О.Пүрэвбаатар: Яваандаа өөрийнхөө амьдралааар ном бичнэ гэж бодож байгаа
Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт О.Пүрэвбаатарыг энэ удаагийн “Ном уншихуй” буландаа урьж ярилцлаа. Тэрээр зодог тайлсан хэдий ч бөх болохоор зорьж буй хүүхэд залуучуудтайгаа амжилтанд хүрсэн туршлагаасаа хуваалцсаар явна. Тиймээс түүний шавь нараас дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчид эхнээсээ төрөн гарч байгаа билээ.
-Та хэр номын хорхойтон бэ?
-Би тэгтлээ номын хорхойтон хүн биш л дээ. Надад ерөнхийдөө бэлтгэл сургуулилтын дараа л 20, 30 минутын зав гардаг. Тэр үедээ зөгнөлт, эсвэл богино өгүүллэгийн номууд унших дуртай. Түүнээс нэг их урт үргэлжилсэн өгүүллэг унших нь уйтгартай санагддаг юм. Ялангуяа жин хассан үед хоёр гурван хоногоор ч ном унших завгүй явдаг Тийм учраас уншаад хурдан дуусчих тийм л хэмжээний ном уншдаг даа, би.
-Танай эхнэр уран зохиолын багш хүн. Тэгэхээр танай гэрийн номын сан номын баялагтай байлгүй?
-Тэгэлгүй яахав. Манай номын санд төрөл бүрийн ном бий. Уран зохиолын том ботиуд ч байгаа. Тэр дундаа эхнэр маань монгол хэл, уран зохиолын багш болохоор номын сан маань нэлээд баялаг шүү. Мөн хуучны номууд тааралдвал аваад л гэрийн номын санд тавьчихдаг юм. Багш хүн болохоор яваандаа эхнэрт маань хэрэг болж магадгүй гэж боддог юм.
Жишээ нь энэтхэгийн Неру гэж нэгэн суут хүний номыг тааралдахаар нь бас л авчихсан. Том түүхэн хүмүүсийн талаархи номыг мөн л номын сандаа хадгалчихдаг Хэдийгээр тэр болгон уншаад байхгүй ч гэрт байхад хэрэгтэй шүү дээ. Бусад уншдаг хүний дэргэд тэгтлээ үргэлж ном уншиж гэгээрээгүй ч ерөнхийдөө номыг дээдэлж явдаг
-Спортын хүний хувьд ном таны ямар хэрэгцээ болж өгдөг вэ?
-”Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж суут хүний хэлсэн үг бий. Түүн шиг бид багаасаа номоор хүмүүжиж, хажуугаар нь багш нар маань зааж сургасан. Тамирчдаар ярих юм бол бэлтгэл маань бидний багаж хэрэгсэл болдог гэдэг шиг. ном бидний оюуны санааны багаж хэрэгсэл гэсэн үг.
-Зав гарсан үедээ номын дэлгүүрээр ормоор санагддаг уу?
-Бараг л зорьж номын дэлгүүрээр ордоггүй дээ. Харин эхнэрийгээ ном авъя гэсэн үед нь дагаж явдаг шүү. Гэвч сонирхолтой ном тааралдвал номын хулгайчийг хулгайч гэдэггүй болохоор авчихдаг юм.
-Хэдийгээр өнөөдөр хүүхэд залуучууд мэдээлэл авах суваг их болсон ч номыг бодитоор нь барьж унших нь хүнд үлдэцтэй санагддаг юм?
-Уул нь тийм л дээ. Гэхдээ нийгэм цаг үе, техникийн хөгжлөө дагаад интернет рүү их хошуурдаг болсон. Тийм учраас хүүхдэдээ заавал энэ номыг унш гээд шахаад байж болохгүй байна. Гэхдээ шаардлагатай үед уншиж байгаа л даа. Харин бидний үед заавал унших ёстой номын жагсаалт гэж байсан болохоор номыг бодлогоор уншдаг байж. Манай охины хувьд хүүхдийн номууд барьчихсан л явж байдаг Энэ нь ээжийнх нь л хүмүүжил, үлгэр дууриал байх.
-Тамирчин хүний алдар гавьяаг магтан дуулсан олон сайхан ном байдаг. Тиймээс та алдартай тамирчдын талаар бичсэн номуудаас нэлээд уншиж өөртөө хэрэгжүүлсэн байх даа?
-Хүнд номоос авах санаа их байдаг Мэдлэг мэдээллээс гадна зан суртахуун, ёс зүй, хүмүүжил, сайн сайхан аж төрж байгаа хүмүүсийн туулсан амьдрал, ололт амжилт гээд юу эсийг хэлэх билээ. Ийм хүмүүсийн сонирхолтой ном их байна. Тухайлбал, Х.Баянмөнх аваргын “Өгсөх уруудах амьдрал” ном, бас нэг оросын зохиолчийн ном байна.
Ямар амьдралаас яаж өгсч уруудаж явж амжилтанд хүрсэн юм, ямар бэрхшээл тааралдсан ч яаж түүнийг сэтгэлийн тэнхээгээр даван туулсан юм гээд хүний амьдралд сургамж болох зэрэг тэдгээр номуудад суралцах зүйл их байна лээ. Ямар ч номыг унших тусам сонирхолтой зүйлүүд гарч ирээд л байдаг. Гэсэн хэдий ч бүр шимтэж уншаад байх цаг зав төдийлөн гардаггүй юм.
-Алдартай тамирчид ихэнхдээ л эгэл борог амьдралаас амжилтанд хүрсэн байдаг. Таныг ч тэдний нэгэн адил гэж боддог юм?
-Тийм л амьдралаас хүмүүс амжилт гаргадаг юм. Ер нь монголын нэрийг дэлхий дахинд дуурсгасан тамирчдын ихэнх нь гэр хороолол, малчны хотонд төрсөн байдаг шүү дээ. Түүнээс паартай байшинд хэвтчихээд спортын өндөр амжилт гаргасан түүх бараг байхгүй. Ном гэснээс би ч бас яваандаа өөрийнхөө амьдралын тухай ном бичих юмсан гэж бодоод байгаа.
Ном бичих хэмжээний сонин содон амьдралаар өсч хүмүүжсэн ч гэж боддог Тэгтлээ уран цэцэн үгтэй биш ч гэсэн сайн бичдэг хүнээр бичүүлбэл гайгүй юм гарах болов уу гэж боддог юм. Миний хувьд багадаа өнчин өрөөсөн, ядуу зүдүү ээж эмээгийнхээ хүчинд л өссөн. Айлын ус түлээ авч хоолоо олж иддэг байлаа шүү дээ.
Дээр үеийн хүрээний лам нар богц үүргэвч үүрээд айлуудаар явдаг байсан даа. Түүн шиг би гудамжныхаа эмээ өвөөгийн усыг нь авч, түлээг нь оруулж, цасыг нь арилгаж өгч хоолоо олж иддэг байлаа. Тэгээд спортоор хичээллээд сайхан болж байтал шагнуулж эхэлсэн.
Тэгэнгүүт хүмүүсийн зан өөрчлөгдөөд одоо энэ барилдахаа болино гэж дарна. Дараа нь буцаад л дээшээ гараад ирсэн. Тэгж байснаа сэргээш хэрэглэсэн гээд багагүй чичлүүллээ. Түүний дараа мөн л дээшээ гарлаа. Энэ бүхэн дээрх Баянмөнх аваргын бичсэнчлэн өгсч уруудах амьдрал шүү дээ. Энэ мэтээр яриад байвал их зүйл байна.
-Номыг зохиогч бусдыг сайн талыг даган дууриалгах гэж бичиж байхад магадгүй зарим нь нийгэмд байгаа зүйлийг жигшиж зэвүүцүүлэх гэж бичиж байна шүү дээ. Энэ мэдээж хоёр талтай. Тэгэхээр таныхаар сайхан ном, муухай ном гэж байдаг уу?
-Муухай ном гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ сүүлийн үед “Монгол комексийг” уншиж байхад хүүхдийн үлгэрийн ном гэсэн чинь аавыгаа цохиж алаад ээжтэйгээ сайхан амьдарч байна гэж бичсэн байгаа юм. Ийм номыг муухай ном гэхээс өөр аргагүй. Зохиолч нь хүүхдэд зориулж бичдэг юмуу бүү мэд.
Ийм номыг хянаж хэвлэлтэнд гаргаж байгаа хүмүүсийг би ойлгохгүй байгаа юм. Хүүхдүүд ч бас аймшгийн алаан хядаантай кино ч их үздэг болж. Алж хядах ийм энгийн зүйл болчихсон юмуу. Хамгийн гол нь зохиож байгаа хүнээсээ л шалтгаална. Ингэж хүүхдэд багаас нь буруу үлгэр дууриал үзүүлж болохгүй биз дээ.
Д.Нэргүй
Эх сурвалж:
URL: