Ч.Ганхуяг Дамбадаржаад өнгөрүүлсэн он жилүүдээ дурсав
Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг Дамбадаржаад өнгөрүүлсэн хүүхэд насаа дурсав. Тэрээр өнөөдөр өөрийн фэйсбүүктээ “Өвөө, эмээгийн минь амьдарч байсан мухар гудамж. Түрүү жил сонгуулийн үеэр хэрэг болгон олж очсон юмаа. Айлыг нь гуйж, учирлаж байж хэдэн зураг авсан. 25 жилийн дотор олон хүний гараар дамжиж юм юм л үзсэн байх. Гэвч миний хүүхэд насны дурсамж хамгийн гэгээн, дулаан, нартай, бүр бороотой байсан ч дотно. Хамгаас аз жаргалтай. Эмээ, өвөөдөө эрхлэн тоглосоор унтах, өглөө сэрэхэд пийшин дээр буцлах будаатай цайны галын утаатай холилдсон үнэр. Хамар гижигдэм. Нүдээ нээгээгүй байхад эмээ маань цайгаа тавьчихаад шүүрээ шархируулж, аяга таваг хангинуулах чимээ. Хаа нэгтээ мөөрөх үнээ. Гудмын найз Хуягаа “Тулгаа гараад ир” гэж хашгирах нь “янзын”. Дугуй түрж гүйх, чавх урлах, чулуугаар байлдах, мөнгө тоглох, дүүки даакидах, талхныхаа мөнгийг дээрэмдүүлэх, айлын хүүхдийг өдөх, бөглөө шүүрэлцэх. Орой нь Польшийн Нохойтой дөрвөн танкчин, Үхлийн архив, Хаврын 17 учрал гэх зэрэг цувралууд гарахыг хар цагаанаар хажуу айлдаа орж байгаад үзчихнэ. Миний хүүхэд нас. Эмээ, өвөөгөө л санах юм. Цаг хугацаа амархан юм. Амьдрал өөрөө хурдан юм. Амьдарч амжаарай, залуусаа” хэмээн хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцжээ.
Survalj.mn
URL: