Лам Д.Баасангийн байгуулсан Ардын намд МАХН Ууслаа

Х.Чойбалсан нэг удаа мэргэн хүнээс хувь заяаныхаа төөргийг асуухдаа энхрий хайрт намынхаа ирээдүйг ч бас сонирхсон гэдэг.   Өнөө хүн  “Энэ нам чинь 90 настай л  юм  байна”  гэж хэлж байсан гэнэ лээ. Үнэн хэлсэн байжээ. Ер  хү­рээд л яваад өглөө. Ингээд МАХН үүрд баяртай болох шиг боллоо.  Тэгэхдээ тэрнээс ч зэвүүн нам гарч ирж байж магадгүй нь. Юу нь мэдэгдэхгүй эрээвэр хураавар энэ нам юу хийж түйвээх бол гэхээс 20-иод онд хэлмэгдэж явсан нөхдийн айдас хүйдэс дахин босч ирэх мэт. МАХН-ын нэрийг бузарлахад жинтэй хувь нэмэр оруулж байсан нөхдүүд багаараа Ардын намд дагаар орлоо.

Амьд явахад хүн элдвийн л сонин юм үзэх юм. Насаараа ард түмнийхээ толгой дээр байсан МАХН нь лам Баасангийн нам дээр ирж нийлчих юм. Ардчилсан хол­бооны анхны 13-ын нэг Д.Баасан лам МАХН-ын 26 дугаар их хурлын төлөөлөгч болчихсон,  Гандангийн дэнж уруудан улаан, шарыг хос­луулан намирч явах болно гэж жилийн өмнө хэн нэгэн ярьсан бол тэр хүнийг МАХН-ын захын нэг үнэнч гишүүн “Солиордог, со­лиор­дог гэхэд арай дэндэнэ ээ” гээд цохиод унагачих байсан даа. Гэвч Д.Баасан лам МАХН хоёрын хувь заяа Ардын намын өлгийд ирж нэгддэг байна шүү. Угаас Ардын нам болохоор нь элсэж орно гэж мөрөөдөж байсан ту­хайгаа ч өнөө ламтан өөрөө ярьсан нь хачин гээч.  Ардчиллыг  баастсан Баасан   лам чой(номоо)-гоо мартаж, Ар­дын намын журамт цэргийг дуу­лаад, орхимжоо дэр­вүү­лэн, сэлэм эргүүлж МАХН-тай хувь заяагаа холбодог л юм байна. Лам нарыг хэдэн зуун мянгаар нь устгаж байсан угшилтай нам ардчилал гэж дөвчигнөж бай­сан ганц нэг ламыг бол төвөггүй “яачих” байл­гүй дээ. Өөрт нь биш, өөрийнх нь гарт байсан Ардын намын тамганд л учир нь байсан байх аа даа. Хөөрхийг сайнаар бодъё гэвэл олон ламын өшөөг авах гэж дотор нь орсон юм байлгүй гэж цайруулж ойлгож болох талтай юм.

МАХН угшилтай Ардын нам төрөх үед байдал өөрөөр эргэжээ.   Д.Баасан лам хаданд авирч, намд элсч байх зуур МАХН-ын “баастай бурхан” байсан, Үндэсний их удир­дагч нь үүдэнд ад үзэгдэн,  хатавч­наас нааш гишгэх эрхгүй өнчин хүү шиг суух чинээ хэн ч бодож байгаагүй. Ингэж Д.Баасан лам, их удирдагч хоёрын байр нүд ирмэх зуур л солигддог байжээ.

Үндэсний их удирдагч явсан нөгөө хүн харин “Би бурхан биш нь биш, тэгэхдээ бас босоо ороо­лон биш юм шүү дээ” гээд орилж байх юм гэж ядахдаа зүү­дэлсэн хүн олдоно гэж үү. Тэр хүний амнаас гарсан авиа бүгдийн төлөө уухайлан, алга ташин дэвх­цэж, уйлалдан шүтэж, дохио зангаа­гаар нь хөдөлдөг байсан цаг үе бий.  Өөрийнх нь  элдвээр хэлүүлэн байж улс төрд чирч оруулж,  бас ч гэж албан тушаалын  амт шимтээс амсуулсан дол­­­­­­дой­чууд нь (М.Энх­болд, Сү.Бат­болд, У.Хүрэлсүх) Н.Энх­бая­рыг үг хэлэх гэж индэр лүү авирч явахад нь “Өвчит үймүүлэх гэж байгаа юм. Үгийг нь олон түмэнд хүргэхгүй” гэсэн аятай  хэвлэлийнхнийг хөөж гарган, хаал­га үүдээ дангинатал түгждэг бол­чихно гэж мэргэлж байсан үзмэрч, таамаглагч лав энэ дэлхийгээс олдохгүй болов уу. Хувь тавиланг таашгүй, хэцүү. Н.Энхбаярын заяа төөрөг бусдад дав­­­­­­­­таг­дахгүй бай­хын аргагүй. Алга ташин индэр дээр суугаа тэднийг ч юу хүлээж байгааг хэн мэдлээ. Үүрдийн албан тушаал гэж бай­даггүйг үзэн ядаад байгаа Н.Энх­баярынхаа байдлаас эрх­биш хараа байлгүй.

“МАХН  гэдэг нэрийг солих гэнэ үү. Энэ намын нэр хэнд гай болоод байгаа юм” гэж загнаж суусан Н.Багабанди хэдхэн жилийн дараа “МАХН-ын нэрийг солихгүй гэнэ үү.   Энэ намын нэр хэнд хэрэг болох гээд байгаа юм” гэж уурлаж  суух юм гэж ч бас хэн бодож бай­сангүй. Алив юм цаг цагтаа л хүчинтэй байдаг аж.  Цагтаа Н.Энх­баярын өмнө уйлагнан “Шоронд битгий явуулаач” хэмээн гуйж явсан У.Хүрэлсүхийг МАХН-ын амыг барьж, Н.Энхбаярын өөдөөс даажинтай инээгээд суух юм чинээ төсөөлж байсан нь үгүй.   Булайгаа нуух гэж нэрээ хүртэл сольсон ч булхай нь бол шороонд булаад ч  гараад ирдэг юм билээ. Яагаав нөгөө баахан ламын гавлын яс гарч ирээд МАХН-ыг барьж өгч байсан биз дээ.

Их хурлын сценарийг С.Баяр боловсруулсан гэсэн. Тэрээр өстө­нөө дарж, алдраа мандуулах “сайн” зохион байгуулсан хурал хийлгэлээ. Яг л ерэн жил явж ирсэн жамаараа. МАХН Ардын нам бол­сон ч зүсээ хувиргасан чоно ма­ханд дуртай хэвээрээ л байх болно.

Лам Д.Бодоогийн 1920 оны гурав­дугаар сарын нэгэнд онд байгуулсан Ардын намыг лам  Д.Баасан 1997 онд байгуулсан юм шүү дээ. Эхнийх нь ламыг яалаа даа. Дараагийн лам бодох л хэрэг­тэй.  Түүх давтагддаг гэх юм билээ. Ер нь Д.Бодоогийн байгуулсан Ар­дын нам МАХН болтлоо хэдэн жилийн настай байсан билээ дээ.

Их хурлын төлөөлөгчид дот­роо Ардчилсан холбооны буруу номтон лам Д.Баасан Ардын на­мын анхны гишүүн нь гээд Н.Энх­бая­раас том амьтан явж харагдана лээ.

Хулгайн тамгатай Ху намын суурьтай Ардын намын хөлд ор­он анхны түүх ингэж л эхэлж байна. Ямар ч байсан лам Д.Баа­сангийн байгуулсан Ардын намд МАХН ууслаа.

Ардын нам одоо хэдэн настай гэж өөрсдийгөө хэлэх нь бас л эргэлзээтэй боллоо. Хэдхэн хо­ногтой хэнз хүүхэд төрлөө гэх үү, эртээ 1920 онд төрсөн юм аа  гэх үү. МАХН байхгүй болсон бол дөнгөж төрсөн байлтай. Байгаа бол ерэн настай нь баараггүй. Ингэхэд сая төрсөн гэх Ардын нам хэдэн настай юм бол. Яаж ч бултах гээд үнэнээс зугтах аргагүй.


URL:

Tags: