Д.Ангараг: “Оскар”-т явах эсэхээ одоогоор шийдээгүй байна

7107b1 2679 x678“The OSCARS 2014 I 86th Academy Awards” шагнал гардуулах ёслолын бух арга хэмжээнд оролцох урилга зөвхөн түүнд ирсэн.

Кино зураглаач Д.Ангарагийг энэ буландаа урьж ярилцсан юм.

Түүнд Америкийн кино зураглаачдын холбооны шугамаар “the OSCARS 2014 I 86th Academy Awards” шагнал гардуулах ёслолын бух арга хэмжээнд оролцох хоёр урилга иржээ гэсэн мэдээллийн талаар өөрөөс нь тодруулахаар холбогдсон юм.

-Сайхан мэдээ сонсоод ярьж байна аа. Танд Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох боломж олгосон урилга иржээ. Баяр хүргэе?

-Баярлалаа.

-Тэгэхээр удахгүй Америк явах нь ээ?

-Шагнал гардуулах ёслол ирэх гуравдугаар сарын 2-нд болно. Хэрвээ түүнд оролцохоор болбол наана нь амжиж очих ёстой. Одоогоор шийдээгүй байна. Учир нь үүнээс өмнө Италид нэлээд хугацаагаар байж ажил амжуулах ёстой. Тухайн үед ажил бүтэмжтэй байвал очихыг бодолгүй яах вэ.

-Урилга ирсэн гэдэг нь ёслолд оролцох болон бусад зардлыг даана, хөнгөлнө гэсэн үг биш байх. Очихоор бол бүх зардлаа өөрөөсөө гаргах уу?

-Тэгнэ. Энэ бол зүгээр л урилга. Америкийн кино зураглаачдын холбоотой би хамтарч ажилладаг. Энэ хүрээнд тус улсад сургалтад хамрагдаж, кино зураглаачидтай хамтарч янз бүрийн арга хэмжээнд оролцож байлаа. Энэ жилээс тус холбооны албан ёсны гишүүн болж байгаа. Тийм болохоор ажил хэргийн холбоотой кино уран бүтээлчдээ урилга ирүүлсэн хэрэг.

-Зөв зөв. Нөгөө урилгаа хэнд бэлэглэе гэж бодож байна даа?

-Одоогоор шийдээгүй байна. Эхлээд өөрийнхөө ажил төрлийг зохицуулъя. Тэгж байж болно доо.

-Италид ямар ажлаар очих вэ?

-Тэнд урьдаас төлөвлөсөн олон улсын түвшинд, Европын зах зээлд бүтээлээ гаргах тухайд продюсеруудтай уулзаж зөвлөлдөх ажил бий.

-Европын зах зээлд ямар бүтээлээ гаргахаар зорьж байна?

-Энэ талаар дараа мэдээлье ээ.

-Тэгвэл одоо ямар шинэ бүтээл дээр ажиллаж байна даа?

-Түүхэн хоёр киноны ажил зэрэг явж байна. Нэг нь аварга Хадбаатар агсны тухай, нөгөө нь Өүлэн эхийн тухай.

-Энэ хоёр киноны зохиолыг хэн бичсэн юм?

-Хадбаатарын тухай киноны зохиолыг Д.Энхболдбаатар, харин нөгөөг нь Сэлэнгээ гэж эмэгтэй бичсэн. “Өүлэн эх”-ийн зураг авалтыг ирэх зургаадугаар сараас эхэлнэ. Киноны нээлт 2015 оны эхээр болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Америкт таны зураг авалтыг нь хийсэн ямар нэг кино гарсан уу, өөрөөр хэлбэл олон нийтийн хүртээл болсон уу?

-Олон нийтэд гаргаагүй ээ. Харин тэндхийн Кино зураглаачдын холбооны шугамаар бол киноны мэргэжилтнүүдэд “Бодлын хулгайч”-ийг үзүүлсэн.

-Тантай уулзвал нэг асуултад хариу авна гэх бодож байлаа. Одоо асуучихъя. Таны авсан давхиж яваа адууны зураг их гоё бүтээл санагддаг. Морин хуурын чуулгын 20 жилийн ойн том зургийн цомгийн нүүрэнд гарсан даа. Энэ хаана авсан зураг вэ. Монгол адуу юу, гадаадад авсан зураг юм уу?

-Монгол адуу. Энэ зургийг Ховд аймгийн Дарви суманд авсан.

-Их сүрлэг адуу. Гадаадын том биетэй адуу юм байх гэж бодсон…

-Уг нь зүгээр л монгол адуу. Гэрэл зургийн дуранд гарсан байдал нь иймэрхүү харагдаад байгаа юм. Түүнээс биш жирийн монгол адуу.

-Их холоос авсан уу?

-Бараг 600-аад метрийн цаанаас. Давхилт дунд нь дарсан зураг.

-Одоогоор “Юнител” cap шинийн бэлгийн картаа таны энэ зургаар чимжээ. Мэдээж оюуны бүтээлийг тань үнэлж авсан байх, тийм үү? 

-Тэгсэн. Оюуны өмчийн хуулийн хүрээнд гэрээгээр зөвхөн цагаан сарын бэлгийн карт дээр л ашиглана гэж гэрээ хийсэн. Би чинь оюуны өмчөө хамгаалж нэлээд зарга хийдэг нөхөр байгаа юм.

-Зөв шүү дээ. Өөр хаана ч билээ бас гарсан байсан шүү. Танд мэдэгдсэн болов уу?

-Одоогоор “Юнител” л ашиглаж байгаа. Хэрвээ өөр юман дээр тавьсан бол тэр хулгай.

-Нэг холбогдсоных кино, “Оскар”-ын урилгаас өөр сэдвээр яриад амжлаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

“The OSCARS 2014 I 86th Academy Awards” шагнал гардуулах ёслолын бух арга хэмжээнд оролцох урилга зөвхөн түүнд ирсэн. Тэгэхээр түүний хийсэн бүтээснийг нь кино урлаг өндөр хөгжсөн орны мэргэжилтнүүд үнэлжээ гэж ойлгохоос аргагүй. Сүүлийн үеийн хамаг л сайн кинонуудын зургийг авч мэргэжлийн ур чадвараа сорьж яваа залуу кино зураглаачийн хүрэх газар олон, хийх ажил их биз ээ. Амжилт хүсье


URL:

Сэтгэгдэл бичих