Ч.Сайханбилэг сайд сайхан үлгэр ярив
Ардчилсан намын 4:11 уулзалт гэгч зүйл болжээ. Уулзалт ч юу байхав, Ч.Сайханбилэг сайдын үлгэр сонсох цаг гэж нэрлэвэл сайхан зохицох билээ. Үүгээр тэрээр 2014 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч дээ. Юуны өмнө “шинэчлэлийн” гэх Засгийн газар нь бүтээн байгуулалтыг далайцтай эхлүүлэх зорилго тавьж санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлэхээр төлөвлөснөө сүржин ярив. Мэдээж үүгээр өнөөх л “Чингис бонд”, “Самурай бонд”, гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт, Концессын гэрээ, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэргийг ашиглах тухай үлгэр ярив. Үлгэр гэсний учир бас бий. Яагаад гэхээр “Чингис” бондын мөнгө л лав дууссан. Одоо бүтээн байгуулалтад оруулах бондын мөнгө гэж байхгүй учраас үлгэр гэсэн хэрэг. Мөн “Самурай” бондын мөнгө ч Ч.Сайханбилэг даргын ярьж байгаа шиг ямар нэг бүтээн байгуулалтад орохгүй, ороо ч гүй. Яагаад гэхээр өнгөрөгч 2012 оны сүүлч, 2013 онд барьсан зам гүүрийн ажлыг гүйцэтгэсэн үндэсний компаниудад өртэй учраас энэ мөнгийг үндэсний хэдэн компанид өгсөн. Өгсөн юу байхав, Засгийн газар “Самурай” бондоор өрөө төлсөн гэсэн үг. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн яриа хэнд ч шал дэмий санагдана. Үлгэрийн оршил ингэж эхэлнэ.
Үлгэрийн эхлэл:Х.Баттулга ахынхаа нууц гэрээг яриагүй биз
За тэгээд үлгэр цаашаа явна даа. Үйлдвэржилтийг дэмжих хүрээнд экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүнээ дотооддоо хийх зорилго тавьсан. Иргэдээс 1151 төсөл хүлээн авсан. Энэ чиглэлд нэг их наяд төгрөг зарцуулна. “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх хүрээнд 237 км төмөр зам барих ажил эхэлнэ, чиглэл нь Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл үргэлжлэнэ. Аа бас болоогүй ээ, нүүрснээс шингэн түлш гаргах төслийг Германы талтай хамтран хэрэгжүүлэх бол нүүрснээс хий гаргах томоохон төслийг Хятадын төрийн өмчит компанитай хамтран хийх гэнэ. Төсөл бүрэн утгаараа хэрэгжсэн нөхцөлд Монгол Улс нефтийн хэрэглээгээ дотоодоосоо хангах бололцоог олгохын зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нүүрснээс хий гаргах технологи үр дүнгээ өгнө гэж эхлэнэ дээ. Юутай ч оршил хэсэгт өнөөх “Шинэ төмөр зам” төслөө өөрийн эрхгүй дурдаад авчээ. Уг нь их инээдтэй, энэ төслийн зохиогчийн эрх нь “женко” Х.Баттулга гэж байгаа. Ч.Сайханбилэг дүү нь яриад байгаа болохоос биш. Энэ гэрээг хамтарсан Засгийн газрын үед Х.Баттулга салбарын сайд байхдаа солоносчуудтай нууцаар хийсэн тухай мэдээлэл бий. Үүнийг нууц биш гэдгийг батлах гэж шүүхээр ч явсан. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн үлгэрт гараад байгаа төмөр замын төсөл шинэ нь үү, эсвэл Х.Баттулгын нууц гэрээн дээр суурилсан луйвар уу гэдэг ч тун бүрхэг.
Үлгэрийн өрнөл:“ДЦС-5”-аа хэргээр мартав
Ч.Сайханбилэгийн үлгэрийн өрнөл хэсэг сайхан. Өнөөх авто замын салбарт зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилнэ. Үүнд Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Өмнөговь аймгууд багтжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулахын тулд өнгөрсөн онд “Гудамж” төслийн хүрээнд 18 уулзварыг өргөтгөн шинэчилсэн, энэ ажил үргэлжилж 15 уулзварыг өргөтгөх аж. Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах, орон сууцжуулах ажил үргэлжилнэ. Эрчим хүч, дулааны эх үүсвэрийг шийдэх хүрээнд Амгалан дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа бол Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 50 МгВ-таар, Дулааны IV цахилгаан станцыг 100 МгВ-таар тус бүр нэмэгдүүлнэ. Найман аймгийн дулааны станцыг шинэчлэх хийгээд шинээр барих ажил хийгдэнэ, мөн аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажил нэгэн зэрэг эхлэх гээд хүн хүч шаардсан бүтээн байгуулалт урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн оволзоно гээд бурж байна. Хамгийн гол нь өнөөх яриад байсан “ДЦС-5”-ын тухай нэг ч үг өгүүлбэр хэлсэнгүй. Угаасаа тэдний пиарын хэмжээ ч энэ төсөлд багдаж таарна. Тиймээс үүнийг мартагнуулах тийшээ явж байгааг төвөггүйхэн харуулж байна.
Үлгэрийн тайлал: “Чалко”-гийн өр яах вэ, банкуудад тавьсан өрийг яах вэ
“Эрдэнэс тавантолгой” компанийг хэвийн ажиллаад явах бололцоог зээл авч шийдэхээс өөр арга байгаагүй. Өмнөх Засгийн газрын үед тавигдсан өрийг дарахын тулд ажиллахаас аргагүй байсан гэсэн үг. Мөн нэгэнт зээл аваад иргэддээ тараагаад өгчихсөн асуудлыг цэгцлэхийн тулд “шинэчлэлийн” гэх Засгийн газар хэд, хэдэн арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, энэ онд өрийг бүрэн барагдуулна, Тавантолгойн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, өөрийн үйлдвэрлэлийн өртгийг багасгах чиглэлээр томоохон ажлууд эхлэхээр бэлтгэл хангаад явж байна. Ялангуяа нүүрсний экспорт дээр илүүтэй анхаарч, долоо хоног тутамд нүүрсний экспорт хэр явж байгаа, ямар алдаа гарч байна, ямар бололцоо гарч байна вэ гэдгийг идэвхитэй ажиглаж тухай бүрт нь тохирсон арга хэмжээ авахын төлөө ажиллаж байна гээд сайхан зална. Уг нь өнөөдөо “Эрдэнэс Тавантолгой” компани “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хөгжлийн банк”, дампуурахдаа тулсан “Голомт” банкинд тавьсан өр нь “Чалко”-д тавьсан өрнөөс давчихсан гэж байгаа. Тодруулбал, нийт өрийн хэмжээ 256 сая ам.доллар болчихсон. Шуудхан хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой”-н өрнөөс болоод арилжааны банкууд ч хүндрэлд орж магадгүй болоод байгааг шинжээчид хэлж байна.
Үлгэрийн гажуудал:Англи, АНУ-аас мөнгө зээлнэ гэдгээ хэлэв бололтой
Үлгэрийн төгсгөл бүр ч янзийн сайхан. УИХ-аас хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд хэд, хэдэн хууль баталсан гэнэ. Уг нь өөрсдөө хөрөнгө оруулагчдаа хөөж явуулчихаад сүйрлийн ирмэгт ирэхээрээ хууль баталж байгаа санаатай. Судлаачдын үзэж байгаагаар хөрөнгө оруулалтын батлагдаад хэрэгжих хугацаа 2-4 жилийн хугацаа шаардагдах ёстой аж. Тэгэхээр үүнийг хүлээх юм бол байдал улам дордоно. Цаашлаад хамгийн сүүлд алтны татварыг бууруулах хуулийг баталлаа. Энэ нь валютын нөөцийг бүрдүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ гэж харж байгааг бардамхан дуулгав. Мөн хэлэхдээ нөгөө нэг бололцоо нь, Лондон, Нью-Йорк, Хонконг зэрэг орнуудад очиж хөрөнгө татах гарц хайна. Улс орнууд ийм замаар хөрөнгө оруулагчдыг дууддаг, энэ ажлыг хавар зохион байгуулна. Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид дээрх орнуудад айлчилж, Монголд хөрөнгө оруулах ийм таатай орчин бүрдлээ, ийм ажил хийх бололцоо байна гэдгээ зарлана гэнэ. Бас л бонд босгох, өр тавих ажлаар явах гэж байгаагаа цэвэрхэн хэлбэрээр дуулгаж байгаа нь энэ байх л даа. За тэгээд үйлдвэржүүлэлтийг хөгжүүлэх чиглэлээр иргэдээс авсан 1151 төслийг сонгон шалгаруулахдаа нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллах болохоор шударга зарчмаар хуваарилагдана гэж харж байна гээд ёстой сайхан залж байна,аа.
Үлгэрийн төгсгөл:
Засгийн газрын сайд хүн дандаа худлаа хөрөнгө оруулалт, том том бүтээн байгуулалт яриад хамраа сөхөөд байлтай биш, бас чиг тэтгэвэр тэтгэмж гээд хөндөж боломгүй байдалд байгаа асуудлыг ч шахалтад орж хариулсан юм. Тэрээр тэтгэврийн тухайд, хэд хэдэн зарчим барьсан. Нэгдүгээрт, цалин, тэтгэврийн нэмэгдлээр Засгийн газрын рейтингийг өсгөдөг он удаан жилийн практикаас татгалзсан. Хоёрдугаарт, бага тэтгэврийг өндөр нэмэх бодлого барьсан. Хамгийн бага тэтгэвэр 182.000 төгрөг байсан бол нэмэгдсэнээр 207.300 төгрөг болж өссөн. Өндөр тэтгэвэр буюу 400.000-500.000 төгрөгийн тэтгэвэртэй хүмүүсийн нэмэгдэл өөр дүн гарна гээд Н.Алтанхуяг ахынхаа ярьдгийг хуулаад ярьчихав.
А.Гал
URL: