Хуурамч дипломтой нь тогтоогдов

0df48d66d72d23d7bigАвлигатай тэмцэх газарт иргэдээс төрийн албанд ажиллах хүмүүсийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй томилсон гэсэн гомдол ирүүлжээ.  Уг мэдээллийн мөрөөр шалгахад Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга Н.Самба, түүний эхнэр Л.Пагмадулам нь сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоожээ.Энэ нь олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгожээ.

Л.Пагмадуламыг энэ оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд ийнхүү томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг зөрчиж хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй томилсон байна.

Түүнчлэн Сумын Засаг дарга Н.Самба нь 1995-1999 онд Улсын Багшийн Их сургуулийг Биеийн тамирын багшийн мэргэжлээр, 2011-2012 онд Шинэ цагийн Удирдлагын академийг бакалаврын зэрэгтэйгээр, Л.Пагмадулам нь 2000-2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн диплом нь хуурамч болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтаар тогтоожээ.

Мөн Л.Пагмадулам нь хуурамч дипломыг ашиглан Удирдлагын академийн “төрийн удирдлага”-ын мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг 2012 төгссөн байна. Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх” гэж заасныг зөрчсөн байжээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, хариуцлага тооцуулах болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга, тус аймгийн Цогт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нарт албан бичиг хүргүүлсэн байна. Мөн дээрх албан тушаалтнуудын хуурамч баримт бичиг ашигласан асуудал нь гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлжээ.

Б.Туул montsame


URL:

Сэтгэгдэл бичих