Сэрдэггүй, сэхдэггүй үйлдвэрчин
- Х.АМГАЛАНБААТАР МААНЬ “ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭ” ГЭХ “СЭМЭРСЭН ХӨНЖИЛД” НОЙРСЧ БАЙГАА -
Монголд, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо гэж УИХ-ын гишүүн бэлтгэх дамжаа ч гэмээр юмуу, дамжлага ч гэмээр юмуу байгууллага бий. Г.Адъяа гэгч хүн энэ холбоог олон жил удирдсан. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихэд Адъяа дарга маань хамгийн баян үйлдвэрчний байгууллагыг удирдаж байсныхаа хэргийг ч хийх шиг болсон. Өнөөх их олон амралт сувилал, барилга байшин, зуслан бүгд танил тал, хувь хүний эзэмшилд очиж, Адъяа дарга мааньулсын их хурал руу зүтгэсэн гэдэг. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарсан, баримт нь тухайн үед Үйлдвэрчний йлдвэрчний эвлэлийн эвлэлийн эвлэлийн хянан шалгах байгууллагыг удирдаж байсан Ж.Октябрийн сейфэнд хадгалагдаж байдаг юм билээ. Г.Адъяа дарга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөөд одоо эргэж Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоогоо удирдахаар ирсэн байна билээ. Энд дахин “дамжаа дүүргээд төрд зүтгэх гэж байгаа юм болов уу даа. Дараа нь С.Ганбаатар гэж хүн МҮЭ-үүдийн холбоог удирдсан. Хэлэмгий, хурц дайчин энэ хүнийг манай ард түмэн, уг нь гайгүй удирдагч гарч ирлээ хэмээн баярлаж байсан юмсан. Талбайд юмуу, хурал цуглаан дээр ядарсан биднийгээ өмөөрч хамгаалсан үг хэлдэг сүржин дарга л даа. Даанч дээшээ очоод засгийн газрын гурван талт хэлэлцээрт орохоороо л нэвширтлээ зодуулчихсан хүүхэд шиг, хөлс ус нь гоожсон хөөрхийлөлтэй амьтан гарч ирнэ. Хамгийн сүүлчийн нэг хэлэлцээрээс гарч ирэхэд нь манайхан “Хөөрхий дөө, энэ муу Ганбаатарын байгаа царайг. Усанд унасан хулгана шиг юм гарч ирж байна” хэмээн шоглоом болгож байсансан. Засгийн газартай хийсэн гурван талт хэлэлцээ гэгч тэгээд л замхардаг.
Цаасан дээр гурван гарын үсэг үлдэж, цалин тэтгэвэр нэмэгдэх нь бүү хэл, бид ерөнхий сайдад “Инфляци хөөрөгдсөн мөнгө иддэг малууд” гэж загнуулаад л өнгөрдөг юм даа. С.Ганбаатар маань 2012 оны УИХ-ын сонгуулиар, хувиараа нэр дэвшиж хамгийн олон санал авсан. Үүнийг эрхэм түшээ юу гэж бодож явдаг юм, бүү мэд. Эрийнхээ сайнд энэ том парламентын босго алхлаа гэж бодож явдаг юм уу, эгэл олныхоо төлөө чөмгөө дундартал зүтгээрэй гэсэн ард түмний захиас гэж бодож явдаг юм уу, мэдэхгүй юм. УИХ-ын танхимд бол хааяа зоримог дуугарах юмаа. Тэр, эх орон ард түмнээ мартчихаад, нүдэнд нь цалин цагаан мөнгө харагдаад байгаа олонх түшээдийг бодвол овоо л дуугарах юм. Даанч хүч нь сулдаад, түрлэг дутаад байгаа юмуу даа. С.Ганбаатарыг залгамжлагч МҮЭ-үүдийн холбооны одоогийн ерөнхийлөгч нь Х.Амгаланбаатар. Дэд ерөнхийлөгчөөс эхлээд энэ өндөр албанд олон жил зүтгэсэн, ард түмнийхээ зовлонг, тэр дундаас ажилчин хүний зовлонг мэдвэл мэдэхээр л болсон хүн. Бас л ирээдүйн парламентын суудал зүүдлэгдээд, сэтгэл дутаад байх шиг байна. Улс орон, ард түмэн чинь хөөрхий боллоо шүү дээ. Элгэндээ тэврэх эзэн алга. Харийнхантай сүлбэлдсэн хэдэн хүн, хамаг баялгийг маань хил давуулсан хэрнээ бидэнд сохор зоос ч хялайлгахаа байлаа. Юм л бол “Өр тавьж та нарыг хавтгайруулж халамжлаад инфляци өсчихсөн.
Одоо бүсээ чанга бүсэл” гэж загнах болов. Инфляци гэж айлгадаг “мануухай” нь үнэн ч гардаг юм уу, худлаа ч гардаг юм уу бүү мэд. Хэдэн зуу, мянган төрөл төрөгсдөө төрийн албанд залчихаад цалин хүүдийлэхээрээ инфляци өсдөггүй, харц арддаа халамж гэж хэдэн төгрөг өгөхөөрөө тэнгэр тултал өсчихдөг инфляцийн учрыг, мань мэт нь ойлгохгүй л байгаа юм. Монголчууд борив бохисхийлгүй зүтгэж мөн ч их татвар төлж байгаа. Дээрээс нь эзэн Чингисийн нэртэй, “эрлэг” самурайн хочтой, мөн ч их мөнгө цутгаж орж ирлээ. Ард түмний нүдэнд үзэгдэж, гарт баригдсан юм алга л байна. Цаасан дээрх зураг төсөл, телевизийн дэлгэцэн дэх бичээс бол их байна аа. Бид унтахдаа “амар сайхандаа жаргаж гэнээ” гэсэн буурлуудынхаа үлгэр сонсоод унтдаг байсан бол одоо орой болгон “Улаанбаатарын 18 км метро” “Сайншандын үйлдвэрлэлийн парк” “Говийн 1800 км төмөр зам” “ТЭЦ-5 цахилгаан станц” “Гэр хорооллын дахин төлөвлөлт” … гэх зэрэг Н.Алтанхуяг, Э.Бат-үүл нарын үлгэрийг сонсоод хар дарж унтах боллоо. Сонгуульт хугацаа бараг дундаа орж байхад, замын хэдэн уулзвар өргөтгөж, хогийн ногоон уут тараахаас цаашгүй суугаа энэ хүмүүст хэн итгэх болж байна аа. Жил зургаан сар ярьсан ахмадуудын тэтгэврээ саяхан тараалаа. Нэг, хоёрдугаар сарын нэмэгдлийг цагаан сарын дараа олгоно гэж байсан нь энэ. Бараг бүх хүний тэтгэвэр хорь орчим мянган төгрөгөөр нэмэгдэж. Энэ чинь хоёрхоёр сарын нийлбэр шүү дээ. Намайг гүжирдлээ гэж магадгүй л дээ. 280 мянган төгрөгийн тэтгэвэр авагч 311 мянгыг авч. 409 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн 431 мянгыг авсан байна. 180 мянган төгрөгийн тэтгэвэртэн 206 мянган төгрөг авлаа. Үүнийг хоёр сардаа хуваахаар 2,7-7,2 хувь нэмсэн байгаа биз дээ. Энэ бол хамгийн бага тэтгэвэрүүдийг “их” нэмчих нь энэ. Өндөр тэтгэвэртнүүд бол үүнээс бага хувиар нэмэгдсэн байж таарна. Тэгсэн чинь өнөөх төр, засгийн эрхмүүд маань телевизээр орой болгон цалин тэтгэврийг 15-30 хувь нэмлээ” хэмээн хашгичиж байгааг та бүхэн сонсч байгаа байх. Энэ засгийн газар ард түмнээ ингэж л молигдож байгаа. Бүх зүйлийн үнэ тариф тэнгэрт хадчихсан байгаа шүү дээ. Бид ч яахав ингэж доромжлуулах одонд төрсөн юм байгаа биз. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахаар байшин дүүрэн ширээ сандал эзэлчихээд, татварын мөнгө зулгааж суугаа Үйлдвэрчний эвлэлийн холбоо түүний удирдлагууд хаа байна аа. Өнөөх ажил олгогч эздийн байгууллага яасан бэ? Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ч билүү сайхан нэртэй байгууллагынхан хаана явна? Үнэний төлөө гайгүй дуугардаг байсан иргэний хөдөлгөөний удирдагчдыг нь аваачаад 22 жилийн ял оноон шоронд хорьчихсон.
Эх орон ард түмнийхээ төлөө овоо дуугарч явдаг хэдийг маань Их хуралд аваачаад, хүршгүй суудал, баршгүй мөнгөөр амыг нь барьчихсан. Ахмадын хорооны Г.Баасан ерөнхий сайдын зөвлөх болчихсон “талбайд тэмцэж явж билээ” гэвэл ичих байлгүй. Хана хэрэм шиг цагдаа нарын дундуур ганцаараа зүтгэж байгаа Г.Баасангийн фото зурагт: “Монголын харгислалын хана хэрэм рүү ганцаараа” гэсэн тайлбар бичиж байсан би ч гэсэн өнөөдөр ичиж байна. Ийм нөхцөлд ард түмэн л хохирдог юм байна. Тэднийг харж хамгаалах хүнгүй болдог юм байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийн зовлон ирдэг юм байна. Төрийн сүлдэндээ залбирдаг байсан ард түмэн өнөөдөр хүрээ хийд дүүрэн очерлож буян заяагаа тэнгэр бурхандаа даатгах боллоо. Энэ энэрэн хайрлах эзэнгүй болсон ард түмнийг С.Ганбаатар, Г.Адъяа, Х.Амгаланбаатар нар минь харахгүй байна гэж үү. Дэлхийн бүх улс оронд Үйлдвэрчний байгууллага бий. Тэд эх орон, ард түмнийхээ төлөө яаж тэмцдгийн жинхэнэ үлгэр дууриаллыг бидэнд харуулдаг. Лех Валенса гуай манай оронд зочлоод Польшийн үйлдвэрчний байгууллагыг яаж удирдан амжилтад хүргэ снээ ярьсан байна билээ. Захын туршлага энэ л дээ. Гэхэд манай үйлдвэрчний байгууллагын байгаа царайг. Хааяа сүржин мэдэгдэл хийж, гурван талт хэлэлцээрт гарын үсэг зураад “эс биелүүлбэл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэдэг “тарина” –аа уншаад л таг чиг болдог. Би хааяа бодох юм. Монголд ийм үлбэгэр мохоо, засгийн газрын “ганзагалаа” байх шаардлага байна уу гэж. Ажил хийдэг бүх хүнээс татвар авч энд тэндхийн хандив тусламжаар пологтож суугаа энэ хэдэн хүн сандал ширээгээ, дөрвөн давхар барилгатайгаа хураалгачихвал яасан юм. Ард түмэн чинь ядуурлын туйлд хүрлээ. Улс орны чинь хөгжил цаасан дээр “сүндэрлэж” үлдлээ. Монголчууд хэдэн үеэрээ төлж барахгүй өрөнд орлоо. Эд чинь дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж аваад нэг л өдөр гадаадынхаа эдлэн рү арилсан байна. Харийн банкинд чихчихсэн мөнгөнийх нь сэжүүр илрээ биз дээ. Эрхэм дээдэс минь энэ орныг харсаар байгаад мөхөөх юмуу.
(Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн)
Сэрдэггүй, сэхдэггүй үйлдвэрчин
URL: