Д.Нямсамбуу: Өндөр барилга олшроосой гэхээс илүү хүмүүс өр зөөлөн байгаасай гэж хүсдэг
“Зууны мэдээ” сонин нийгмийг эрүүлжүүлж гэрэл гэгээтэй болгоход анхаарч ирсэн билээ.
Энэ зорилгоор үндэсний сэхээтнүүд, эрдэмтэн судлаачдын үгийг хүргэж байх “Соён гэгээрлийн цуврал” ярилцлагын буланг нээж байна.
Анхны зочноор Жавзандамба Хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбууг урьж ярилцсан юм.
-Нийгмийн тодорхой хэсэг, бүр цөөнгүй хүмүүс таны “Буддын гүн ухаан, түүнд суурилсан ёс зүй” лекцийг сонсож, түүнээс авсан мэдлэгээ өөрийн амьдралд төдийгүй, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга барилд тусгаж байна. Харин зарим нь Монголд буддизмын оргил үе өнгөрсөн, хоцрогдсон гэж шүүмжилдэг. Бодит үнэн бол өнөөдөр нийгэм хөгжихийн хэрээр гаж үзэгдэл, жигшүүрт хэрэг газар авч ёс суртахууны тухай яриа улам бүр үнэ цэнэтэй болж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Би 1995 онд Өмнөд Энэтхэгийн Бэрээвэн хэмээх их сургуульд суралцахаар явсан юм. Буддын гүн ухаан судлалаар арван жил суралцаад 2005 онд ирсэн. 2007-2009 он хүртэл Английн Сандерландын их сургуульд суралцсан. Түүнээс өмнө Гандантэгчинлэн хийдийн Буддын гүн ухааны Дашчоймбол дацанд сурч байлаа. Нэлээдгүй хугацааг бурхан шашныг судлахад зориулсан гэсэн үг . Ойлгож мэдэхийн тулд цаг заваа зарцуулж, их ч хичээсэн.
Эцэст нь эргэж ирээд би Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэсэн бодол төрсөн. Магадгүй жил бүр Лондон хотод болдог “Монгол орны хөгжил” чуулга уулзалтад орж байх үеэс энэ бодол толгойд эргэлдэх болсон байх. Зарим хүн хэлдэг шүү дээ, лам нар гэхээр хүмүүсийн юмыг зүгээр авч байдаг “паразит”, нийгмийн хөгжилд ямар ч хувь нэмэргүй, харин ч нэрмээс болдог гэж. Юм хийе, бүтээе гэсэн залуу хүний хувьд, ирээдүйгээ үнэлж цэгнээд хардаг хүний хувьд “Яагаад ийм болчихов. Би хэрэггүй юм сураад ирчихсэн юм биш үү” гэсэн асуултыг өөртөө тавьсан. Энэ маань өөрөө буддизм гэж юу вэ гэдэг асуулттай гүнзгий холбогдоно. Тиймээс өнөөдөр буддизм Монголын хөгжилд асар их хэрэгтэй гэж би хэлнэ.
-Мэдээж яагаад гэж хамгийн түрүүнд асууя. Гэхдээ өмнө нь нийгмийн ёс зүй гажуудаж байгааг хөндсөн болохоор түүнтэй холбон ойлгож байна?
-Та түрүүн хөгжил гэж хэллээ шүү дээ. Хөгжил гэдэг магадгүй өргөн утгатай байж болох ч хүмүүсийн нийтлэг ярьдаг, ойлгодог материаллаг эд баялаг, техник технологийн хөгжилд ч ёс суртахуун хэрэгтэй. Ёс суртахуун байхгүй бол хэчнээн их мөнгө байгаад улс орон хөгжихгүй, Африкийн олон жишээ байна.
Өнөөдөр Монголын жишээнээс үзэхэд болж бүтэхгүй байгаа бүхэн ёс суртахуунтай холбогддог. Замын түгжрэл, утаа униар, гэмт хэрэг, экологийн сүйрэл, авлига хээл хахууль явсаар байгаад хэн нэгний ёс суртахуунд тулж, хэрэв тэр ёс суртахуунтай байсан бол гэдэг асуултад хүргэдэг. Зарчимгүй байдлыг “Паа, пүй” гэдэг атлаа хүний сэтгэлийг зарчимтай болгохын төлөө дорвитой юу ч хийхгүй байна. Нөгөөтэйгүүр, ёс суртахуун зөвхөн буддын шашинд байдаг гэж би хэлж зүрхлэхгүй. Гэхдээ ганц монгол ч биш Азийн ард түмэнд 2500 жил ёс суртахууны чиг баримжаа болж ирсэн бурхны шашинд хүнийг хүмүүжүүлэх арга зүй эрх биш байна аа даа.
Хүмүүс янз бүрээр ярьдаг ч би эмээ, өвөөгийнхөө ярианаас “Тэр үед хүмүүс ямар сайхан байсан юм бэ” гэж ойлгодог. Ядаж л хүнийг ёс суртахуунтай болгодог, үе үеийн мэргэд, үе үеийн чин сэтгэлээсээ ариусъя гэж хичээж байсан хүмүүсийн бүтээл туурвил, оролдлогын үр, бичиж үлдээсэн зүйлүүд, туршилтууд нь байна. Ёс суртахууны төлөө хийсэн тэмцэл, түүнийг туршиж байсан ажиглалтууд нь байна. Үүнийг би өнөөдөр хамгийн их хэрэгтэй зүйл бөгөөд бурхан шашны гол цөм гэж байгаа юм. Соён гэгээрлийн цуврал Бурхны шашинтан гэдэг маань тухайн шашны үзэл онолыг үзэж судлаад түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлдэг хүнийг л хэлнэ.
Хэрэгжүүлэх зүйл нь ч нэгд ёс суртахуун, хоёрт анхаарал төвлөрлийн бясалгал буюу оюун бодлоо удирдаж сурах дасгал, гуравт эрдэм мэдлэг гэж гурван хэлбэрт ангилж авч үзэж болно. Энэ дотроос хамгийн гол суурь нь ёс суртахуун юм. Тэгэхээр маш өндөр хөгжсөн ёс зүйн систем, онол, практик бурхны шашинд бий. Энэ нь хүн болгоныг бурхны шашинтан бол гэсэн үг биш. Харин ч бусад шашны урсгал Монголд орж ирсээр Монголын буддизм эрүүл хөгжихөд их нэмэр болно гэж би боддог.
-Хүн болгон бурхны шашинтан болох албагүй гэж та үздэг юм байна. Тэгвэл өөрийгөө бурхны шашинтан гэх хүн олон байна шүү дээ. Энэ талаар?
-2010 оны судалгаагаар манай улсад нийт шашин шүтлэгтнүүдийн 87 хувь нь байхаа, өөрийгөө буддист гэж тодорхойлсон байсан. Гэхдээ бурхны шашинтан байна гэдэг зүгээр ном уншуулах, эсвэл далдын хүчтэй нэгнээр “арын хаалгадуулах”-ын нэр биш юм. Өнгөрсөн 20 жилд миний хичээн үзэж судалснаар бурхны шашин гэдэг ариун байхын төл өө хүн өөрийхөө муу сэтгэлтэйгээ хийх тэмцэл, сайн сайхан зүйл рүү тэмүүлэх хүсэл, ариуслыг дадлагажуулах үйл ажиллагаа юм.
Бас бурхны шашинтан тул ингэж болохгүй гэсэн ёс суртахууны наад захын хэм хэмжээг бий болгох шаардлагатай. Тиймээс Жавзандамба хутагт төв нийгэмд буддизмын талаар мэдлэг мэдээлэл өгөх, нэгэнт өөрийгөө буддист гэж тодорхойлдог хүмүүст бурхны шашинд суурилсан ёс суртахууны чиг баримжаа өгөхөд үйл ажиллагаагаа хандуулж ажилладаг. Гэхдээ үүгээр би нийтлэг хөгжил цэцэглэлтийн тухай ярьж байгаа юм.
Хөгжил гэдэг бас өөр зүйлийг ч хэлж болно шүү дээ. Жишээ нь, даруухан атлаа сэтгэл нь амар амгалантай байх тийм зүйлийг буддизм заадаг. Ганц буддизм ч бус бүх шашинд хэмжээгүй хүсэл, туйлын аз жаргалд хүрэхгүйн талаар авч үзэж, хүслийг тодорхой хэмжээнд хазаарлах талаар бүгд санал нэгддэг. Ер нь ёс суртахуун дээшилснээр л улс орон сайхан болдог.
- Тэгвэл нийгэмд хандаад байгаа тэр үйлчлэлийг нь Та тодорхой жишээ дээр ярихгүй юу. Юу нь болж, бас болохгүй байна вэ?
-Өнөөгийн нийгэмд болохгүй байгаа нэг зүйл нь авлига, хээл хахууль. Энэ улс орны хөгжлөөс асар хойш чангааж байна. Бид юу гэж боддог вэ гэвэл, нэг л их муухай амьтад дээр гарчихаад авлига аваад байна гэдэг. Гэтэл үнэндээ бид өөрсдөө л муухай болчихсон хэрэг. Авлигачдыг үзэн ядаад байгаа хүмүүсийн арваас хэд нь өөрсдөө хэрэв тэр суудалд очвол гэнэтийн их мөнгөнөөс татгалзаж чадах бол? Цөөхөн нь л болов уу. Сая төгрөгийн үнэтэй гар утас олоод эзэнд нь эргэлзээгүй буцаагаад өгөх ёс суртахууны сахилга, сэтгэлийн боловсролтой хүн л тэгж чадна. Сая төгрөгийн үнэтэй утас сайхан ч, цаана нь монгол хүн шаналж байгаа шүү дээ. Тэгэхээр цөөн хэдэн хүн муу муухай болчихоод байгаа юм биш бидний олонх ийм.
Миний түрүүнд хэлсэнчлэн буддизмыг монголчуудын дийлэнх нь шүтдэг гэдэг утгаараа үүний өмнө бид хариуцлага хүлээнэ. Нөгөө талаас ингэж чадах сургаал номлол нь ч буддизмд бий. Энэ тухай ярихаар миний олон жилийг бурхны шашныг судлах, сурахад зориулсан минь нийгэмд хэрхэн үр нөлөөгөө өгөх вэ гэдэг асуулттай холбогдоно.
Тиймээс би лам хувраг хүний мэргэжлийг Монголын хөгжлийг барилгатай зүйрлэхэд гол ган багана нь биш байлаа ч гангийн найрлагад гарцаагүй байх, тэр өндөр технологийг гүйцээж чадах хольц буюу баялаг бүтээгч гэж хэлнэ. Гэхдээ ганц лам нар ч биш христийн пастерууд ч ялгаагүй юм.
-Ёс суртахууныг сэтгэлийн боловсрол гэж томъёолох нь бий. Гэхдээ яг оносон тодорхойлолтыг Та юу гэж үзэж байна?
-Хамгийн энгийн үгээр “ёс суртахуун бол бусдыг хүндлэхүй юм” гэж томьёолсныг уншиж байсан. Гэхдээ тэр нь илүү өргөн утгаар “Өөрийгөө хийгээд бусдыг хүндлэхүй” гэж хэлж болох. Тэр зүйл маань боловсролд орох ёстой. Хөгжингүй орнуудын жишээнд шинжл э х ухааны цагтай тэнцүү цагийг тухайн хүнийг хүн болгож төлөвшүүлэхэд зориулдаг, ёс суртахуун, бусдыг хүндлэх, өөрийгөө илэрхийлэх зэрэгт ялгал үгүй анхаардаг. Улирал болгон хүүхдийн талаар эцэг эхэд нь мэдээлэл репорт өгнө шүү дээ, багш нь. Зан ааш, хичээл сурлага гээд бүхий л талаар нь улирал болгон тодорхойлно. Түүн дээр аав, ээж нь хамтарч ажиллана.
Жунглид өссөн хүүгийн тухай мэдэхгүй хүн байхгүй байх. Тэгвэл гэртээ төрж байгаа хүү, Жунглид хаягдсан хүү хоёр ижилхэн хүний гентэй хүүхдүүд. Гэхдээ тэр иргэншдэггүй. Орчин, хүмүүжлийн хичээл, арга зүй, гэр бүл байгаагүйгээс. Тэгэхээр иргэншлийнхээ 5000 жилийн турш хүн төрөлхтөн үнэт зүйлтэй болсон байна. Харилцан адилгүй ч гэсэн бие биеэ хүндлэх ёстой, бусдыг зодож занчиж болохгүй, өөрийн эрх ашгийн төлөө бусдыг хохироож болохгүй гэсэн ёс суртахууны хамгийн ерөнхий зарчим үйлчилж иржээ. Энд ёс суртахууны нарийн философийг яриагүй хамгийн түгээмэл хэрэглээний ёс суртахууныг л ярих гээд байгаа юм. Энэ тухай өндөр төвшинд авч үзэж, ярих ёстой болчихож. Үүнийг багаас нь сургадаг уламжлалт арга барил ч байсан.
-Тухайлбал?
-Монголчуудын хувьд тэр нь гэр бүл, бурхны сургаал байж. Гэтэл ёс суртахууны чиг баримжаа болж байсан бурхны шашин нь сүүлийн 80 жилд алга болсон. Үүний улмаас сүүлийн 20 жилд бага насныхнаас эхлээд дунд насныханд байх ёстой ёс суртахууны хэм хэмжээ, эрхэмлэлийн систем байхгүй болчихоод байна. Ингээд хүүхдүүд нь яаж өссөн бэ гэвэл яг л шугуйд төөрчихсөн юм шиг байна шүү дээ. Эцэг, эх нь өглөө гараад орой л орж ирдэг. Сургууль дээр нь хичээлээ л заана. Өглөө гараад орой орж ирсэн эцэг эх тэрэндээ санаа нь зовсон уу,эсвэл уучлаарай гэж байгаа юм уу мөнгө төгрөг, үнэтэй гар утас аваад өгчихнө. Тэгээд дараа нь юу ярьж байна гэхээр “Манай хүүхэд сурлага бол сайн байна. Гэхдээ нэг юм дутагдаад байна. Сэтгэлийн угаас бусдыг хүндлэх юм алга” гэдэг.
-Энэ сэдэвтэй холбогдуулаад дотроо хүсч, залбирч явдаг зүйл танд байдаг уу?
-Монгол Улс ирээдүйд хөгжиж, өндөр гоё барилга олшроосой гэхээс илүү хүмүүсийг зөөлөн байгаасай л гэж хүсдэг. Ирээдүй ганц өөрийнхөө хүсэл, ашиг сонирхлыг туг шиг бариад байхаас гадна бусдыг тооцдог, хүндэлдэг болчихвол аяндаа болно. Тийм болгоход нэн тэргүүнд авч явах, үе үеийн Засгийн газар гарч ирээд бодлогоор хэрэгжүүлэх ёстой зүйл нь ёс суртахууны боловсрол юм.
-Миний бодлоор бол өнөөдөр ёс зүйг хамгийн их эвдэж буй зүйл нь улс төр юм шиг ээ. Намын гишүүн болсноор юу ч хамаагүй хийж болох, эрх баригч намд элсчихвэл хүчтэй болчих юм шиг нэг тийм үнэлэмж, ойлголтууд байна. Тэр хэрээр монгол хүний үнэт зүйл алдагдаж байна. Тэгэхээр нам байх шаардлага ер нь байна уу. Та энэ талаар бодож тунгааж байв уу?
-Та миний мэдэхгүй сэдвээр асуулаа. Гэхдээ миний бодлоор нам, улс төрийн систем хэрэгтэй болоод л монголд төдийг үй барууны орнуудад байдаг байх. Гэхдээ хэт намчирхах нь яах аргагүй буруу. Гол нь нам байх учир шалтгаан чухамдаа тухайн улс орныг хөгжүүлэх бодлогын уралдаан юм. Хүмүүс үзэл бодлоороо нэгдэн нийлж хөгжлийн энэ замыг сонговол илүү гэж хөтөлбөрөө дэвшүүлдэг. Нөгөө хэсэг нь арай өөр бодлогыг гаргаж тавьдаг. Ард түмэн тэндээс илүү гэж үзэж байгаагаа дэмжиж, сонголтоо хийдэг. Хүрд эргүүлэх боломжтой болсон тал нь бодлогоо хэрэгжүүлдэг. Би тийм л байх болов уу гэж санаж байна. Тэгж уралдахгүй бүгдээрээ нэг юм ярьвал хөгжил ирэхгүй шүү дээ.
Гэтэл өнөөдөр үзэл бодлын өрсөлдөөн бус ашиг сонирхлын уралдаан болчихоод байгаад намыг буруутгах шалтгаан оршиж байгаа болов уу. Цэвэр улс төрийн өнцгөөс нь авч үзвэл буруу л болов уу. Намын гишүүнчлэлийн тухай ярихад хувь хүний ёс суртахуун буюу хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээнээс намууд хоорондын суртахууны хэмжээ хол дор байх ёстой юм шиг харагддаг. Бас намын нэрийн өмнөөс муу муухай юу ч хийсэн мундаг болчихдог юм шиг ийм нэг үнэлэмжийн ойлголт яваад байх шиг. Гэхдээ нам байж болох ч төр хэт данхайж байгаад хамаг учир оршиж байна уу гэж би боддог.
-Тэгвэл намыг гишүүнчлэлгүй болгочихвол яасан юм бэ?
-/инээв/. Яг үнэндээ та миний мэдэхгүй, мэргэшээгүй салбарын тухай надаас ихээхэн асууж байна шүү. Би улст өрч биш, судлаач ч биш, жирийн нэг лам хүн шүү дээ. Надад судалсан, тодорхой чиглэлээр гаргалгаа хийж бодож төлөвлөсөн сэдв үүд байдаг. Гэтэл та миний огтхон ч сонирхож байгаагүй, судалж мэргэшээгүй сэдвээр асууж байгаа болохоор би таны асуултад гойд мэргэн хариулт хэлж чадахг үй л болов уу. Гэхдээ мэдээллийн салбар өргөжиж, олон сувагтай болчихсон болохоор намыг гишүүнчлэлгүй болгох тухай яриаг сонсч л байсан. Тэгэхээр таны асуусан намыг гишүүнчлэлгүй болгох гэдгийг зөв байх гэж бодож байна. Гэхдээ гишүүнчлэлгүй болчихоор улс төрийн намын санхүүжилт яах бол?
-Энэ удаа та надаас асууж байх шиг байна. Би хувьдаа намд 100 сая төгрөг төлж дарга болдог хүн байхгүй болно. Ингэснээр эрүүл тогтолцоо руу явна гэж бодож байна. Эсвэл нууж хаах аргаа олчих юм болов уу?
-Таны хэлсэн сүүлийн өгүүлбэр үнэнд дөхөх болов уу.
-Тэгвэл монгол хүний үнэт зүйл юу вэ. Бид “Би монгол хүн” гэж цээжээ дэлдээд байх уу, эсвэл арай өөрөөр дотогшоогоо, өөр рүүгээ хандах учиртай юу?
-Би монгол хүн гэсэн бахархал байж болно. Тэгснээрээ магадгүй бид төв рүүгээ ойртож нягтарч байж болох юм. Өөрөөр хэлбэл ижил төстэй мэдрэмжүүд бидэнд байх ёстой. Жишээ нь, лавшаа идэхээрээ манайхан “Сайхан байна” гээд л хөлсөө шударч харагддаг. Гэтэл хятад, солонгос хоолны дэргэд зүгээр л мах, гурил хольсон бүдүүлэг хоол шүү дээ. Гэхдээ тэр нь түгээмэл соёл учраас биднийг нэгтгээд байгаа юм.
Ижил зүйлийнхээ төлөө бид зүтгэх, биднийг нэгтгэх нэг хүч байх ёстой. Тэр л агь гангын үнэр, морины хөлс, Цагаан сараар золгох, мэндлэх, хүндлэх ёс тэр бүхэн биднийг ижилсүүлэх нэг зүйл. Гэхдээ энд маш тодорхой хэлэх зүйл бол бидэнд үндэсний болоод үндсэрхэг үзлийн ялгаа байх ёстой. Өөрсдийгөө бусад ард түмнээс хэт дээгүүрт тавих нь том утгаар нь аваад үзэх юм бол юутай ч сайн зүйл биш. Омог багатай байх хэрэгтэй байна. Бид бусдаас илүү гэж цээжээ дэлддэггүй атлаа тийм баймаар байна шүү дээ.
Бид Монголоороо нэгдэх ёстой ч том төвшиндөө дэлхийн хүн гэдгээрээ бас л ижилсэх ёстой. Шүтэн барилдлага талаас авч үзвэл ийм юм. Өнөөдөр манай улс 2.9 сая хүн амтай. Энэ цөөхөн ард түмэн бие биеэсээ ихээхэн хамааралтай. Өөрөөр хэлбэл, таны үйлдэл надад илүү тусдаг гэсэн үг. Тийм болохоор та ч миний өмнө хариуцлага хүлээдэг, би ч таны өмнө хариуцлага хүлээдэг. Монгол Улс хөгжих нь бидэнд бүгдэд нь ашигтай болохоор бид улс орныхоо төлөө явах хэрэгтэй.
-Та түрүүнд үндэсний үзэл, үндсэрхэг үзэл хоёрын ялгаа заагийг харж байх ёстой гэсэн. Үүнтэй тусгаар тогтнолын маань асуудал хэрхэн уялдах бол?
- Би Энэтхэгт 10 жил сурсан. Эрх чөлөөгөө алдсан хэдэн мянган түвдүүдийн дунд 10 жил амьдрахдаа хамгийн хүчтэй ойлгосон зүйл бол эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийн тухай байсан. “Бодь мөрийн зэрэг”-ийн эхний хэсэг дэх “Чөлөө учрал хүмүний бие” гэж бүлэгт товчхондоо бид ямар ховор нандин эрдэнэт хүмүний биеийг авч төрсөн юм бэ гэдэг ойлголтыг зангидсан байдаг юм.
Эцсийн дүндээ тэнд юуг ойлгуулах гэсэн бэ гэвэл, одоо байгаа цаг хугацааг үнэлэх, өөрийнхөө ямар их үнэ цэнэтэй болохыг үнэлэх, ховор нандин, үнэ цэнэтэй бүхэн өөрт нь хэрхэн бүрдсэнийг үнэлэх тухай юм. Энэ сонин ойлголт байгаа биз. Түүнийгээ бид нандигнах учиртай ч тэр нь “Бид агуу” гэж цээжээ дэлдэхийн нэр биш. Тэгээд ч одоо цагт эдийн засгийн тусгаар тогтнол, түүний төлөөх анхаарал сэрэмж хамгаас чухал биз дээ. Түүнээс буу агссан цэргүүд ороод ирнэ гэж айх харьцангуй бодит бус.
Нөгөөтэйгүүр, эдийн засгийн тусгаар тогтнолд боловсрол хамгаас чухал. Боловсрол эргээд тусгаар тогтнолын баталгаа болно.
-Тэгвэл Монголын эдийн засаг өнөөдөр 100 хувь гаднын хараат байгааг та юу гэж үзэж байна?
-Гаднаас бараа бүтээгдэх үүн авах бол байж болох шүү дээ. Америк гэхэд Хятадаас бараа бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг авдаг.
Дэлхий глобальчлагдаж байгаа болохоор солилцоо аль ч улс оронд, ямар ч салбарт байна, өмнө нь ч байсан. Хэдэн мянганы тэртээгээс л “Торгоны зам”-ыг нээж, бараа солилцоо хийж байсан шүү дээ, монголчууд. Харин авч байгаатай маань адил үнэлэгдэх бараа, бүтээгдэхүүн бидэнд байх ёстой болов уу. Тэр нь ганц уул уурхай биш. Түүнээс гадна Энэтхэг шиг өөрсдийн эдэлж хэрэглэж байгаа бүхнийг өөрсдөө үйлдвэрлэж гаргах ч бас биш.
Өргөн хэрэгцээний зүйлүүдийг үйлдвэрлэж гаргах хэрэгтэй. Үйлдвэр нь байхгүй ч технологи нь байхад урагшилна шүү дээ. -Бидний урилгыг хүлээн авч зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
Ч.Үл-Олдох
Зууны мэдээ
URL: