Дагуул

527-1389842407176d10fc58deab50bigУИХ-д “Кнопны үүрэг гүйцэтгэгч” хэмээх нэрийг зүүсэн гишүүд цөөнгүй бий. Улс эх орных нь эрх ашиг бус өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн үед л аргагүйн эрхэнд микрофоноо асааж, ганц нэг үг хэлдэг энэ эрхмүүдийг сонгогчдынхоо итгэлийг уландаа гишгэсэн гэхэд болно.

Ийм гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Б.Наранхүү, О.Содбилэг, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Б.Болор, Ц.Дашдорж, Д.Сумъяабазар, Ш.Түвдэндорж нар албан ёсоор ордог. УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийг “Үгээ хэлж суртал хугацаа хэрэгтэй” хэмээн хууччууд нь өмөөрдөг ч энэ дунд УИХ-д нэг бүү хэл нэлээд хэдэн удаа сонгогдсон гишүүд цохиж яваа нь үнэхээр харамсалтай.

Гэхдээ энэ хүмүүс сонгогчдын саналыг луйвардаж авсан байж болзошгүй гэдэг асуудалд орчихоод байгаа. Энэ бүх шалтгааны улмаас манай сонин “Улс төрд жинхэнэ улстөрчид хэрэгтэй байна” буланг нээж, уншигчдадаа эдгээр гишүүдийн талаарх цуврал нийтлэлийг хүргэхээр шийдээд байна. Энэ удаагийн дугаараараа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг танилцуулахаар сонгосон юм.

Түүний талаар ийм нэгэн явган яриа байдаг юм билээ. “УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгааны үеэр эрхэм гишүүн маань тойргийнхоо сонгогчдод сонгуулийнхаа сурталчилгааг хийж явахдаа нэгэн суманд очжээ.

Тохиолдлоор сумын Засаг дарга түүнтэй ижил өнгийн дээл өмссөн байж. Нэр дэвшигч Д.Ганбат сумын Засаг даргатай хамт иргэдтэй уулзалт хийж байх үеэр нэгэн сонгогч “Сумын Засаг дарга ганцаараа л яриад байх юм. Энэ хоёр хүний чинь хэн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байгаа юм бэ” хэмээн асуусан гэдэг. Энэ бүхнээс үзэхэд, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг угийн дуугай хүн юм гэж өмөөрч болох ч нэгэнт л сонгогчдынхоо итгэлийг хүлээж УИХ-д сууж байгаа хүний хувьд улс эх орон, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө дуугарахыг шаардах эрх сонгогчид нь бий.

Түүнээс биш ямар нэгэн фракцийн эрх ашгийн төлөө дуугар гэж сонгогчид нь түүнийг УИХ-д өөрсдийгөө төлөөлүүлэн илгээгээгүй. Түүнийг “УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг хаана л явна тэнд дагаж явсныхаа хүчинд сонгогчдын итгэлийг хүлээж чадсан” гэсэн утга бүхий мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цөөнгүй гарч байсан.

Үүнийг батлах мэт баянхонгорчууд “Бид УИХ-ын 2008 оны сонгуулиар манай нутгаас сонгогдсон хоёр сайдыгаа л УИХ-ын 2012 оны сонгуулиар гарч ирэх байх гэж бодож байсан” хэмээн ярьцгаадаг юм билээ. Баянхонгорчууд ямар учир ингэж хэлэв гэдгийг Д.Ганбат гишүүн тунгааж үзэхэд илүүдэхгүй мэт. Тэр Х.Баттулга гишүүнийг дагаж явсныхаа хүчинд УИХ-ын гишүүн болсон. Харин одоо өөрийгөө хэн бэ гэдгээ сонгогчдодоо харуулах ажлыг хийх ёстой. Харин хэн нэгний нөмөр бараадан үг хэлж, үйлдэл хийсээр байх юм бол 2016 онд ч “Д.Ганбат гэж гишүүн байдаг байсан юм уу” гэсэн асуулттай үлдэх бий вий. Өөрөөр хэлбэл, өнөөдөр тэр дагуул болж амьдарсаар байх уу гэдгээ шийдэх сонголт дээр тулж ирээд байна.

Баянхонгор аймгийн Бууцагааны “угшилтай” тэрбээр ЗХУ-ын Киев хотод цэргийн инженерийн сургуулийг инженер, механикч мэргэжлээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгсжээ. Инженер, механикч, ор-чуулагч, эрх зүйч мэргэжилтэй түүнийг УИХ-д сонгогдохоосоо өмнө Монгол, Оросын хамтарсан “Баянбулаг” компанид дэд захирал, “Техник Импорт” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий захиралаар ажиллаж байсан. Ардчилсан намын МоАХ фракцид харьяалагддаг. “Мил хаус” гурилын үйлдвэрийн хөрөнгө оруулагч гэдгийг ихэнх хүн мэддэг. Уг нь тэрбээр эзэмшсэн мэргэжил, хөрөнгө чинээгээрээ хэний ч дор орохооргүй нэгэн. Харамсалтай нь дагалдагч болох одонд төрсөн бололой юм.

Р.Сарангоо

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих