“Бороо гоулд” 250 ажилтнаа хална
“Бороо гоулд” компани нь ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс уурхайн уулын ажлаа зогсоох болсонтой холбоотойгоор 250 ажилтнаа халахаар шийджээ.
Энэ талаар “Бороо гоулд” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казакофф хэлэхдээ “Ийм шийдвэр гаргах нь бидэнд амаргүй байсан ч өөр сонголт үнэндээ байсангүй. Цомхотголд орсон ажилчид, тэдний гэр бүлд ямар их бэрхшээл үүсэхийг бид ойлгож байна. Үүгээр ч зогсохгүй энэ шийдвэр нь манай компанитай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч болон гэрээт компаниуд, мөн манай орон нутгийг хөгжүүлэх төслүүдийн үр өгөөжийг хүртдэг иргэдэд ихээхэн нөлөөлж байгаа нь харамсалтай” гэжээ.
Тус компани нь Бороогийн уурхайд 2004 оноос эхлэн үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Гэвч ордын нөөц дууссантай холбоотойгоор хоёр жил хагасын өмнөөс шахам ажилтнуудаа халж болзошгүй нь гэсэн мэдээлэл цацагдаж байсан ч, Нуруулдан уусгалтын технологи ашиглах төсөл, Гачууртын ордыг ашиглах зөвшөөрлөө авчихвал ажилчдаа халахгүй байх боломжтой гэж мэдэгдэж байв. Одоогийн байдлаар “Бороо гоулд” компани нь дээр дурдсан хоёр зөвшөөрлийг авч чадаагүй байгаа. Хэрвээ дээрх зөвшөөрлийг Засгийн газрын зүгээс олговол ажлаас халагдах нь тодорхой болоод буй 250 ажилтнаа буцаан ажилд авах гэнэ.
URL: