Шинэ үе яагаад “PEPSI”-г сонгох болов?

Залуус улс төрд орж, намд элсч байна. Тэр тусмаа тухайн салбарынхаа цаг үе, хөгжлийг тодорхойлолцож яваа, олонд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг залуус улс төрд санаархаж байна.
Албан тушаал, эрх мэдэл, эд мөнгө бусдаас горьдоод байхааргүй өндөрлөгт хүрсэн тэдгээр залуус улс төрд орох гээд байгаагийн цаад шалтгаан нь юу байж болох вэ? Иймэрхүү асуултад тэдний өгдөг “биеэ засаад гэрээ заслаа, одоо төрөө засья” гэх утгатай жижүүрийн хариултаас арай өөр бодитой шалтгааныг хайж үзэх л хэрэгтэй.
Төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон хууль хэдийнэ үйлчлээд эхэлсэн тул одоо улс төрийн намууд бизнесийн салбар, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагад хүч сорьж яваа залууст тулгуурлан хүний нөөцөө бэлтгэхээс өөр сонголтгүй болсон ч байж мэднэ. Нөгөө талаар Монголын эдийн засагт ч, нийгмийн бусад харилцаанд ч төрийн оролцоо, түүний нөлөө маш өндөр гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно.
Эдийн засаг дахь төрийн оролцоог Дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзэлж буй хувь хэмжээгээр илэрхийлдэг жишиг байдаг. Түүгээр авч үзвэл өнөөдөр Монголын эдийн засаг дахь төрийн оролцоо даруй 40 хувьд хүрч буй. Нийгмийн баялгийг бүтээж буй бизнесийн салбарынхан өсч томрохын хэрээр төр хэмээх хүчтэй өрсөлдөгчтэй тулгарч байгааг төсөөлөхөд хэцүү биш. Тэгэхээр хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хяналтдаа оруулах, түүнд нөлөөллөө тогтоох замаар бизнесээ аварч үлдэх гэсэн хэрэгцээ шаардлага л улстөрд орох сонголтыг залуусын өмнө тулгаад эхэллээ. Гэхдээ энэ бол одоо л үүсч байгаа нөхцөл байдал биш.
Монголд үндэсний хэмжээний гэгдэх томоохон компаниуд бүгд улс төрд өөр, өөрийн төлөөлөл, нөлөөллөө тогтоохын төлөө ажиллаж ирсэн. Энэ эрмэлзэл яван явсаар өнөөдөр улс төр дэх хүчний ялгарлыг барууны, зүүний баримтлал гэхээс илүү бизнесийн бүлэглэлүүд л тогтоох хэмжээнд хүртлээ бэхжсэн юм.
Өнөөдөр төрийн гаргаж байгаа тодорхой шийдвэрүүдийн ард тэдгээр томоохон бизнес бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөж байх болжээ. Заримынх эрх ашигт суурилсан, заримыг нь тоглоомын гадна үлдээсэн улс төрийн шийдвэрүүд өнөөдөр бизнес бүлэглэлүүдийн сөргөлдөөнийг бүр ч ил тод гаргаж ирэх болов.
Улс төрд нэгэнт хэлбэржин тогтсон ийм л хөрс суурин дээр хөлөө олохын тулд шинэ үе хүссэн хүсээгүй улс төрийг сонирхож байна. Баян хүн битгий хэл тэнэг хүн ч амьдралаа аваад явчихдаг мөрөөдлийн Америк шиг нийгэмд бол улс төр нэг их чухал зүйл биш. Харин Монголд бүх зүйл төрөөс хамааралтай, улс төрөөс шалтгаалцалтай. Төрийн эрх мэдэлд хүрэх зам нь зөвхөн улс төрийн намууд. Ийм учраас шинэ үе PEPSI-г сонгож байна гэдэг шиг шинэ үеийн залуус намыг сонгож байна.
Эрх мэдлийн хуваарилалтыг, цаашилбал баялгийн хуваарилалтыг улс төрийн намууд л хийж байна. Тэгэхээр ардаа алдах зүйлтэй, бас өмнөө том боломж байгааг харж буй тусмаа Та улс төрд оролцох шаардлагатай гэсэн үг.
Одоогоос арваад жилийн өмнө Харвард, Оксфорд төгссөн либертарчууд МАХН-ын коммунистуудтай нийлчихлээ гэж олон хүн гайхаж байсан. Үнэндээ тэдний өмнө ямар шаардлага, хэрэгцээ үүссэн, яаж түүнийгээ хангасан нь өнөөдөр тодорхой болчихлоо. Улс төрд орсных нь шалтгаан юу байсан нь ил болсон гэсэн үг. Тэгэхээр том эрх ашигтай тусмаа том улс төрд, том намд элсэх ёстой. Нэг үгээр бол сайхан амьдарья гэвэл улс төрд орон зайгаа олохыг нийгэмд нэгэнт бий болчихсон механизм нь шахаад байгаа юм биш үү. Энэ нь харин эрүүл үзэгдэл мөн эсэхэд л эргэлзэж буй учраас улс төрийн нам бараадсан сайхан залууст баяр хүргэж чадахгүй байгаа юм.

З.БОРГИЛМАА


URL: