Тусгай салаа үргэлжилж магадгүй
Дэлгэцээр үзэгчдийг байлдан дагуулсан “Тусгай салаа” кино дууссан билээ. Тэгвэл үзэгчид тус кино үргэлжлэлтэй эсэхийг сонирхон чих тавин чагнаж буй.
Энэ талаар киноны зохиолыг бичсэн зохиолч, сэтгүүлч А.Амарсайханаас тодруулахад, “Хэлэхэд эрт байна. Гэхдээ БХЯ өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан. “Тусгай салаа” киног бүтээсэн продюссер, найруулагч, зохиолчийг хүндэт тэмдгээрээ шагнасан. Энэ шагналыг генерал хүн цолоо авсны дараа 6-7 жил ажиллаж байж авдаг гэсэн. Тиймээс миний бис тус шагналын эзэн болсондоо баяртай байгаа. Тиймээс киног үргэлжлүүлэх санал тавьж мэдэх л юм. Хэрэв үргэлжилбэл зохиолыг нь бичихэд бэлэн байна. Би кино зохиол бичихээс гадна блогтой. Блог ажиллуулахад шинэ санаа их орж ирдэг. Завгүй байсан ч блогтоо заавал хоёр цаг зарцуулдаг юм. Бусдын блог унших, өөрийн блогтоо бичих гээд сонирхолтой ажил.
“Тусгай салаа” кино гарсны дараа надаас олон хүн цэргийн алба хаасан уу, телевизийн олон ангит кино бичээд хэдэн төгрөг авдаг талаар сонирхож байгаа. Би цэргийн алба хаагаагүй. Ес, аравдугаар ангид үздэг цэрэгжилтийн хичээлийг багш сайн заадаг байсан нь энэ үеэр хэрэг болсон. Хэрэв би гурван жил цэргийн алба хаасан бол түүндээ баригдаад шинэ зүйл олж харахгүй байсан болов уу. Хөндлөнгөөс харж бичсэн нь сайн болсон. Олон ангит кино бичээд хэдэн төгрөг авдгаа дэлгэмээргүй байна” гэв. Шог зохиол бичиж, шог зураг зурдаг тэрээр МЗЭ-д элсэхээр шаргуу хөөцөлдөж байгаа аж. Мөн шинэ номуудаа уншигчиддаа хүргэхээр ажиллаж байна.
Б.Даариймаа
URL: