Н.Энхболд: Эрх баригчид ардчилсан нийгэмд байж болшгүй үйлдэл гаргаж байна

6224d35882ee8632originalД.БОЛОР

МАН-ынхан өчигдөр АН-ынханд хаяглан “Хаан сонголт чинь хаана байна” гэх асуултыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “шидлээ”. Тэд орон нутгийн удирдлагуудыг АН-ынхан шүүх, хуулийн байгууллагаар далайлган гэмт хэрэгт холбогдуулах эсвэл албан тушаалаас нь зайлуулах гэж оролдож байна гэцгээв. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Танай намын ялалт байгуулсан зарим аймгийн удирдлагыг батламжлахгүй байна. Батламжилсан нэгнээ одоо унагахаар зэхэж байна уу даа?

-Орон нутгийн 2012 оны сонгуулиар МАН есөн аймагт ялалт байгуулсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмний сонголтыг үзэл бодол, нам улстөрийн хүчнээр ялгаварлан хандсанаас бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байхад Дорнод, Хөвсгөл аймагт өнөө хэр Засаг даргыг нь томилоогүй. Дундговь аймагт Засаг даргыг томилсон ч орон нутаг дахь улстөржилт үргэлжилж ИТХ нь хоёр талцаж мэтгэлцсээр байна. Говь-Алтай аймгийн хувьд АН-ын удирдлагын зүгээс ЗГХЭГ-ын дарга нараар дамжуулан шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж, улстөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх хэрэгсэл болгосноос өнөөдөр 2008-2012 онд ажиллаад бүрэн эрх нь дуусгавар болсон ИТХ хуралдаж, ирэх оны төсөв хэлэлцэж байх жишээтэй. Энэ мэт замбараагүй, холион бантан болсон асуудлуудыг нэн даруй шийдэхгүй бол орон нутагт засаглалын хомсдол нүүрлэж, тухайн орон нутаг хөгжих, ард түмнийх нь амьдрал сайжирч, тайван амгалан амьдрах ямар ч боломжгүй болж байна.  Мөн эрх баригч хүчин өөрийн дур зоргоор орон нутгийн өөрөө удирдах ёсыг алдагдуулж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдаж буй хэрэг мөн. Түүгээр ч зогсохгүй шүүх, хүчний байгууллагаар сүр далайлган сонгуулийн дүнд засвар хийж буй үйлдэл нь ардчилсан нийгэмд байж болшгүй зүйл юм.

-Гэхдээ Говь-Алтай аймгийн ИТХ хууль бусаар байгуулагдсан гэсэн шүүхийн тогтоол гарсан гэсэн шүү дээ?

-2012 оны орон нутгийн сонгуулиар Говь-Алтай аймгийн МАХН-ыг сонгуульд оролцуулахаас үндэслэлгүйгээр  татгалзсан гэх гомдлыг тус аймгийн МАХН-ын хорооноос аймгийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан юм билээ. Гэхдээ энэ гомдлыг шүүх хүлээн авч, хянан хэлэлцсэн нь анхнаасаа хууль зөрчсөн.  Холбогдох хуулиар сонгуультай холбоотой гомдлыг 14 хоногийн дотор гаргах ёстой. Гэтэл МАХН гомдлоо хэдэн сарын дараа гаргасан нь нэгдүгээрт, хуулиа баримтлаагүй. Хоёрдугаарт, шүүх хугацааг буцаан сэргээж, гомдлыг авч хэлэлцсэн нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэртэй  холбогдуулан аймгийн удирдлагууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон ЗГХЭГ-т хандсан байдаг. ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг “Эрх зүйн чадамжгүй болсон ИТХ аливаа асуудлаар шийдвэр гаргах нь цаашид хэрэгжих боломжгүй, хуулийн хувьд хүчин төгөлдөр эрх зүйн акт мөн эсэх зэрэг олон асуудал үүсгэх үр дагавартай тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг зөвлөе” гэсэн агуулга бүхий албан тоот илгээж. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн гарын үсэгтэй 2013 оны арваннэгдүгээр сарын 29-нд үйлдсэн албан тоотод “.. танай аймгийн ИТХ-ын хуралдааныг бүрэн эрх нь хүчинтэй байгаа 18 төлөөлөгчтэйгөөр хуралдуулах боломжтой байгааг анхааралдаа авна уу” гэсэн байна. Ингэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ЗГХЭГ-ын дэд дарга нарын эрс тэс зөрүүтэй албан бичгүүд очсон байна. Эндээс ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнбилэг нь Дээд шүүхийн шийдвэрээс гажсан буруу зөрүү албан бичиг явуулж, бүр Үндсэн хуулийн зөрчилд хүргэхээр алхам хийсэн  гэж үзэхээр байна.

-Тэгэхээр 2008-2012 онд ажиллаж байсан ИТХ-ын эрхийг дахин сэргээхээр болж байгаа хэрэг үү?

-Ч.Сайнбилэг бо­лон аймгийн Шүү­хийн шийдвэр бие­лүүлэх албаны дар­гын албан бичгийг үндэслэн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан ИТХ-ын бүх төлөөлөгчийн эрхийг хүчингүй болгосноос үүдэн Алтайд тодорхойгүй байдал үүсээд байна. ИТХ-ын хуучин бүрэлдэхүүн энэ сарын 3-ны өдөр  буюу уржигдарр хуралдаж, 2014 оны төсвийг хэлэлцсэн гэсэн мэдээ байна.   Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна шүү гэдгийг Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тов тодорхой заасан байдаг. Энэ нь иргэдийн Төлөөлөгчид дөрвөн жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлээд дараагийн сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөнө гэсэн үг. Улсын Их Хуралд удаа дараа сонгогдсон төрийн түшээд ч дөрвөн жил тутам гишүүний тангаргаа шинээр өргөдөгтэй адил. Дахин хэлэхэд 2008 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх  Үндсэн хуулиар 2012 онд дуусгавар болсон.  Тэдний бүрэн эрх автоматаар эргэж сэргэх тухай хуулийн зохицуулалт аль ч хуульд байдаггүй.  Энэ мэтчилэн олон аймагт хууль бус үйлдэл гаарч байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих