“Оюутолгой-д осол гарч хоёр хүн амь эрсдэв
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Оюутолгой” компанийн төслийн талбайд ажиллаж байсан хоёр хүн ослын улмаас амь насаа алдсан байна.
Бидэнд ирсэн мэдээллээр бол талийгаачид бохирын цооногт унаснаас болж амиа алджээ. Тэд цэвэрлэх байгууламжийн угсралт, ашиглалтын ажил гүйцэтгэгч гэрээт компанид ажилладаг байжээ.
Осол гарах үед талийгаачид ариутгалын саванд суурилуулсан усны татуургыг засч байхдаа доош унажээ. Тэд 26 настай залуус байсан гэнэ. Ослын талаар “Оюутолгой” компаниас мэдээлэл өгөхдөө “Оюутолгой” ХХК ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолдсон хоёр ажилтны гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байгаа.
Оюутолгойд ажиллаж буй хүн бүр энэхүү ослыг гашуудан хүлээн авч байна. Осол гарсныг мэдэгдсэн даруйд Оюутолгой төслийн зүгээс Аврах багт дуудлага өгч, цагдаа, бусад холбогдох байгууллагуудад мэдэгдсэн. Мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагууд үзлэг шалгалтаа үргэлжлүүлэн явуулж байна. Оюутолгойн зүгээс гэр бүлийнх нь хүсэлтийн дагуу талийгаачдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор хүргэх боломжгүй байна” гэв.
Одоогийн байдлаар “Оюутолгойн” төслийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байдалтай байгаа аж. “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Макрей томилолтоо цуцалж осол гарсан газарт ажиллажээ.
Тэрбээр “Оюутолгой төсөлд ажиллаж буй хүн нэг бүрийн аюулгүй ажиллагаа бидний анхаарлын төвд байдаг. Осолтой холбоотой нарийвчилсан шалгалтыг эхлүүлсэн” гэж хэлсэн байна. Дашрамд дуулгахад, ослын газарт Гандантэгчилэн хийдийн лам нар болон сэтгэл зүйчид ажиллаж байгаа гэнэ.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: