультай болсон. “Сургуулийн удирдлагад итгэл хүлээлгэх үү” гэсэн санал асуулга ихээхэн явагдлаа. 80 хувь нь “үгүй” гэсэн. Тиймээс байдлыг харья. Их сургууль гэдэг орвонгоор нь эргүүлчих газар биш, хэдэн зуун жил явж ирсэн уламжлал шүү дээ.
-Монгол-Хятадын харилцаанаас та юу анзаардаг вэ?
-Хятадууд манай улсыг өөрсдийн эсрэг гурван улсын нэг гэж үздэг. Тэр нь Америк, Япон, Монгол. Яг энэ хэмжээгээр монголчуудаас сэрэмжлүүлдэг. Манайд дөрвөн жил болоод бодлого нь солигддог, төр нь тогтвортой биш. МАН төр барьж байхдаа 350 сая ам.доллар аваад сонгуульдаа зарцуулчихсан. “Саус Гоби Сэндс”-ийн захиалгаар урд хөршид хагас жил нүүрсээ үнэгүй өглөө. Өр нь одоо л дарагдаж байх шиг. Тэгэхээр монголд парламентын засаглал хэрэгтэй юу гэдгийг бодох цаг болсон. Дөрвөн жилийн эхний жил нь ажлаа судална, дараагийн жилд овоо болно, гурав дахь жилээс ирэх онд сонгуультай гээд Сонгуулийн тухай хууль яриад явчихдаг учраас төрийн ажил цалгарддаг. Ийм учраас би “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжиж байгаа. Одоо шинэчлэлийн Засгийн газар тийм байж чадахгүй байна шүү дээ. Хэзээ ухаалаг болох юм бол, хэзээ монголчууд үндэсний сэхээтэн, дотоодынхоо эрдэмтэй хүмүүсийг дээдэлдэг болох вэ. Бид зүгээр нэг тэмцээнд ороод медаль авсан хүнээс дор байна шүү дээ.
-Та судлаач болохын тулд таван жил хятад хэл үзсэн гэсэн. Дэлхийн том зах зээлийн нэг болсон энэ хэлийг сурахад хялбар арга гэж байна уу?
-Дэлхийн тэрбум 300 гаруй мянган хүн энэ хэлээр ярьж байна. Зүүн өмнөд Азийн AСЕАН-ны орнууд Сингапур, Малайз, Тайландын ихэнх нь хятад гаралтай улсууд байгаа шүү дээ. Тэгэхээр бид өмнөд хөршөө эртнээс судалж эхэлсэн байгаа юм. Гэхдээ хятад хүний ухааныг ойлгоход хэцүү. Манайх шиг ойворгон, гэнэн цайлган биш. Сэтгэхгүй нь өндөр. Нэг жишээ хэлье л дээ. Хятадууд “Ууланд авирах амархан, буух хэцүү” гэж ярьдаг. Тэгвэл манайхан эсрэгээр хь “Ууланд авирах хэцүү, буух амархан” гэх жишээтэй. Тэгэхээр 100 хувь өөр байгаа биз. Тэнд огт өөр соёл, өөр бодлого явж байна. Манайхан урд хөршөө сайн судлахын тулд хэлийг нь сурах хэрэгтэй. Ганц хятад гэлтгүй хоёр хөршийнхөө хэлийг сайн сурч, найрсаг харилцаатай байх ёстой. Хэлэн дотроо аливаа улсын ухаан нь явж байдаг. Хятад хэлийг сурахад ярианы хэлийг амархан сурч болно. Бичиг үсэг гэвэл 56 мянган ханз байна. Түүнээс 5-6 мянгыг нь мэдэж байж боловсролтой хүнд тооцно. Бичгийн хэл нь өөр. Ихэнх багш цээжлэх сайн, гартаа оруулж нүдэндээ дасга гэдэг. Гартаа оруулна гээд цээжилдэг, бичих гэхээр гарт ороогүй учраас болдоггүй. Тэгэхээр аль ч хэлийг өөрийн хэрэглээ талаас бодох ёстой. Бизнес хийдэг хүн бол ярианы хэлтэй байхад болчихно. Түүх судлах бол эхлээд ном сурвалжийг нь үзэх хэрэгтэй.
-Ингэхэд Сүхбаатар аймгийн музей дэх нутгийн алдартнуудын буланд “Нэг гэр бүлээс төрсөн гурван эрдэмтэн” гээд танай гэр бүлийн тухай өгүүлсэн байсан?
-Миний аав Жамсран гэж Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хүн байлаа. Харин дүү Ж.Урангуа маань Их сургуулийн түүхийн тэнхимийн профессор. Бид гурав нийлээд шинжлэх ухааны холбогдолтой 50 ном бичсэн. Улсынхаа оюуны салбарт оруулсан хөрөнгө оруулалт юм даа.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: