Дэлхийг доллар эзэгнэж байна, тэгвэл тэр долларын эзэн хэн бэ?
Евгений ЧЕРНЫХ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23нд манай гаригийн хамгийн хүчирхэг бөгөөд оньсого шиг байгууллага болох Холбооны нөөцийн систем /ХНС/ байгуулагдсаны 100 жилийн ой тохиожээ.
АНУ-ын Холбооны нөөцийн системийн нууцын дэргэд зууны гол нууц гэгдэх Кеннедийн аллагын нууц хүртэл бүдгэрнэ гэж хуйвалдаан судлагч мэргэжилтнүүд баталцгаадаг. Тэгээд ч даллассын эмгэнэлд ХНС гар дүрсэн байх магадгүй шиг байдаг. Ерөнхийлөгч тус байгууллагын доллар хэвлэх монопол эрхэд халдаж, мөнгөн доллар хэвлэхээр шийдэж. Тэгээд үүнийхээ төлөө ч сум залгиж …
Зураг дээр: Барак Обама болон Холбооны нөөцийн сан (Федрезерв)-гийн огцорч буй тэргүүн /баруун талаас/ Бен Бернанке нар Цагаан ордонд долларын шинэ эзэгтэй Джанет Йелленийг мэндчилж байна.
Фото: globallookpress.com
Хэвлэх машины эзэд
- Үнэхээр, Холбооны нөөцийн эргэн тойронд тоо томшгүй олон домог, аймшгийн түүх яригддаг. Эдгээрээс хамгийн их яригддаг домгийн нэг нь Холбооны нөөцийн систем нь Ротшильд болон Рокфеллер нарын эзэмшилд байдаг! гэсэн домог юм гэж стратегийн эксперт Елена Ларина ярив. Түүнчлэн хэзээ мөдгүй ам. доллар нуран унаж, АНУ-д гиперинфляци эхлэн, хормын төдийд бүх дэлхийг хамрах болно. Үнэ өдрөөр биш, цагаар өсөх болно … гэж ярьцгаадаг.
Холбооны нөөцийн системийг олон улсын банкирууд, сүүдрийн улс төрчдийн төлөөлөгчид зуун жилийн өмнө байгуулсан. Тэдгээр үндэслэгчдийн дотор Ротшильдынхан, Рокфеллерынхан, Морганыхон, Варбургийнхан, Шифийнхан, Лазардынхан болон тухайн үеийн дэлхийн санхүүгийн нийслэлүүд болох Лондон, Нью-Йоркод ихэнхдээ суурьшсан бусад зарим олигарх гэр бүлүүд байсан байна. Ташрамд дурдахад, эдгээр хүмүүс Орост өрнөсөн хоёр хувьсгал, дэлхийн нэгдүгээр дайнд АНУ-ын оролцсон зэрэг болон бусад олон үйл явдлыг оролцуулаад өнгөрсөн зууны эхний 25 жилд тохиосон бүх л ач холбогдол бүхий үйл явцуудтай холбогдсон байдаг. Холбооны нөөцийн системийн тусламжтайгаар тэд үнэн хэрэгтээ АНУ-ын санхүүгийн систем, валютыг тэр чигт нь хувьчилаад авчихсан хэрэг юм. Гэвч тэдний долларт тавих хяналт бүр эхнээсээ хараахан үнэмлэхүй байсангүй. Холбооны систем хэдийгээр хувийн өмчийн бүтэц байдлаар бий болсон ч гэсэн АНУ-ын ерөнхийлөгчдөөс хамааралтай байхаар журамлагдсан юм. Өөрөөр хэлбэл, Цагаан ордны эздийн ард байдаг хүмүүсээс хамааралтай гэсэн үг. Тухайлбал, Холбооны нөөцийн системийн дарга болон удирдах зөвлөлийн гишүүдийг чухамхүү ерөнхийлөгч томилдог (ерөнхийлөгчийн нөлөөний талаар нэгэн уншигч өөр байр суурь илэрхийлсэн байсныг нийтлэлийн эцэст зориуд үлдээснийг хараарай - Нийтлэгч).
- Яагаад Шотшильд болон Рокфеллерчууд домог гэж? Тэдгээрийн овгийнхон чинь өнөөдөр ч гэсэн л өөдлөн дэгжсээр байгаа биз дээ!
- Зуун жилийн дотор АНУ-д олон тооны хүчирхэг санхүү-үйлдвэрлэлийн бүлэглэлүүд гарч ирсэн. Нөгөө л Техасын нефтийн эзэд-санхүүчид. Тэдгээрийн төлөөлөл бол ерөнхийлөгч асан (магадгүй цаашид ч гарч ирэхийг үгүйсгэхгүй) Буш нарын гэр бүл билээ. Цэргийн аж үйлдвэрийнхэн, Обамаг сонгогдоход нөлөөлсөн Калифорнийн интернет-эдийн засгийн том хөрөнгөтнүүдийг бол бүгд л мэднэ. PayPal гэгч мафийг бол Америк тэр аяараа мэднэ. Түүний бүрэлдэхүүнд төлбөр тооцооны энэхүү системийг байгуулалцсан бөгөөд хожим нь Facebook, LinkedIn, YouTube-ийг үүсгэхэд гар бие оролцогсод орсон. Федрезерв буюу Холбооны нөөц нь Зөвхөн Ротшильд, Рокфеллерүүдийн эзэмшил байхаа аль хэдийн больсон. Энд америкийн болон олон улсын бизнес-эдийн засгийн бүх л томоохон бүлэглэлүүдийн ашиг сонирхол сүлэлдсэн бөгөөд харилцан үйлчилж, тэмцэлдэж байдаг. Эдгээр бүлэглэлийн тоо цөөн биш.
Зураг дээр: Ээлжит сая сая долларын дэвсгэртүүд Федрезервийн агуулахаас банкуудад илгээгдэж байна.
Фото: gettyimages.com
- ХНС (Федрезерв)-ийн эзэн нь чухам хэн гэдэг нь мэдэгддэггүй гэж ярьцгаадаг.
- Яагаад тэр билээ? ХНС бол бүс нутгийн холбооны нөөцийн 12 банк юм. Тэдгээр банкууд нь холбогдох бүс нутгуудын нутаг дэвсгэрт байрлах банкуудын эзэмшилд байдаг. Банк бүрийн хөрөнгийн 3-6%-ийг ХНС өөртөө нөөцлөж байдаг бөгөөд энэ нь түүний хөрөнгө болдог байна. Өөрөөр хэлбэл, албан ёсоор бол ХНС нь 1900 гаруй америкийн банкны өмчлөлд байдаг. Харин тэдгээрийн хөрөнгө ижил биш хэмжээтэй гэдэг нь бол өөр асуудал. Хамгийн томууд нь Нью-Йоркод байдаг. Үнэн хэрэгтээ, ХНС-ийн эзэд бол - Goldman Sachs, GPMorgan, Citigroup Inc., Bank of America болон бусад америкийн томоохон банкууд юм. Тиймээс энд бүхнийг залуурдагч бол Уолл-стрит болон, магадгүй, лондонгийн Сити юм.
Мөнгөний гол эх үүсвэр
- ХНС нь Европ, Орос, Япон, Хятадын зэрэг төв банкуудаас юугаараа ялгаатай вэ?
- Америкийн хуулийн дагуу бол энэ нь хараат бус, өөрөөр хэлбэл, холбооны агентлаг (төлөөний газар). Гэвч өмчлөлийн хэлбэрийн хувьд бол ХНС нь хувийн өмч буюу хувьцаат нийгэмлэг. Хэрэв Козьма Прутковын “Үндэс рүү нь хар!” гэсэн гэрээслэлийг дагах юм бол хувь нийлүүлэгчид болох бүлэг иргэд болон компаниуд төрийн үйл ажиллагааны эрх мэдлийг өөртөө завшчихсан хэрэг болоод байгаа бөгөөд уг үйл ажиллагааг гүйцэтгээд аль хэдийн 100 жил болж байна. Бусад орнуудад улсын төв банкууд үйл ажиллагаа явуулж байдаг. Тэдгээр банк гүйцэтгэх засаглалаас хараат бус байж болох ч тэдгээрт ямар ч хувьцаа эзэмшигч байхгүй. Тийм ч учраас улсын нөлөө энд тун хүчтэй байдаг.
- Тэгвэл ХНС чухал ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
- Хэд хэдэн үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн чухал нь доллар хэвлэх. Түүнээс гадна ХНС банкууд болон АНУ-ын засгийн газрын чухамдаа эцсийн шатны зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв хаанаас ч мөнгө олох боломжгүй болох юм бол тэд ХНС-аас зээл авдаг. Энэ бол америкийн болон дэлхийн эдийн засагт шаардагдах мөнгө, зээлийн гол эх үүсвэр юм.
ХНС-ийн албан ёсоор тунхагласан гол зорилго нь ажилгүйдэл, мөнгөний үнэгүйдлийг доод төвшинд байлгах явдал юм. Хямралтай тэмцэж, ажилгүйдэл, мөнгөний үнэгүйдлийг бага төвшинд хадгалангаа ХНС-д банклагчид нь юуны өмнө өөрсдийнхөө зорилтыг шийдвэрлэж байдаг. Жилийн өмнө олон нийтийн шахалтаар нөөцийн системд хэсэгчилсэн аудит хийлгэсэн байна. Уг шалгалтын үед тодотгосноор 2008 оны дэлхийг хамарсан хямралын ид үед ХНС-ийн удирдагчид томоохон банкуудад гурван триллион гаруй долларыг хэрэг дээрээ хүүгүйгээр удаан хугацаатайгаар олгосон байсан нь тодорсон, өөрөөр хэлбэл бэлэглэсэн гэсэн үг. Энэ нь хэн албан ёсны эзэн гэдэг нь чухал биш, харин хэн мөнгөн урсгалыг захиран зарцуулдаг нь чухал гэсэн үнэнийг дахин нотолсон хэрэг байв. Ямагт, хаана ч гэсэн хамгийн хүчтэйнүүд нь л “банкилдаг”.
Зураг дээр: Энэ цагаан байшин бол ХНС-ийн төв байр. Ерөнхийлөгчийн цагаан ордноос ч илүү нөлөөтэй. Евгений ГУСЕВийн авсан гэрэл зураг.
|
- Ойрын жилүүдэд Доллар яах бол? Энэ асуулт манай уншигчдын сонирхлыг хамгийн их татаж байгаа байж таарна.
- Миний нэрийг Кассандра гэдэггүй. Тэр ч бүү хэл хамгийн нөлөөтэй санхүүгийн мэргэжилтнүүд болон шинжээчид ч энэ талаар эсрэг тэсрэг агуулгатай таамаглал дэвшүүлдэг юм. Зүгээр л хар ухаанаар хэлье л дээ. Өнөөдөр дэлхийн эдийн засагт юм бүхэн юм бүхнээс шалтгаалдаг. Тиймээс жил бүр “том хорь”-ийн удирдагчид болон тэдний сангийн сайд нарын уулзалт болдог. Хамгийн том банк, бизнес, улс төрийн бүлгүүдийн төлөөлөгчид ч хүмүүсийн ярьдагчлан хаалттай хаалганы цаана бодит цаг хугацааны орчинд зөвлөлдөцгөөдөг. Тэд хамтын чармайлтаар дэлхийн эдийн засгийг тогтворжуулах, ямар нэг хэмжээгээр өсгөхийг хичээцгээдэг. Мэдээжийн хэрэг, тус бүрдээ л өөрийн эрх ашгийн төлөө үүнийг хийдэг. Заримдаа эдгээр эрх ашиг нь шууд эсрэг тэсрэг байх нь ч бий. Гэхдээ өнөөгийн бие биеэсээ харилцан хамааралтай ертөнцөд долларын эсвэл еврогийн уналтыг дагуулсан санхүүгийн бүх нийтийн сүйрэл хэнд ч ашиггүй. Цаашдаа доминогийн гэгдэх зүй тогтол үйлчилж эхэлнэ. Тиймээс, миний бодлоор, юутай ч ойрын нэгээс хоёр жилдээ үйл явдал сүүлийн үед өрнөж ирсэн тэр л загвараараа өрнөх буй заа. Гол валютууд болох доллар, евро, юанийн ханш тодорхой хязгаарын дотор хэлбэлзэнэ. Гэхдээ мэдээж хэрэг, ямар нэг урьдаас харах боломжгүй зүйл хэзээ л бол хэзээ тохиолдож болохыг санаж байх хэрэгтэй.
- Сүүлийн жилүүдэд долларын өрсөлдөгч – иен, юань, евро, тэр ч бүү хэл мусальманы ертөнцөд ноён долларын үүрэг гүйцэтгэх учиртай алтан динарын тухай их ярьсан. Гэвч динарын гол үзэл сурталч Каддафийг (магадгүй ХНС-ийн заавраар) хэрцгийгээр цааш харуулсны дараа мусульманы нэгдсэн валютын тухай ярихаа больчихсон.
- ХНС болон Каддафийн тухай, мэдээж хэрэг, хэтрүүлэг! Гэхдээ юанийн байр суурь эргэлзээгүй бэхжиж байна. Евро ч эрүүлжинэ гэж олон хүн үзэж байна. Зарим халуун толгойтнууд долларыг ирээдүйд орлох биткойн 2013 онд бий болсон гэж хүртэл зарлаж байна. Америкийн олны танил нэгэн сэтгүүлч тодорхой утгаар биткойн болон Эдвард Сноуден хоёр бол нэг зоосны хоёр тал гэж бичсэн.
Гэхдээ биткойн гэдэг бол огт тусдаа бие даасан түүх болно. Энэ талаар дараа ярьцгаая.
Эх сурвалж: http://www.kp.ru/daily/26177.3/3065393/
Энэхүү өгүүллийн дор байсан сэтгэгдлүүдээс сонирхолтой, бас ач холбогдолтой санагдсан хоёрын зэрэг тэмдэглэлийг сонирхуулахаар дор зориуд орчуулан нэмлээ:
Зочин №8999
26.12.2013, 16:22
Өгүүлэл энэ гэмт хэрэгтний энэ үүрийн бүх нууцыг тайлсангүй. ГОЛ ЗҮЙЛ юу вэ гэвэл 2012.12.21нд мөнгө хэвлэх машиныг түрээслэх 99 жилийн гэрээний хугацаа нь дууссан. Хугацааг сунгаагүй ч долларыг хэвлэсээр. Иргэншсэн ертөнц доллартай аль эрт салах ёс гүйцэтгэх байсан юм. Цаасаар ПАПУАСынхаас юм авч байгаа мэт юу л бол юу худалдаж авсаар. Бүхнийг байр байранд нь тавих цаг аль хэдийн болсон.
Өвөө
26.12.2013, 10:05
«»Холбооны система нь хэдийгээр хувийн өмчийн бүтэц байдлаар байгуулагдсан ч, шууд л АНУ-ын ерөнхийлөгчөөс хараат байдалд орчихсон«»???
[Орчуулагчаас: энэ өгүүлбэр нийтлэлийн ерөнхий агуулгаас, ер нь бодит байдлаас гажиж байгаа нь илт санагдсан тул агуулгыг нь өөрчлөөгүй ч арай зөөлрүүлж: “Холбооны систем хэдийгээр хувийн өмчийн бүтэц байдлаар бий болсон ч гэсэн АНУ-ын ерөнхийлөгчдөөс хамааралтай байхаар журамлагдсан юм.” Гэж дээр найруулан орчуулсан байгаа]
Та ингэхэд ер нь юу бичиж байгаагаа боддог юм уу? Ерөнхийлөгч ХНС-ийн хэрэгт оролцох эрх мэдэл ч байхгүй, үүрэг ч байхгүй. ХНС-ийн тэргүүнийг ч ерөнхийлөгч томилдоггүй. ХНС-ийн тэргүүн 4 жил ч биш, 15 жил албаа хашдаг (Ойлгомжтой юу, либерал-демократууд минь!!!). Тэгэхээр, ХНС-аас л ерөнхийлөгч хараат байдалд байдаг гэсэн үг, эсрэгээр биш.
Орчуулсан Бат-Оршихын Жамц
URL: