МАН-ын агуулга өөрчлөгдөхгүй нь ээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эхлүүлсэн МАН-ын ХХYI их хурлыг хоёр өдөрт шууруулан хуралдуулаад өндөрлүүлнэ гэж байсан ч тав дахь өдрийнхөө бага үд хүргэж байж сая дуусав. Сүүлийн өглөөний хуралдаанаар МАН-ын Бага хурлын 310 гишүүнийг сонгосон юм. МАН-ын удирдлагын зүгээс 310 хүний нэр гаргаж танилцуулсан ч бизнесийн хүрээнийхэн, бөхчүүд зонхилсон тул их хурлын төлөөлөгчид нэмж дотроосоо 60 гаруй хүний нэрийг дэвшүүлснээс үүдэн ийнхүү хуралдаан сунжрав. Ардын намын Бага хурлын шинэхэн гишүүд дунд УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагуудаас гадна “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн тэргүүн Ч.Ганхуяг, “Ноёд” группын захирал Г.Буяндорж, “Гал голомт” төвийн тэргүүн Д.Мөнхөө, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Д.Сумъяабазар аварга, Ц.Цэрэнпунцаг гарьд, “Алтжин” компанийн захирал Г.Алтан нарын олны танилууд харагдав.

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдааныг өчигдөр 12.20 цагт эхлүүлж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээр даргалуулан хуралдууллаа. Уг хуралдаанаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгох, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох гэсэн хоёр үе шаттай сонгууль хийхээр болсон юм. МАН-ын дарга С.Батболд Бага хурлыг нээж үг хэлэхдээ “Ихээхэн шигшиж байж Бага хурлаа сонголоо. Үйл явц амаргүй байлаа. Шинэ бодлого хэрэгжүүлэх мөч эхэллээ. Өнөөдөр бол түүхэн бэлгэ ерөөлтэй өдөр. 1924 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Нийслэл хүрээнд Улсын анхдугаар Их хурал нээгдэж байв. Удаан хугацаанд үргэлжилсэн улсын анхдугаар их хурлаар улсын туг, тамгыг өөрчилж Нийслэл хүрээг Улаанбаатар болгосон. Оны цолыг Монгол Улсын хэмээн өөрчилсөн. Ийм түүхэн өдөр МАН-ын Бага хурлыг сонгож, их бүтээн байгуулалтаа эхлэх гэж байна” гэж байв. Үүний дараа эхний шатны сонгууль эхэлсэн юм.
МАН-ын дарга С.Батболдын саналаар намын ерөнхий нарийн бичги йн даргад одоогийн генсек У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлснийг Бага хурлын гишүүд  100 хувь дэмжив. Өмнө нь орон тооны хоёр, орон тооны бус гурав, нийт таван нарийн бичгийн даргатай байсныг орон тооны гурав, орон тооны бус дөрөв болгон өргөтгөхөөр боллоо. Энэ нь УИХ-ын сонгууль дөхөж буйтай холбоотой гэж МАН-ын дарга тайлбарласан юм. Тэднээс орон тооны нэг, орон тооны бус нэг эмэгтэй  нарийн бичгийн дарга байх аж. Гэвч эмэгтэй нарийн бичгийн дарга нарыг энэ удаа бус, энэ сарын сүүлээр сонгохоор үлдээлээ.
Ардын намын орон тооны нарийн бичгийн даргад одоо ажиллаж буй нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, УМХЕГ-ын дарга Я.Содбаатар нарыг, УИХ хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Засгийн газар хариуцсан нарийн бичгийн даргад Засгийн газрын Шадар сайд М.Энхболд, гадаад харилцаа эрхэлсэн орон тооны бус нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн С.Баярын нэрийг дэвшүүлснийг Бага хурлын гишүүд мөн л 100 хувь гар өргөн дэмжлээ. Өөр хүний нэр нэмж дэвшүүлэх санал гарсангүй. Нууц санал хураалт явуулсны дараа дүнг зарлалгүй орой 18.00 цаг хүртэл, үүний дараа дахин 19.00 цаг болтол Бага хурлын анхдугаар хуралдааныг завсарлуулсан юм. Гэвч сонины дугаар шилжих мөчид хуралдаан эхлээгүй л байв. Гол нь МАН-ын даргын санал болгосон Удирдах зөвлөлийн 31 гишүүний нэр дээр тохироо хийх гэж ихээхэн цаг үрж байна гэсэн яриа тэр үед дуулдаж байв.
Ямар боловч МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарт зарчмын том өөрчлөлт орохгүй  гэдэг нь үдээс өмнө гэхэд тодорхой болсон юм. Я.Содбаатар, С.Баяр хоёр л шинээр нарийн бичгийн даргад дэвшсэнээс өөр сэлгээ гарсангүй.
МАН-ын нэр, бэлгэдэл, туг далбаа буюу хэлбэр талыг  өөрчилснөөс биш намын дотоод агуулгад ямар нэг өөрчлөлт орохгүй гэдэг нь намын удирдлагыг шинэчлэхээр нэр дэвшүүлсэн дээрх байдлаас ажиглагдлаа.  Нэгэнт удирдлага нь өөрчлөгдөөгүй тул арга барил нь хуучин хэвээр үргэлжлэх нь ойлгомжтой. МАН хэлбэрээ өөрчилсөн ч агуулга нь хуучнаараа үлдэх нь ийнхүү тодорхой болов.
                                        Д.ОЮУН


URL:

Tags: