М.Ходорковский: Би Орост эргэж очно
Эрх чөлөөтэй болсон М.Ходорковский анхны ярилцлагаа өөрөө тоймчоор нь нэлээд хэдэн жил ажилласан The New Times сонинд өгчээ. Энэхүү ярилцлагыг нь хүргэж байна.
-Эрх чөлөөтэй болсон эхний шөнө хэрхэн өнгөрөв?
-Муу. 03.00 цагт сэрсэн.
-10 жил нааран дээр унтсаны эцэст зөөлөн орон дээр унтах ямар байв даа?
-10 жил ч биш юм аа. Би уулзалтын өрөөнд гурван удаа хонож байсан. Тэнд энгийн ор байдаг юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд, ор ямар байх нь надад чухал биш.
-Та суллагдсаныхаа дараа эцэг, эх чинь хүлээж байсан Кораллово дахь гэр, эхнэр Инна хүүхдүүд тань хүлээж байсан Москва дахь байр аль алин руу нь очилгүй шууд Берлин ниссэн. Энэ юу гэсэн үг вэ. Эрх чөлөөнд гарсны төлбөр юм уу?
-Та бүхний мэдэх шалтгаанаар /эх Мария Филипповнагийнх нь хүнд өвчин/ хилийн чанадад, тухайлбал Берлин рүү гарах шаардлага байсан. Энэ бол Владимир Владимирович надаад өршөөл үзүүлэх шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлсөн байх.
Ээжийн биеийн байдал гайгүй, алсдаа Москвад амьдрахаар байсан бол өршөөхөд их л хөдөлмөр шаардагдах байсан байх. Нөгөө талаар надад бас Берлин нисэх шаардлага байсан. Нэг л олдох боломж. Хэрвээ Орост буцаж очоод дараа нь гарах гэвэл гаргахгүй ч байж мэднэ. Тэгэх магадлал байгаа.
-Гадаадад түр цагаачлуулах нь таныг сулласан нэг нөхцөл байсан байх нь ээ?
-Яг тэгж хэлэхгүй. Өршөөх шийдвэр гаргахад илүү амар болгож өгсөн байх. Одоо хэвлэлүүдэд бичээд байгаа шиг шоронд тусгайгийнхан ирээд, би тэдэнд тэнэг асуултууд тавьсан юм байхгүй. Яагаад гэвэл В.Путин бид хоёр бие биенээ эртнээс мэднэ. Тиймээс ойлгомжтой, хариулт нь тодорхой асуудлуудыг яриад байхгүй.
-Суллагдах үйл явц анхаарал татаж байна. Энэ бүхэн яаж өнгөрөв?
-Өмгөөлөгч маань надад өршөөгдөж магадгүй гэдгийг хэлсэн. Хамгийн гол нь гэм буруугаа хүлээх асуудал миний өмнө тавигдахгүй гэдгийг хэлсэн. Медведевийн засаглалын үед байсан гол асуудал энэ шүү дээ. “Өршөөл үзүүлж болно, гэм буруугаа хүлээчих” гэдэг байсан юм.
Тухайн үед В.Путин ингэхийг шаардаж байгаа мэтээр ойлгогдож байсан. Миний хувьд, өршөөл хүссэн өргөдөл бичихэд хэн ч шүүмжлэхээргүй байсан л даа. Шүүх хурал зохион байгуулалттай болсон гэдгийг бүгд мэдсэн болохоор. Би нэг цаас шидээд, төр хариуд нь бас нэг цаас шидэх нь амархан хэрэг, гэхдээ би ингэж тэвчээгүй.
Иргэд нэгэнт мэдэж байгаа ийм тохиолдолд өршөөл бичсэн бол эрх баригчид зүгээр л нэг эрээн цааснаас дор болж хувирна гэдгийг тэд ч би ч сайн ойлгож байв. Өршөөл хүсэх өргөдөл хэмээх энэ цаасан дээр ганцхан асуудал байсан нь гэм буруугаа хүлээх тухай.
Хэрвээ би буруугаа хүлээчихвэл ЮКОС-т хамт ажиллаж байсан олон хүнийг маш хүнд байдалд оруулах гээд байдаг. Асуудал ганцхан надтай хамаатай байгаагүй гэсэн үг л дээ.
Биднийг “Зохион байгуулалттай бүлэглэл” гэж батлахыг эрх баригчид хүсч байлаа. Хэрвээ би өршөөл хүссэн өргөдөл бичсэн бол үүнийг нь баталсан хэрэг болчих гээд байсан юм. Тийм болохоор л бичилгүй өдийг хүрсэн.
Өргөдөл дээр юу ч бичиж болно л доо. Гараг ертөнц, сансар огторгуйн тухайн гээд л… Хамгийн гол нь гэм буруугаа хүлээчих л юм бол маш олон хүнийг хамарсан хэлмэгдүүлэлт эхэлчих гээд байсан учраас ямар ч боломжгүй байсан юм. Харин энэ удаа тэд надад “гэм буруугаа хүлээхгүй байж болно” гэж хэлсэн.
-Хэзээ билээ?
-Арваннэгдүгээр сарын 12-нд. Бас ээжийнхээ биеийн байдлын талаар дурьдаарай гэсэн. Би бичмээргүй байсан ч худлаа биш, үнэхээр шалтгаан мөн учраас бичсэн. Тэгээд л… өгчихсөн. Тэд надад нэг бол гурав дахь хэргийг тохно, эсвэл суллана гэсэн хоёр л зам байгааг би сайн ойлгож байсан.
-Тэгээд шууд л суллачихлаа гэж үү. Улс төрд орж болохгүй, сөрөг хүчнийг санхүүжүүлж болохгүй, А.Навальнийн талаар сайн үг дуугарч болохгүй гэх мэт болзол тавиагүй юу?
-Үгүй ээ, байгаагүй. Би өргөдөлдөө “Хэзээ ч улстөрд орохгүй, эд хөрөнгөө /ЮКОС/ буцааж авах гэж зүтгэхгүй” гэж бичсэн. Гэхдээ энэ талаар би өмнө нь нэг бус удаа олон нийтэд хэлж байсан шүү дээ.
-Бас И.Сечин танаас “Намайг шүүхэд өгчих вий” гэж айх хэрэггүй юу?
-Би энэ талаар өмнө нь олон удаа ярьсан шүү дээ. Ингэхийн тулд том шалтгаан хэрэгтэй, гэтэл тэр нь алга. Би өөрөө хилийн чанадад гарах зөвшөөрөл хүссэн нь үнэн, тэр үед ээж маань Берлинд байсан юм.
-Гэхдээ таныг суллагдах үед Москвад байсан шүү дээ. Та мэдэж байсан уу?
-Мэдээж.
-Гэсэн ч Берлин явахаар шийдээ юу?
-Тийм ээ. Би Берлинд, гэр бүлийнхэн Москвад. Ийм л болж таарлаа. Сонголт байгаагүй.
-Өршөөхийг хүссэн өргөдөлдөө юу гэж бичсэн бэ?
-Албан ёсны өргөдөл нь бол ердөө ганцхан хуудас цаас. Би 10 жил 10 сар хоригдох ялтайгаас 10 жил гаруйг нь биеэр эдэлсэн. Үлдсэн ялнаас чөлөөлж өгнө үү, цэг гээд л болоо. Үүнээс гадна би В.Путинд хувийн захиа бичсэн. Түүндээ ээжийн эрүүл мэндийн байдлын талаар бичсэн.
-Энэ захиагаа В.Путинд хэрхэн өгөв?
-Энэ хэцүү байгаагүй ээ. Хянагчдын видео камерын хяналт дор өөрийн гараар бичээд өмгөөлөгчдөө өгсөн. Тэр цааш нь ноён Геншерт өгсөн. Яг яаж дамжуулсныг нь сайн мэдэхгүй байна.
-Германы Канцлер Ангела Меркель таны төлөө их санаа тавих юм. Яагаад ингээд байна, ямар сонирхол байгаа юм бол. Тэр өнгөрсөн зун В.Путинтай уулзах үедээ таны талаар онцгойлон асууж, “Гурав дахь хэрэг гэж байхгүй” гэсэн амыг нь авсан байсан. Бундестагийн депутат Мария Луиза Беккийн хэлснээр таны талаар яриа хэлэлцээрийг есөн сарын турш хийсэн гэсэн?
-Миний хувьд энэ бол оньсого. Танд гайхамшиг тохиолдож, яагаад гэдгийг нь мэдэхгүй байх үе гардаг шүү дээ.
-А.Меркель, В.Путин хоёр танаар наймаалцсан юм биш байгаа?
-Надад хэн ч энэ талаар яриагүй.
-Танд Орос руу буцах хэрэг гарвал та явах уу?
-Мэдээж.
-Хүмүүс “М.Ходорковский АНУ руу явна, эх орондоо эргэж очихгүй” гэж ярьж байна?
-Дахиад хэлье. Ноён Песков намайг дуртай үедээ Орост ирж болно гэсэн. Үнэн. Тэр өөрөө тэгж хэлсэн, би сонссон… Гэхдээ би гарцаагүй шаардлагатай үед л Орост очно. Одоохондоо гэр бүлийн асуудал надад илүү чухал байна.
-Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх болсныг яаж мэдсэн бэ?
-Эхлээд Владимир Владимирович надад гурав дахь хэргийг үүсгэхгүй гэж хэлэхийг радиогоор сонссон. Миний хувьд энэ бол мэдээж, маш баяртай мэдээ байсан.
Зөвхөн миний биш өөр 15 хүний асуудал яригдаж байгааг хамгийн түрүүнд бодсон юм. Дахиад хэрэг тохохгүй гэхийг сонсоод тархин дээр дарж байсан чулууг аваад хаячих шиг л болсон шүү. Гэхдээ надад өршөөл үзүүлнэ гэдгийг радиогоор нэвтрүүлээгүй. Орой 18.00 цагт зурагт үзэж байгаад л бүгд энэ талаар мэдсэн дээ.
В.Путин “Өршөөлийг ойрын үед гаргана” гэж хэлэхэд л би шийдвэр аль хэдийнэ гарчихсан гэдгийг ойлгосон. Тэд намайг хорих ангиас аль болох хурдан явуулна гэдгийг ч мэдсэн. Тэгээд залууст “Сэтгүүлчид Москвагаас Сегежид иртэл хоёр хоног шаардагдана. Эрх баригчид үүнийг хүсэхгүй” гэж хэлсэн. Тэгээд л шууд камертаа очиж бичиг баримтаа цэгцэлсэн дээ.
-Хоригдож байсан залуус яаж хүлээж авсан бэ?
-Яахав дээ… Болно гэж үзсэн хүмүүс нь ирж баяр хүргэсэн. Надтай харьцсан хүмүүс дараа нь асуудалтай болдог байсан болохоор тэд надтай нэг их харьцдаггүй юм. Асуудалд орохоос айгаагүй, болно гэж үзсэн хүмүүс нь ирж баяр хүргэсэн. Ер нь бол хорих ангид намайг зөвхөн овгоор дууддаг байсан.
-Тэд яаж баяр хүргэв, ер нь энэ талаар юу гэж ярилцацгааж байсан бэ?
-Хүрч ирээд “Баяр хүргэе Михайл Борисович. Шинэ жилийг гэртээ угтаж магадгүй нь дээ” гэцгээсэн. Энэ чинь пүрэв гарагийн орой /2013.12.19/. Шөнийн 02.30-ийн үед харгалзагч орж ирээд “Михайл Борисович хувцсаа өмсөнө үү” гэсэн. Хувцаслаж байхдаа би юу болж байгааг ойлгосон. Тэр намайг нэг өрөө рүү оруулахад хэн нэгэн хүн сууж байсан.
Надаас “Та намайг таньж байна уу” гэсэн. Би “Уучлаарай танихгүй байна” гэсэн. Тэр “Би Карелийн БНУ-ын захирагч байна шүү дээ” гэсэн. Бид өмнө нь уулзалдаж байсан тэрбээр энгийн хувцастай байсан болохоор нь таниагүй. Тэр “Би таныг авахаар ирлээ, бид одоо хамт явна, та өнөөдөр гэртээ харина” гэсэн.
Яагаад ирснээ тэрбээр “Хорих ангиас хүнийг бичиг баримт бүрдүүлэхгүйгээр авч гарч чадах ганц хүн нь би” гэж тайлбарласан.
-Бичиг цаас байгаагүй юу?
-Мэдэхгүй, тэр л тэгж хэлсэн. Бас их эелдэг байсан. “Танд авч явах юм байгаа юу” гээд л… Бурхны авралаар би бүх бичиг цаасаа цэгцэлчихсэн байсан болохоор өөрөө аваад гарсан. Бид албаны машинд суугаад хөдөлсөн. Түүнтэй хамт энгийн хувцастай хоёр залуу байсан, бас энгийн хувцастай. Өглөө 08.00 цагийн онгоцонд намайг суулгана гэж байснаа дараа нь 11.00 цаг болж өөрчлөгдсөн.
-Тэр хүмүүс л байсан уу?
-Онгоцны буудлын ойролцоогоос нэг эмэгтэй суусан. Тэр эмэгтэй намайг хэн болохыг таниагүй. Энэ машин шууд онгоцны нисэх зурвас руу нэвтэрсэн. Тэгээд Ту 134 онгоцонд суусан.
-Хувийн онгоц уу?
-Үгүй байх аа. Албаных байх гэж таамагласан.
-Зорчигчид байгаагүй юу?
-Байгаагүй. Дагалдсан хоёр хүн л байсан. Тэд “Бид танныг Санкт Петербург хүргэх даалгавартай, тэнд таныг онгоц хүлээж байгаа” гэсэн. Би “Сайн байна” гэж хариулсан.
-Танд ямар нэг бичиг баримт өгөөгүй юу?
-Хорих ангид байхад паспортыг маань хурааж авсан юм. Хорих ангийн дарга “өмгөөлөгчид чинь өгнө” гэж байсан юм. Үнэндээ би мартчихсан байна лээ. Санкт Петербургт нисч хүрэх үед надтай хамт яваа хүмүүст паспорт байгааг мэдсэн. Тэд надад гадаад пасспорт өгсөн. Хоосон байсан учраас би өөрөө нэрээ бичсэн.
-Пулковод уу?
-Шууд онгоцон дотор… Дараа нь тэд Пасспортоо өгнө үү зам явах бичиж өгнө гэсэн. Тэгээд ОХУ-аас гарах тамга дарсан байсан.
-Пулковод уу?
-Шууд онгоцон дотор… Дараа нь тэд Пасспортоо өгнө үү зам явах бичиж өгнө гэсэн. Тэгээд ОХУ-аас гарах тамга дарсан байсан.
-Та Тэдэнд “Гэр бүлийнхэн маань Москвад байгаа, ээж аав минь Москвад байгаа” гэж хэлээгүй юу. Ядаж “Намайг хааш нь авч явж байгаа юм бэ” гэж асуусан биз дээ?
-Би хэнтэй ярина гэж вэ.
-Таныг гадаад руу явуулж байна гэдгийг та ойлгосон уу?
-Мэдээж. Би тэнэг биш шүү дээ.
-Тэгээд та нэг ч юм асуугаагүй гэж үү. Ядаж аль улс руу гэдгээ мэдэхийг хүсээгүй юу. Эсвэл өмнө нь мэдэж байсан юм уу?
-Би юу ч мэдээгүй, гэхдээ таамаглаж байлаа.
-Герман гэж мэдсэн гэж үү?
-Тийм. Бид Пулковод хэдэн цаг нисч хүрэхэд тэнд өөр онгоц хүлээж байсан.
-Тэд таныг хооллосон уу?
-Женя минь. Надаас юм идэхийг хүсч байна уу гэж арван ч удаа асуусан, гэхдээ хэдхэн цаг үргэлжилсэн болохоор надад “00” орох ч шаардлага гараагүй. Ер нь надтай харьцахдаа дүрэм журмыг огт зөрчдөггүй юм. Илүү том юман дээр зөрчдөг байхгүй юу. Тэд намайг Сееснад суулгаж өгөөд би энд ирсэн.
-Энэ онгоцыг хувийн онгоц байсан гэж Геншер сэтгүүлчдэд хэлсэн байсан?
-Мэдэхгүй. Сесснаг хүлээж зогсох зуураа тэд “Бид онгоцыг нисч далд ортол нь харж зогсох ёстой” гэж байсан. Та нарт нэг хөгжилтэй юм ярья л даа. Тэд “Михал Борисович, танд хувцас байхгүй юм уу” гэхэд нь би “Та нар намайг ийм сайн авч явсан болохоор өмгөөлөгч маань хувцас авчирч амжсангүй” гэж хариулсан.
Тэд за бид нэг арга бодоё гээд зуны хүрэм, гэрэл нэвтрэм өмд авчирч өгсөн дөө. Гэрэл зураг дээр байгаа. Тэд хариуд нь миний хүрэм, малгай хоёрыг авна гэсэн. Бас өмдөө солихыг хүссэн ч би татгалзсан.
-Хорих ангийнхан уу?
-Тийм ээ. Бид бараа солилцоо /бартер/ хийсэн юм. Ингээд би Сесснад сууж Берлинд ирсэн. Хэн нэгэн нь 70-аад онд тэрс үзэлтнийг хэрхэн авч явж байгаа талаар кино хийх байсан бол үүнээс илүүг бодож олж чадахгүй байсан биз. Баахан том биетэй чухал царайлсан хүмүүс тойрч зогсчихоод пасспорт шалгаад л. Ингээд л бид салсан даа.
Орчуулсан Х.Батсайхан
URL: