Ёстой “гоё” хууль мэндлэх нь ээ

law6889Булган аймгийн харъяат нэгэн өндөр настан “Ахмадуудаа төр засаг харж хандахгүй байна. Тэтгэвэр тэтгэмж нэмлээ л гэх юм.

Амьдралд хүрч байгаа юм алга. Ахмадууд чинь тэгж их ад үзэгдээд байдаг юм бол 60 хүрэхэд нь “заазалчихаж” бай, та нар” хэмээн ихэд бухимдаж хууль тогтоох байгууллагын гишүүдэд хатуухан үг чулуудаж байсныг санаж байна. Үнэн боловч хатуу үг хэлсэн шүү, бодоод байхад. Нээрээ ч бид ахмадуудаа таг мартчихсан.

Гэхдээ тэд бага ч гэсэн төр засгаас тэтгэвэр аваад явдаг болохоор арай ч “заазлуулах” хэмжээнд хүртлээ мартагдаагүй. Харин өнөөгийн нийгэмд хамгийн их хаягдсан хүмүүс бол 40-өөс дээш насныхан. Ид хийж бүтээх насандаа яваа эдгээр хүмүүсийг төр засаг нь ёстой л “заазалчихаад” байгаа. 40 гарсан л бол нийгмээс тусгаарладаг, ажилгүй гэрийн “буг” болдог бичигдээгүй хууль манайд үйлчлээд чамгүй удлаа. Зарын сонинд ажлын байрны зар гарлаа гэхэд дандаа л 35 хүртэлх насны гэсэн зааг тогтооно.

Ажилд орохоор анкет бөглөлөө гэхэд 35 хүртэлх насны залууг авах уу, эсвэл 40 гарсан эрийг сонгох уу гэдэг нь ч тодорхой. Эрчүүд нь өөрийн бяр чадлаа шавхаад ч хамаагүй хувиараа бизнес эрхэлж, эсвэл аль нэг газрын үүдний хамгаалагч хийгээд болдог бол эмэгтэйчүүд үнэндээ мартагдчихсан байгааг бид хаа, хаанаа л мэдэж байгаа. Худалдааны төвүүдээр ганзагын наймаа эрхэлж байгаа эмэгтэйчүүдээс өөрөөр бол төрийн албанд ч 40-55 насны эмэгтэйчүүд маш ховор ажилладаг гэдэг нь судалгаагаар харагдаж байна.

Ганзагын наймаа эрхэлдэг эмэгтэйчүүдийн ихэнхи нь ёстой л ажлаасаа нас ахисан гэх шалтгаанаар “заазлагдаж”, өөр сонголтгүй учраас наймаа эрхэлж байгаа нь нууц биш. Тиймээс энэ асуудлыг төр засгаас анхаарч эхлэх цаг болчихсон байсан юм. Тэгвэл эдгээрийг анхаарч эхэлжээ гэсэн таатай мэдээллийг хүргэмээр байна. Тун удахгүй 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн нийгмийн баталгааг хангах хуультай болох сураг дуулдлаа. Гэхдээ хууль зөвхөн санал авах хэмжээнд явж байгаа гэдгийг хэлчихье.

Хуулийн төслийг Д.Сарангэрэл нарын гишүүд боловсруулж эхэлсэн бөгөөд 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийнхээ нийгмийн баталгааг хангасан хуультай улс орнуудаас туршлага судлах, хууль эрхзүйн орчинд ямар асуудлыг түлхүү хөндөх талаар санал хуваалцах, хуульчдын санаа оноог тусгах гээд өөрөөр хэлбэл бэлтгэл шатандаа энэ хууль дуншиж байгаа юм.

Ямартай ч эдгээр орхигдсон хэсгийнхээ нийгмийн баталгаа, амьдралын бодит орлого, өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ асуудлыг төр анхаарч эхэлжээ. Энэ хуульд ямар санаа оноог тусгах, хууль эрхзүйн орчныг нь хэрхэн бусад хуультай нарийн уялдуулах, ажлын байраар хангах уу, аль эсвэл халамжлах хэлбэрээр мөнгө төгрөг өгөөд дэмжих юм уу, ажлын байрны шаардлагад хяналт тавих уу гэдэгт эмэгтэйчүүд та бүхний санал чухал байгаа нь ойлгомжтой. Т иймээс хуулийн төслийг анхааралтай ажиглаж, өөрсдийн санаа оноогоо тусгаасай гэж хүсч байна.

ОХУ, БНСУ зэрэг улс орнууд яг ийм хуультай байдаг аж. Тэд ажиллах орчноор хангах, өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ нийгмийн баталгааг хангах, ажлын байранд зуучлах зэргийг төрийн бодлогын хэмжээнд анхаардаг бөгөөд тэтгэвэрт гарах хүртэл нь нийгмийн баталгааг нь хангаж чаддаг ажээ. Энэ туршлагаас ч бид судлах ёстой.

Гэхдээ судалсан гээд шууд хуулчих нь бас учир дутагдалтай юм. Гадны маш сайн туршлага юу байгаа, үүнийг Монголын хөрсөнд нутагшуулахын тулд ямар асуудлыг анхаарах, монгол эмэгтэйчүүдийн ажлын ачаалал даах чадвар, ажил хийх насны онцлог зэргийг нь маш сайн нягталж, иймэрхүү халамжийн, нийгмийн асуудлыг тусгасан бусад хуультайгаа уялдуулж гаргахад сайн анхаарахгүй бол яарч сандран баталсан хууль хөрсөндөө буухгүй бэрхшээл үүсгэж байгаа жишээг надаар хэлүүлэх юун.

Эмэгтэйчүүдээ төр анхаарч эхэллээ. Үүнээс илүү сайн зүйл гэж юу байхав. Тэр тусмаа 40-өөс дээш насны ид хийж бүтээх эрч хүч оргилж буй бүсгүйчүүдээ төр нь ялгаварлан гадуурхахгүй анхаарч эхэлж байгаад баярлаж байна. Эмэгтэй гишүүддээ баярлалаа.

Б.Өнөртогтох


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих