Д.Энхбатын дүү Баяраа: Би ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад итгэхгүй байна

Дамирангийн Энхбатын төрсөн дүүд халдсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ дагуу бид Нийслэлийн цагдаагийн газраас тодруулга авч, тэрээр цагдаагийн байгууллагад хандаагүй болох талаар мэдээлсэн билээ. Тэгвэл Д.Энхбатын төрсөн дүү Баяр өнөөдөр өөрийн биеэр хэвлэлийнхэнд хандлаа.

Баярыг аравдугаар сарын 25-ны 23.30 цагийн үед ажлаасаа гараад явж байхад нь нэг залуу гал асуужээ. Тэрээр галыг нь асааж өгөх гэтэл гарыг нь мушгиж, хажууд байсан машин руу чихэж оруулсан байна. Машинд байсан хүн жавьжнаас нь зулгааж, ам руу нь шингэн зүйл цутгажээ. Харин гарыг нь мушгисан залуу баруун тал руу зөөлхөн юмаар цохиж эхэлсэн байна. Ингээд түүнийг машинаас буулгахдаа “хэр хол явахыг чинь харнаа” гэж занасан талаар тэрээр ярьлаа.

Ингээд Баярын ухаан балартаж, ам нь их хэмжээгээр цангаж, солиорлын байдалд шилжжээ. Түүнийг гудманд байхад нь дүү нь очиж эмнэлэгт хүргэжээ. Улмаар эмнэлэгт хүргэгдэхэд түүнд “химийн бодисын гаралтай хордлогын хам шинж” гэсэн оношийг тавьсан байна. Түүнээс хойшх 3-4 хоногийн хугацаанд ухаан санаа нь орж гарсан, их хэмжээний хордлогын шинжтэй хэвээр байжээ. Элэгний өвчний улмаас эмнэлэгийн хяналтанд байдаг тэрээр өнөөдрөөс бие нь харьцангуй илааршиж буй талаар ярьлаа.

Энэ халдлагын учрыг тэрээр дараах байдлаар тайлбарласан юм.

-2003 онд миний ах Дамирангийн Энхбатыг англиас хууль бусаар баривчилж ирэхдээ эрүүдэн тамлаж, амь насыг нь бүрэлгэсэн. Хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй бүлэглэлүүд яаж хүн алж чаддагийг ахыгаа нас барахад хажууд нь байсан хүний хувьд би мэднэ. Би ахынхаа шарил дээр энэ хэргийн учрыг тайлж, нэр төрийг нь цагаатгах болно гэдгээ амласан. Энэ дагуу би Европын холбооны улсууд болон Английн ЭСЯ-нд баримтуудыг өгч, гомдол гаргах гэж байсан. Монголын ЦЕГ, ТЕГ, ХХЕГ-ын баримтууд бүгд хоорондоо зөрүүтэй. Энэ бичиг баримтын зөрүүтэй байдлыг би тэдэнд үзүүлэх гэж байсан юм. Энэ явдлыг цөөхөн хүн мэдэж байсан. Гэтэл энэ мэдээллийг тэд ямар нэгэн байдлаар мэдэж авч, намайг зогсоохын тулд халдлаа. Энэ халдлага гарахаас өмнө хоёр, гурван ч удаа намайг утсаар заналхийлж, хийх гэж байгаа зүйлдээ бодлоготой хандахыг сануулсан.Та цагдаагийн байгууллагад болсон халдлагын талаар яагаад мэдээлээгүй юм бэ?
-Би ганцхан өөртөө итгэдэг. Миний ахад тохиолдсон явдал надад яг адилхан байдлаар тохиолдож байхад надад итгэх хүн байгаагүй. Намайг ЭСЯ руу очих гэж байсныг хоёр гуравхан найз байгаа. Гэтэл яаж энэ мэдээлэл тарав. Би хэнд итгэх ёстой юм бэ. Би одоо ганцхан төрсөн дүүдээ л итгэж байна. Хэрвээ тэр үед дүү маань намайг ирж аваагүй бол, би сэтгэцийн өвчтөний хэмжээнд очсон бол яахав. Би цагдаагийн байгууллагад итгэдэг. Гэхдээ би удирдлагад нь итгэхгүй байна. ТЕГ-ын удирдлагад итгэхгүй байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагад итгэхгүй байна. Сайхан сэтгэлтэй хүмүүс хүчний байгууллагуудад байдаг. Гэхдээ би хандахгүй.

-Таныг цагдаагийн байгууллагад хандсанаар энэ хэргийг хэн хийснийг тогтооно шүү дээ?

-Бүх зүйл учир шалтгаантай байдаг. Хэн энэ зүйлийг гардаж хийсэн нь надад сонин биш. Үүний ард “энэ хэрэг ингээд замхарчихаасай” гээд найдаад сууж байгаа хүмүүс бий. Тэр хүмүүс сонсож байгаа бол би тэр хүмүүст л хандана.

-Та аюулгүй байдлаа хэрхэн хангаж байна?
-Манай улсад аюулгүй байдалд байгаа хүн байгаа юм уу. Гудамжинд бид айх аюулгүй явж чадаж байгаа бил үү. Элдэв хэрэг гарлаа гэдгийг дөжиртлөө сонсож байна. Би аюулгүй байдал талаасаа  Олон улсын байгууллагад хандсан. Энэ миний нэг аюулгүй байдлыг хангах хүчин зүйл болно. Хоёрт, би хэвлэлийн бага хурал хийж байгаа нь та бүгдийг миний аюулгүй байдлын баталгаа болж өгөөчээ, миний хийж байгаа үйлдэл бүхэн цагаан байж, ахынхаа төлөө явж байгаа гэдгийг та бүхэн хүмүүст хүргээсэй гэж хүсч байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл аюулгүй байдлын хамгийн том баталгаа болдог гэдэг.

-Та айж байна уу?
-Ухаан мэдрэл эрүүл бус хүн л юунаас ч айдаггүй байх. Мэдээж би айж байгаа. Гэхдээ би өөрийнхөө зүгээс айхгүй байна. Миний гэр бүл, ах дүү, хамаатан саданд муу юм учрах вий гэхээс айж байна. Германд амьдарч байгаа бэр эгч, хоёр хүүхдэд нь муу юм тохиох вий гэхээс айж байна. Гэхдээ би хэвлэлийнхэнд ингэж хандсан учраас дахиж ийм ил халдлага гарахгүй болов уу гэж найдаж байна.

-Цаашид та ямар арга хэмжээ авах гэж байна?

-Би Монгол Улсын Засгийн газраас нөхөн төлбөр шаардана. Олон улсын байгууллагуудад хандана. Би ахынхаа явсан бүх улс орны прокурорын байгууллагад хандана.

-Ахынхаа нэр төрийг цагаатгана гэж та хэлсэн?

-Цагаатгахын төлөө би явна. Олон улсын хэмжээнд цагаатгах боломж байдаг гэдэгт би итгэдэг. Тэгж болдог юм билээ. Тийм ч учраас би Европын холбоонд хандана.

-Та Хурцын шүүх хуралд оролцох уу?
-Би шүүх хуралд нь оролцох юм сан гэж бодож байгаа. Ямар шүүх хурал болдог юм бол, тэнд нь шаардлагатай бол тухайн үеийн бичиг баримтуудыг харуулъя гэж бодож байгаа. ЦЕГ, ТЕГ, ХХЕГ-ын удирдлагууд ямар зөрүүтэй бичиг баримт гаргадгийг харуулъя гэж бодож байна.

О.Ариунбилэг


URL:

Tags: