Ш.Сүхбаатар: Малайзад амиа алдсан охиныг аврах боломж байсан (Видео мэдээ)

12440Монгол улс дахин нэг цэл залуухан охиноо харийн оронд, бусдын гарт алдлаа.  Найман жилийн өмнө Ш.Алтантуяа гэх бүсгүй Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэргийн буруутнууд өнөөдөр гэм буруугүй хэмээн цагаадаад байгаа. Тэгвэл Малайз улсад ажиллахаар явсан 25 настай Энхээ  худалдагдаж, бусдын гарт амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энхээгийн ар гэрийнхэн нь Ш.Алтантуяагийн аав С.Шарийбууд хандсанаар энэ мэдээлэл нийтэд ил болсон. Энэ талаар  ГХЯ-ны албаны хүмүүс ийнхүү ярьж  байна.
ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар

ГХЯ-наас мэдээлснээр энэ онд манай улсын 55 иргэн харийн оронд амь насаа алджээ. Эдгээрээс 13 иргэн ослоор, дөрвөн иргэн амиа хорлож, хоёр хүн бусдад хорлогдон амиа алджээ. Гадаадад амь насаа алдсан хэрэг ихэвчлэн Монголчууд олноор суурьшдаг Солонгос, Япон зэрэг орнуудад гардгийг ГХЯ-наас мэдээллээ.
 
Гурван бага насны охин авчирвал чамайг суллана хэмээн барьцаалсан


Малайзчууд дахин нэгэн монгол охины амиар тоглолоо хэмээн харамсаж суугаа С. Шаарийбуугийн яриаг бид хүргэлээ. Малайзад амиа алдсан гэх Энхээ бүсгүйн ар гэрийнхэн нь өөрсөдтэй нь ижил зовлон тохиолдсон С.Шаарийбууд анх хандсанаар энэ мэдээлэл нийтэд ил болсон.

С.Шаарийбуугийн ярьж байгаагаар Энхээ бүсгүйн ар гэрийнхэн нь 10 гаруй удаа өргөдөл бичиж өөрсдийн оршин суух Налайх дүүргийн Хонхор өртөөний цагдаагийн хэлтэст ханджээ. Амьдралын боломж бололцоо муу, дээр нь мэдээлэл байхгүйгээс  дээд шатны байгууллагад нь хандах учраа олохгүй байсаар хугацаа алдсан байна. Энхээ жил гаруйн хугацаанд ар гэрийнхэнтэйгээ холбоотой байжээ. Тухайн  үедээ өөрийгөө ямар нөхцөлд байгаагаа утсаар хэлж байсан юм байна. Энэ талаарх бичлэг нь ч байгаа гэж С. Шаарийбуу хэллээ. Тодруулбал “16 –аас доош насны гурван хүүхэд авчирвал чамайг суллаж явуулна, эсвэл чамайг зарлаа, амьдаар чинь эд эрхтэнийг чинь авна” гэх мэтээр дарамталж, сүрдүүлж байжээ. Намайг зурагтаар үхсэн гэж мэдээлсэн гэнэ. Тийм болохоор намайг удахгүй алах юм шиг байна гэж хэлжээ.

-Малайзад жуух бичгээ өргөн барьсанд бэлэг болгон гэмт хэрэгтнүүдийг цагаатгасан-

Малайзад манай улсын Элчин сайдын яам байдаггүй. Гэтэл манай улс Малайз, Сингапур луу визгүй зорчсоноор 10 гаруй жил болж байгаа. Харин Малайзын асуудлыг давхар хариуцахаар н.Доржпүрэв элчингээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Тайваньд алба үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ хугацаанд Малайзад ажиллаж амьдарч байгаа манай улсын иргэдийн эрх ашгийн төлөө юу ч хийгээгүй гэдэг нь Ш.Алтантуяагийн хэргээс харж болох юм. Өнгөрсөн наймдугаар сард манай улсын өргөмжит консул болох Баттөмөр жуух бичгээ өргөн барьсан байдаг. Гэвч түүний нэг хоногийн дараа буюу наймдугаар сарын 21-нд Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хоёр буруутныг цагаатган суллажээ.

Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой бүх хүн нас барсан байдаг аж. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Малайзын Ерөнхий сайдын хөлсний хуульч Энэтхэгийн иргэн Балласумбарми зүрхний өвчнөөр нас баржээ. Үндсэндээ энэ хэрэг Малайзын улс төрийн хэрэг хэмээн Ш.Алтантуяагийн аав  С.Шаарийбуу үзэж байна.

Г.Эгшиг

 

Мэдээг бэлтгэсэн : Ч.Энхжаргал
TV5

URL:

Сэтгэгдэл бичих