Ч.Улаан: Өрийн хязгаарыг ДНБ-ий 60 хувьд барих саналыг дахиж оруулна

minister_ulaanСангийн яамнаас өчигдөр Монгол Улсын 2014 оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан ирэх оны төсвийн сайн болоод дутагдалтай талын талаар байр сууриа илэрхийлснийг “Ярилцах танхим” булангаараа хүргэж байна.

-Монгол Улсын 2014 оны төсвийг баталснаас хойш “Сайн болсон. Муу болсон” гэдэг байр суурийг олон хүн илэрхийллээ. Харин та юу гэж үзэж байна вэ. Зарим асуудлаа дэмжүүлж чадаагүй байх?

-Төсөв гэдэг өөрөө бодлогын том илэрхийлэл байдаг. Монголын төрийн УИХ, Засгийн газрын бодлогын тоон илэрхийлэл нь төсөв юм. Тоо, төсвийг хараад төр засгийн бодлогыг мэдэх боломжтой. Би ирэх оны төсвийг сайн болсон гэж бодож байна. Улсын төсвийг боловсруулахад хуулиар тавигдсан шалгуур бий.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу улсын төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн үнээр тооцсон байх ёстой. Манай эдийн засаг уул уурхайн салбараас, цөөхөн бүтээгдэхүүнээс хамааралтай байдаг.

Ялангуяа энэ оны хувьд зэс, нүүрсний үнээс ихээхэн хамаарч байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр тогтвортой биш байдаг. Тэгэхээр шууд одоогийн байгаа үнээр нь аваад хийчихээр үнэ өсөөд байвал төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Үнэ унавал төсөв тэр чигээрээ эрсдэлд ордог. Энэ төсвийн савлагааг арилгах зорилгоор стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ үнийг тооцохдоо тэнцвэржүүлсэн зарчмаар тооцсон.

Тухайлбал, зэсийн үнэ одоо нэг тонн нь 7000 орчим ам.доллар байгаа. Харин бид төсөвт суулгахдаа 6200 ам.доллараар тооцсон. Зэсийн үнэ 6200 ам.доллар хүртэл унасан ч манайд эрсдэлгүй гэсэн үг. Энэ хэрээр төсөв савлахгүй. Төсөв гэдэг маань уг нь амьдрал шүү дээ. Амьдралыг залгуулж байгаа тэр л боломж юм. Амьдрал залгуулж байгаа боломж маань савлаад байвал хэцүү. Үүнийг зохицуулахын тулд зэсийн үнийг 6200 ам.доллараар тооцож өгсөн. Төсөв ямар ч байсан орлого талдаа савлагаа багатай болсон гэсэн үг. Зарлагын өсөлтийг хязгаарлах ёстой гэсэн шаардлагыг ч хангаж чадсан.

-Зэсийн үнэ унахгүй бол зөрүү гарах нь ээ?

-Хэрвээ зөрүү орж ирвэл бид тэр мөнгийг Тогтворжуулалтын сан руу хийнэ. Тэндээ нөөц бүрдүүлж байгаа. Үүнийгээ дараа хүндрэл тохиолдсон үед ашиглана, төсвөө тогтвортой байлгана.

-Төсвийн алдагдлыг бууруулах тал дээр хэр төсөв болсон бэ?
-Орлого нь зарлагаа нөхөж чадахгүй бол төсөв алдагдалд ордог. Олоогүй орлогыг зарцуулаад байвал өрөнд ордог шүү дээ. Тиймээс өрийн өсөлтийг хязгаарлахын тулд хуулиараа улсын төсвийн алдагдлыг хязгаарлах ёстой. Төсвийн алдагдлыг ДНБ-ий алдагдлыг хоёр хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Энэ 14 оны төсөв энэ үзүүлэлтийг ч мөн адил хангасан. Монгол Улсын өрийн нийт хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж хуулиа баталсан. Эдгээр бүхий л шаардлагуудыг хангасан учраас би Монгол Улсын төсөв сайн болсон гээд байгаа юм. Гэхдээ бүх юм өөгүй сайхан болсон гэж би хэлж чадахгүй.

-Яагаад?
-Миний хэлсэн зүйлс бол Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээнд ярьсан асуудал. Монгол Улсын нэгдсэн төсөв юунаас бүтдэг юм бэ гэдгийг бодоод үзээрэй. Тэгэхээр нэгдүгээрт, улсын төсвөөс бүтдэг. Улсын төсөв гэдэг маань Засгийн газрын төсөвт төвлөрүүлж, Засгийн газрын удирдлагаар зарцуулах ёстой зүйл. Үүнээс гадна улсын төсөв маань орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсвөөс бүрдэнэ. Дөрвөн сангийн нийлбэрээр Монгол Улсын 2014 оны төсөв үзүүлэлтүүдээ хангачихсан. Улсын хэмжээний нэгдсэн бодлого зөв чиглэлд байна. Одоо энэ төсвийг бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр нь дүгнэх ёстой. Энэ дүгнэлтийг одоо бид хийж байна. Орон нутгийнхан хуралдаж төсвөө баталж байна. Он дуустал улсын нэгдсэн төсөв жинхэнэ утгаараа хэлэлцэгдэж батлагдана гэсэн үг. Бүх шатанд шалгуур үзүүлэлтүүд хангагдсан уу гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Нэгдсэн дүн хараахан гараагүй байна.

-Та саяхан төсвийг “далавчгүй” гэж тодотгосон байна билээ?

-Цаад бодлого нь ямар төсөв болсон бэ гэдгийг энд ярих хэрэгтэй. Би сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Монгол Улсын 2014 оны төсөв далавчгүй төсөв болсон” гэж хэлсэн. Далавчгүй юм чинь яах вэ. Нисэхгүй нь бол ойлгомжтой болсон. Яах вэ, хурдан гүйдэг төсөв байж болох юм. Төсвийн бодлогын чанар агуулгад анхаарах асуудал байна. Төсөв бодлогын хувьд хоёр шаардлагыг хангасан байх ёстой. Амьдралд нийцсэн, бодитой байх ёстой. Энэ хоёр үзүүлэлтийг яах вэ хангаж байгаа. Гэхдээ төсөв маань урагшаа тэмүүлсэн, дайчин байх ёстой. Төсөв амьдралыг байгаа байдалд нь уяад байх биш урагш нь жолоодож хөгжил дэвшилд хүргэх ёстой. Тэмүүлэлтэй байх ёстой.

-Төсвийг “дайчин” байлгая гэсэн бол яах ёстой байсан гэсэн үг вэ?
-Ер нь ямар эдийн засгийн бодлогыг сайн, зөв гэх юм бэ. Халамж олгоод, бүх хүнд хувь хүртээдэг бодлогыг сайн гэх үү. Эсвэл хэрэглээг урамшуулах ёстой юу. Онолын хувьд бол хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа бодлогыг зөв сайн гэж тодорхойлдог. Өнөөдрийн амьдралыг залгуулахын хажуугаар ирээдүйн хөгжилдөө хөрөнгө мөнгөө зарж байна гэсэн үг. Энэ шалгуурыг 2014 оны төсөв төдийлөн хангаж чадаагүй. Төсөв хэлэлцэж байх үеэр Засгийн газраас ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 60 хувь болгоё гэсэн санал оруулсан. Өөрөөр хэлбэл төсөвт тавигддаг дөрвөн шалгуур үзүүлэлтийн нэгийг хянаж үзэхийг санал болгосон. Гэсэн ч УИХ дээр хэлэлцээд өрийн үзүүлэлтийг нэмэхгүй, 40 хэвээр үлдээнэ гэж баталсан. Ийм байхад төсөв шалгуур үзүүлэлтүүдээ хангаж байгаа.

Засгийн газар, Сангийн яам яагаад өрийн хэмжээг 60 болгож оруулсан юм бэ гэхээр төсвийг “дайчин” болгох гэж л тэр. Хүмүүсийн яриад байгаа шиг эрсдэлд орох гэж, улсын өрийг нэмэгдүүлэх гэж, ирээдүйд дарамт үзүүлэх гэж оруулаагүй. Нэг талаас нь өнгөцхөн аваад үзвэл өрөнд ороод байгаа юм шиг ойлгогдож болох юм. Гэхдээ өрийн хязгаар ДНБ-ий 60 хувьтай тэнцэж байна гэдэг нь дэлхий дээр мөрдөгдөж байгаа шалгуураар дүгнэвэл өрийн дарамтанд орчихсон гэсэн үзүүлэлт биш. Болгоомжтой байх нь юу буруу байх вэ гэдэг үүднээс хуулин дээр ийм хатуу шалгуур тавьчихсан байгаа хэрэг.

Яах гэж өрийн хэмжээг нэмэгдүүлэх санал оруулсан юм бэ гэхээр бас л бодлого ярих хэрэгтэй. Засгийн газар байгуулагдаад УИХ-аар мөрийн хөтөлбөрөө батлуулсан. УИХ Монгол Улсын эдийн засгийг хурдацтай хөгжүүл гэсэн. Ингэхийн тулд хөгжлийн хөрөнгө оруулалтыг гаднаас дайчил гэдэг ийм л даалгавар өгсөн. Таван тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөгжлийн санхүүжилтийг дэлхийн зах зээл дээрээс босгоорой гэсэн. Энэ дагуу өнгөрсөн жил “Чингис бонд” гаргаж эхний ээлжийн 1.5 тэрбум ам.долларыг босгоод хөрөнгө мөнгийг нь оруулаад ирсэн. Уг мөнгөөр ямар ажил хийснийг үнэлж дүгнэж байгаа байх.

Ямар ч байсан Монгол Улс мөнгөний гачаалгүй болсон. Гэхдээ олоод ирсэн мөнгийг хэрхэн зарцуулж байна вэ гэдгийг хаана хаанаа хянаж байх хэрэгтэй. Зээлийн өгөөж өндөр байвал зээлээ төлөх ачаалал багасна. Сангийн яам энэ мөнгийг дээд зэргийн үр ашигтай ажиллахын төлөө байгаа. Хөгжлийн эх үүсвэр бий болго гэсэн таван тэрбум ам.долларын 1.5-ыг нь л босгосон байгаа биз. Одоо цаана нь 3,5 тэрбум ам.долларын хөгжлийн эх үүсвэр хэрэгтэй байна.

-Мөнгө босгох боломж байхгүй гэдэг нь төсвийн гол дутагдал гэсэн үг үү?
-Монгол Улс байгалийн асар их баялагтай. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэд зөв оруулж чадвал тогтвортой өндөр өсөлттэйгээр хөгжих боломж байна. Дэлхийн банк, валютын сангаас гаргасан судалгаагаар Монгол Улс зөв бодлого явуулах юм бол ойрын 10 жилд хоёр оронтой тоонд багтах хэмжээний өсөлттэйгөөр хөгжих боломж бий гэж дүгнэсэн байна билээ. Боломж байна. Боломжоо эргэлтэд оруулах гэхээр мөнгө дутагдалтай байна. Энэ гарааны нөхцөлд бид Монголынхоо эдийн засагт хөрөнгө оруулах ёстой. Өшөө мөнгө босгоод бүтээн байгуулалт руугаа хөрөнгө хиймээр байна. Эхэлсэн ажлаа дуусгамаар байна. Гэтэл одоо хөгжлийн эх үүсвэр татъя гэхээр нөгөө өрийн хязгаар ДНБ-ий 40 хувьтай тэнцэх ёстой гэсэн хязгаарыг давчих гээд байгаа юм. Энэ 40 хувь нь амьдрал залгуулах хэмжээ л төдий шүү дээ. Тиймээс л би төсвийг “дайчин” биш гээд байгаа юм.

-Тэгэхээр яах ёстой юм бэ?
-Одоо баталсан хуулиа мөрдөөд явбал бид хөгжлийн хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Амьдралаа залгуулаад цалин тэтгэврээ л тавиад явна. Харин бүтээн байгуулалтын том зорилтуудыг хийхэд эх үүсвэр яалт ч үгүй дутагдана.

-Энэ асуудлыг эргэж харах саналыг УИХ-д оруулах гэж байгаа юм уу?

-УИХ энэ шийдвэрээ нэлээн нухацтай авч үзэх ёстой. Төсвийн бодлогыг эргэж харах шаардлагатай байгаа. Бид цагаан сараас өмнө өрийн хязгаарыг ДНБ-ий 60 хувьд барих санал оруулахаар төлөвлөж байгаа. Монгол Улсын баялаг гэж байгаа нүүрс хэдхэн жилийн дараа зүгээр л шороо болж хувирвал яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Дэлхийн улс орнууд нүүрс шатаахаас өөр аргаар эрчим хүч гаргах асуудлыг аль эрт судлаад эхэлсэн. Тэгэхээр Монголын нүүрс, баялаг үнэ цэнэтэй байгаа энэ л үед өрнөөс айлгүйгээр хөгжлийн хөрөнгө оруулалт босгож, тогтворжуулалтын сандаа хөрөнгө хуримтлуулж, улсаа хөгжүүлээд авах ёстой. Гэтэл одоо эсрэгээрээ Монгол Улсыг, иргэдийг өрөнд оруулах гээд байна гээд зүтгээд байж болохгүй. Би өрнөөс айх хэрэггүй гэдэг зарчмыг аль социализмын үеэс л баримталж ирсэн. Одоо ингэх хэрэгтэй гэдэгт бүр ч их итгэлтэй байгаа.

-Энэ оны төсвийн гүйцэтгэл ямархуу байдалтай байна вэ?

-Энэ оны төсвийн гүйцэтгэл ямар байхаас ирэх оны төсөв хамаарна. Ирэх онд хөрөнгө оруулалтын арга хэмжээ бүрэн хэрэгжихгүй үлдвэл ирэх жилийн төсөвт ачаалал болж очно. Энэ онд төсвийн хуулиар 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх учиртай. Яг одоогийн байдлаар 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бодитой санхүүжүүлчихсэн байна. Энэ оны төсвөөс шүү дээ. Цаана нь 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт үлдэж байгаа биз. Он гарахаас өмнө энэ бүх үлдсэн хөрөнгө оруулалтыг гаргаж яг үнэндээ чадахгүй.

-Ажил хийчихээд хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа аж ахуйн нэгжүүд яана гэсэн үг вэ?

-Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тодорхой хэмжээгээр тасалдана гэдэг нь ойлгомжтой. Бид ашиглалтад орж байгаа барилга байгууламж дээр санхүүжилтийг саадгүй өгөхийг зорьж байгаа. Энэ онд баригдаад ирэх онд үргэлжлэн баригдах хөрөнгө оруулалтын обьектууд байна. Эдгээрийн хувьд ажлын явц байдалтай нь уялдуулан хөрөнгө оруулалт хийнэ. Яг бодитой хийсэн ажлынх нь санхүүжилтийг өгөөд үлдсэнийг нь он дамжуулна. Ажил нь огт яваагүй газруудын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бол огт өгөхгүй. УИХ дээр 240 төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтын байдалд шалгалт хийх шийдвэр гарсан. Үндэсний аудитын газар үүн дээр ажиллаж байгаа. Энэ ажлын явцтай санхүүжилтийг уялдуулж авч үзнэ. Яг бодитой ярихад төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас нэлээд хэсэг нь санхүүжилтээ авч чадахгүй ийм нөхцөл байдал үүсээд байна.

-Өөр шалтгаан байгаа юм биш биз?
-Ер нь 200-гаад төсөл арга хэмжээн дээр асуудал нарийвчлан шалгагдаж байгаа. Нөгөө талаар энэ оны төсвийн гүйцэтгэлийг хойш нь тавьж байгаа нь төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барих ёстой гэсэн хуулийн заалттай холбоотой. Хэрвээ алдагдал хоёр хувиас хэтэрвэл Засгийн газар огцрох учиртай болно. Сангийн сайдын хувиар үүнийг ч гэсэн бодолцож үзсэн. Ийм болохоор нь Сангийн сайдын ажлыг бол ямар ч найраагүй албан тушаал гэдэг юм даа.

-Оюутолгойгоос авсан урьдчилгаа төлбөрийг энэ оноос эхлээд төлөх ёстой байгаа. Төлж амжихгүй бол төсвөөс шууд суутгах зарчим байгаа гэх юм?
-Оюутолгойгоос урьдчилгаа төлбөр авч ашигласан. Үүнийг буцааж төлөх учиртай. Гэхдээ улсын төсвөөс шууд суутгаж авна, хураана гэсэн асуудал байхгүй. Оюутолгойн гэрээг байгуулахад 2012 оноос суутгаж тооцно гэж гэрээнд оруулсан юм билээ. Гэхдээ жил жилд суутган тооцох хэмжээгээ хоёр тал тохиролцож төсөвтөө суулгаж баталгаажуулна гэсэн заалттай. Гэхдээ 2012 болон 2013 онд суутган тооцоогүй. Яагаад гэвэл жил жилд суутгах мөнгөө төсөвтөө суулгаагүй байсан. Харин ирэх оны тухайд бид харилцан тохироод төсөвтөө суулгацан эргэн төлөлт хийгээд явна.

-Р.Фрийдланд “Монгол Улс хоёр тэрбум ам.долларын өглөгтэй” гэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Хэн нэгэн өөрийн байр суурийг илэрхийлэхийг бид хориглохгүй. Гэхдээ Р.Фрийдландын ярьсан тоог би хувьдаа төсөөлж чадахгүй байна. Би уг нь тоог сонсоод нэг төсөөлөл гаргаж чаддаг хүн. Гэтэл энэ 2.2 тэрбумын өглөг гэдэг огт төсөөлөгдөхгүй байна. Юуг ярьж байгаа юм бүү мэд. Ер нь бол Оюутолгойгоос 250 сая ам.доллар авч ашигласан. Үүнийгээ төлнө. Цаашдаа хөрөнгө оруулалтынхаа байдалтай уялдуулаад үйл ажиллагаа, ашиг орлогын хуваарилалт явах ёстой. Оюутолгой төсөл дээр хийгдсэн эхний шатны хөрөнгө оруулалтын байдалд үнэлгээ хийх ажил дуусч байгаа. Энэ ажлын явцаас үзэхэд бид өглөгтэй биш авлагатай болохоор байгаа.

-Сүүлийн үед Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамны үндсэн чиг үүрэг нэг л ялгагдахаа байх шиг. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Сангийн яамныханд тавьсан асуултад нөгөө яам нь хариулж байх жишээтэй. Та үүнтэй санал нийлэх үү?
-Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёр бол нэг асуудлын хоёр тал. Яалт ч үгүй хамтарч ажиллах учиртай. Ажил төрлийн маш нягт уялдаатай ажиллаж байгаа. Ерөнхий том дүр зургийг Эдийн засгийн хөгжлийн яам зурна. Түүнийг бодит ажил болгож, санхүүжүүлэх асуудлыг бид хариуцна. Энэ утгаараа нэгдмэл үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй.

-“Гаалийн ерөнхий газарт ажилд оруулсан таны хүмүүсийг Ерөнхий сайд “ажлаас нь халах шаардлага тавьсан” гэсэн мэдээлэл гарсан байна билээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Замын-Үүдийн гааль бол төрөл садангийн сүлжээ болсон газар. Энэ асуудлыг цэгцэлнэ гэсэн зорилго бий. Тэгээд ажил хэрэг болгох гэхээр иймэрхүү мэдээлэл гарч байгаа болов уу.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих