Дараа дахин уулзатлаа түр “баяртай” !

8_9047“Москвагаас ярьж байна!” монгол хэлний нэвтрүүлэг 1946 оны 3-р сарын 1-нд анх удаагаа эфирээр нэвтэрч байсан бол 12-р сарын 31-ний өдөр манай сүүлчийн нэвтрүүлгийг та бүхэн хүлээн авч байна.

Харамсалтай нь, дэлхийн санхүүгийн хямрал Орос улсыг тойрсонгүй. Төсвийн хомсдолын улмаас төрийн байгууллага болох манай радиокомпани 2014 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн нэлээд хэдэн хэл дээр явуулдаг нэвтрүүлгээ эрс багасгасан болон зарим хэлний нэвтрүүлгээ бүрэн хэмжээгээр хааж байна. Гадаад хэл дээр нийтлэгддэг манай Интернет сайтуудын хувьд ч үүнтэй адил зүйл гарсан. Тухайлбал, монгол хэл дээр явуулдаг нэвтрүүлэг бүрэн хэмжээгээрээ хаагдаж байна.

“Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн уран бүтээлчид бид энэ тухай гүнээ харамсан ярьцгааж байна. Бид Монгол улс руу, монголын ард түмэнтэй 68 жилийн турш шууд нэвтрүүлгээр холбогдож байлаа. Тэр тусмаа бид Монголын үндэсний радио нэвтрүүлгээр дамждаг байсан. Интернет сайт байгуулагдсан цагаас найман жилийн турш бид хэдэн зуун мянган монгол нөхдүүдтэй дотносон нөхөрлөсөн юм.

Бид японы милитаристуудыг бут цохисон Дэлхийн хоёрдугаар дайны аугаа эх ялалтаас 6-7 жилийн дараа эхлүүлсэн монголын чиглэлийн манай ажлын түүхийг эргэн санахыг хүсч байна. Эдгээр он жилүүд манай хоёр орны хувь заяанд шийдвэрлэх үйл явдлуудаар дүүрэн байсан. Үүнд “Москвагаас ярьж байна!” нэвтрүүлэг манай ард түмнүүдийн хоорондын найрамдал, харилцан ойлголцлын бат бэх гүүр болж байсан юм.

Бид эдгээр жилүүдэд манай нэвтрүүлгийг илүү оновчтой, сонирхолтой болгох үүднээс манай хамт олонтой хамтран ажиллаж байсан үе, үеийн монголын нэвтрүүлэгч, орчуулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлъе!

Бид янз бүрийн цаг үед манай сурвалжлагчдад ярилцлага өгч, манай микрофоны өмнө үг хэлж байсан Монголын хэдэн мянган иргэдэд талархал илэрхийлмээр байна. Тэдгээрийн дунд нам, төрийн удирдагчид, хөдөлмөрийн хамт олон, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид хийгээд Москва дахь Монгол улсын дипломатуудад байсан билээ.

Бидэнд өөрсдийн ахуй амьдрал, ажил байдал, тулгамдсан асуудлууд болон ирээдүйн төлөвлөгөөгөө бичиж, халуун дулаан үгтэй захидал ирүүлж байсан та бүхэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлъе!

Бид манай асуулт хариултын уралдааны ялагчид болон Монгол хэлний нэвтрүүлгийн ажилтнуудтай Монгол орноор хийсэн аялалуудыг сэтгэл хөдлөн дурсан санаж байна.

Орос улсын амьдралд жинхэнэ сонирхолтой, манай хоёр орны түншийн харилцааг хөгжүүлэх сонирхолтой манай бүх сонсогчид болон Интернет –сайтын уншигчид та бүхний тухай бид зүрх сэтгэлдээ хайрлан дурсаж байх болно. “Оросын дуу хоолой” радиогоос хэрэгтэй мэдээллүүдээ авч заншсан та бүхэн минь ….

Шинэ жилээс энэхүү боломж үгүй болох нь харамсалтай. Гэхдээ бид энэ нь нэг их удахгуй болов уу гэж найдаж байна. Тиймээс “хагацъя” бус, дараа дахин уулзатлаа баяртай гэж хэлъе. Бид “Оросын дуу хоолой” монгол хэлний нэвтрүүлгээ сэргээх болов уу гэж найдсаар байх болно. Үүнд хамтдаа итгэцгээе, найз нар аа!

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих