“Би одоо хүртэл Сөрөлт гэдэг нэртэй хүнтэй тааралдаагүй л явна”
Хошин урлагийн жүжигчид дотроос гэнэн цайлган, томоогүй хүүхдийн дүрийг шаггүй бүтээчихдэг, эвлэгхэн хэрнээ чамгүй дуулчихдаг авьяаслаг нэгэн бол “Шинэ үе” продакшны жүжигчин СТА Л.Сөрөлт билээ. Шинэ оны босгон дээр СТА хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаалгасан “Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлттэй ярилцлаа. Түүнийг үзэгчид “Чи үрээ юунд голнов, үрээ юунд голнов” хэмээн хэлдэг Өвөрмонгол эрийн дүрээр нь сайн мэдэх биз ээ.
-Шинэ он гарснаас хойш хэвлэлд өгч байгаа таны анхны ярилцлага гэж бодож байна. Тиймээс уран бүтээлийн олз омгоос тань асуух хэрэгтэй болов уу?
-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе. Манай “Шинэ үе”-ийнхэн энэ сарын 3-наас шилдэг үзүүлбэрүүдийнхээ түүврийг тоглож эхэллээ. Саяхан продакшнаараа Өвөрмонголын цагаан сарын баярт зориулсан нэгдсэн тоглолтод оролцоод ирсэн. Үзэгчдийн сайн мэдэх “Ариунаа” нэртэй үзүүлбэрээ үзүүллээ. Өвөрмонголын үзэгчид биднийг их сайхан хүлээж авсан.
-Хэдхэн хоногийн өмнө Соёлын тэргүүний ажилтан болсон. Цол дагаж бяр гэдэг дээ?
-Шинэ оны эхний өдөр Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм цолоор шагнуулсандаа сэтгэл өндөр байгаа. СУЙС-ийг төгсөөд “Шинэ үе” продакшнд ажиллаж үзүүлбэр болгон дээрээ шинэ юм сурч, мэддэг чаддаг бүхнээ гаргахыг зорьж байсны минь үр дүн юм уу гэж бодож байна. Намайг өдий зэрэгт хүрэхэд тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа гэж хэлье.
-Cap шинийн баяр хаяанд ирлээ. Хэрхэн тэмдэглэе гэж бодож байна вэ?
-Битүүний өдөр гэр бүлийнхэнтэйгээ битүүрээд бөх үзнэ дээ. Шинийн 1-нд хамаатан садныхаа ахмад буурлууд болоод багш, Боёо ахынд очно. Ер нь хэд хоног золголт үргэлжилнэ. Түүний дараа Хөвсгөлд амьдардаг аав, ээж дээрээ очдог. Сүүлийн жилүүдэд гэр бүлтэй болоод cap шинийг сайхан тэмдлэглэдэг болсон. Өмнө нь оюутан байхдаа дүү нартайгаа бужигнаад л эсвэл найз нөхдийнхөө гэрээр, аав ээжтэй нь битүүрээд, золголт хийж өнгөрүүлдэг байлаа.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Миний хань сайхан бүсгүй бий. Халамжтай, түшигтэй үр хүүхдүүдийг нь төрүүлээд өсгөж хүмүүжүүлээд намайг өдий зэрэгт явахад ихээхэн тусалж дэмжсэн. Тийм болохоор би сайн хань эр нөхөр, халамжтай эцэг, өрхийн тэргүүн байхыг хичээж байна.
-Та үзүүлбэр болгондоо гэнэн цайлган эсвэл ааш зан нь эвдрээгүй хүүхдийн дүр бүтээдэг. Энэ таны төрөлхийн зан чанартай холбоотой юу?
-Тайзан дээр гарахын өмнө Боёо ах дүр хуваарилдаг. Надад ихэвчлэн тиймэрхүү гэнэн цайлган хүүхдийн дүр таардаг. Би ч энэ дүрээ бүтээхдээ дуртай. Ер нь Хөвсгөлийн Хатгал суманд төрж өссөн хөдөөний хүүхэд л дээ. Тэгээд ч тэрүү дүр хуваарилалт тэгж таардаг ч юм уу ихэвчлэн хүүхдийн дүрд тоглодог болчихжээ. Энэ нь миний хувь хүний зан чанартай ч холбоотой гэж боддог. Жүжигчин хүн өөрөөсөө тэс ондоо дүр бүтээх үе байдаг. Гэхдээ бас тухайн хүний ерөнхий ааш занд нийцүүлэх нь түгээмэл юм шиг санагддаг.
-Багадаа хэр сахилгагүй хүүхэд байв?
-Хүүхэд л юм чинь сахилгагүйтэх үе байлгүй л яахав. Гэхдээ тийм ч их дүрсгүй байгаагүй. Даруухан тал нь давамгайлсан хүүхэд байсан. Би нэгдүгээр ангиасаа наймдугаар анги хүртлээ Хатгалд сурсан. Тэр үед сургуулийн урлагийн үзлэг, хаврын “Яргуй” наадамд их оролцдог байлаа. Би эцэг эхээсээ дөрвүүлээ.
-Таны нэрийг хэн өгсөн бэ, нэрнийхээ утга учрыг мэдэх үү?
-Аав минь энэ нэрийг өгсөн. Хүмүүс ингэж их асуудаг л даа. Сүүлдээ жүжигт хүртэл гарч байгаа биз дээ /ИНээв/. Хүний амьдралд хэцүү зүйл тохиолдоно тэр болгоныг “Сөрж” амьдраасай гэсэн үүднээс Сөрөлт гэж нэрлэсэн гэсэн. Сонин нь би одоо хүртэл “Сөрөлт” гэдэг нэртэй хүнтэй тараалдаагүй л явна. Ер нь их ховор нэр юм байна лээ.
-Тоглолтын үеэр гарч байсан хөгжилтэй мөчүүдээсээ дурсвал?
-Тоглолтын үеэр их юм болно. Би “Шинэ үе” продакшнд ороод удаагүй байсан юм. Үзүүлбэрийн үеэр телевизийн бичлэг хийж байлаа. Тэр үед би эмэгтэй хүний дүр бүтээж байсан. Тэгсэн өсгийтэй гуталтай үсрээд буухдаа хальтирч унаад өмссөн даашинзаа урж байсан. Ядаж байхад ямар гоё урт цагаан даашинз байсан гэж санана.
Гэхдээ энэ нь нэг бодлын хөгжилтэй юм шиг боловч миний хувьд болгоомжгүйгээсээ болоод ажлын хариуцлага алдаж байгаа хэрэг юм шүү дээ. “Жүжигчин хүн тайзан дээр хэзээ ч алдах ёсгүй” гэж Боёо ах бидэнд сургадаг.
-Та шүтлэгтэй юү?
-Аав ээж, нутаг ус, баян сайхан хангайгаа шүтэж явдаг. Бидний төрүүлж өсгөөд өдий зэрэгт хүргэж өгсөн буянтай хүмүүс, төрсөн нутаг ус гэдэг бол юугаар ч солихгүй эрхэм байдаг.
-Хүний амьдралд хэцүү үе олон тохиолддог. Тэр үед та яаж өөрийгөө зоригжуулдаг вэ?
-Хүн л юм чинь янз бүрийн юм тохиолддог. Ийм үед би гуравхан зүйлээс урам зориг авдаг. Хамгийн эхэнд миний нэр “Сөрөлт” би сөрж амьдрах ёстой. Бас сайхан эцэг, эхийн хүүхэд гэдгээ санадаг. Эцэст нь жүжигчин хэмээх сайхан мэргэжлээ боддог юм.
-Ирж буй морин жилд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Ирэх ондоо уран бүтээл, хувь хүний хувьд их зүйл хийж бүтээнэ гэсэн зорилготой байгаа. Уран бүтээл дээрээ илүү ихийг суралцах, гэр бүлийндээ илүү их цаг зав гаргаж, хүүхдүүдээ агаар салхинд гаргаж эрүүл мэндэд нь ихээхэн анхаарна гэсэн бодолтой байгаа. Мөн гэрийн эзний хувьд эдийн засаг, амьдрал ахуй гээд төлөвлөсөн зүйл их байна.
Д.Нэргүй
Эх сурвалж:
URL: