“Оюутолгой”-н маргааныг ирэх оны эхээр шийдвэрлэх хүсэлтэй байна

c81803ae96ac0f18814645b1d760ccdd_LЛОНДОН. /РОЙТЕРС/. Монголын алт, зэсийн томоохон ордын таван тэрбум долларын өртөгтэй өргөтгөлийн ажил ирэх оны эхээр эхэлнэ гэж Монголын тал найдаж байна. Төслийн хамтрагч, дэлхийн уул уурхайн томоохон “Рио Тинто” компанитай маргаанаа шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж Монголын Засгийн газрын эх сурвалж мэдэгджээ.

Гэвч зах зээлийн нөхцөл байдал тааламжгүй буй энэ үед Рио Тинто маргааныг шийдвэрлэхээр яарахгүй байгаа бололтой. 2013 он гарсаар зэсийн ханш 10 гаруй хувиар унасан, Өмнөд Америк болон Африк гэсэн шинэ нийлүүлэгчид зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлснээр ханш улам бүр буурах хандлага ч ажиглагдаж байна гэж эх сурвалж мэдэгдлээ. Харин Рио Тинто компани энэ талаар тайлбар өгсөнгүй.
Монголын талын ашиг сонирхолд бүрэн үйлчилдэггүй, уурхайн өртөг хяналтаас хэтэрсэн гэсэн Монголын гомдлын улмаас Рио Тинто гүний уурхайг өргөтгөх төлөвлөгөөгөө өнгөрсөн долдугаар сарын сүүлээр хойш тавьсан билээ.
Гүний уурхай ашиглалтад орсон нөхцөлд 2020 он гэхэд Монголын эдийн засгийн гуравны нэг хувийг бүрдүүлэх төслийг үргэлжлүүлэх,  нийгэм, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх орлогын эх үүсвэрийг олох хүсэл Монголын талд буй юм. Засгийн газрын бизнес эрхлэх хүслийг ч “Оюутолгой” төслийг хэрэгжүүлж буй байдлаас нь гадаадын хөрөнгө оруулагчид олж хараад байна.
“Уурхайн хоёрдугаар шатыг аль болох түргэн эхлүүлэхийг манай тал зорьж байна. Ирэх 12, нэгдүгээр сард тодорхой асуудлуудаар тохиролцох боломж бий. Техник, эдийн засгийн шинэчилсэн судалгаан дээр аль аль нь ажиллаж байгаа. Зөвшилцөлд хүрч чадвал асуудал дахин үүсэхгүй. Ирэх оны эхээр тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэж байна” гэж хоёр талын хоорондын хэлэлцээнд оролцсон, нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж мэдээллээ.
Өртгийг хэмнэх, зардлыг багасгахаар ажиллаж буй Риогийн шинэ гүйцэтгэх захирал Сэм Уолш саяхан 22 тэрбум долларын өрийг бэлнээр төлсөн тул “Оюутолгой”-н өргөтгөлийн ажлыг хэр түргэн эхлүүлэх бол гэсэн асуудал л үүсч байна.
“Бид тэдний асуудлыг ойлгож болно. Уурхайн ажлыг зөвхөн Монголын Засгийн газраас шалтгаалан хойшлуулсан гэдгийг л ойлгохгүй байна. Хөрөнгө оруулагчид биднийг ойлгоно гэж найдаж байна” гэж эх сурвалж хэллээ.
“Рио Тинто”-гийн Монгол дахь шинэ төлөөлөгч, “Оюутолгой” төслийн гүйцэтгэх захирал Крэйг Киннель, “Маргааныг шийдвэрлэнэ гэсэн найдлага надад ч бий. Гэвч хурд бол амжилтын хэмжүүр биш” гэж Хонконгт хэвлэлийн бага хурал дээр анх удаа олны өмнө гарахдаа хэлсэн байна.
Монголын талд ирэх ёстой ноогдол ашиг, орлогын татварыг дахин 20 жилээр хойшлуулж буй илүү өртгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уурхайн хоёрдугаар шатны ажлын явцад “хөрөнгө оруулалтын инфляц”-ын асуудал дахин давтагдахгүй гэсэн баталгааг “Рио Тинто”-гоос хүсч байна. “Рио Тинто”-гийн санхүүгийн болон менежментийн өртгийг Монголын тал эсэргүүцсээр байх болно гэж эх сурвалж мэдэгдлээ.
Монголын тал 2009 оны анхны гэрээний дагуу ажиллаж байгаа гэж төслийн 34 хувийг эзэмшигч, төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компани мэдэгдсэн. Уг мэдэгдлийг уурхайн 1700 ажилтныг ажилгүй болгоход хүргэсэн мухардмал байдлыг шийдвэрлэхээр Монголын тал уян хатан байр суурь баримталж байна гэж ойлгох хүн ч цөөнгүй байв.
Монголын эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байдлын бэлэг тэмдэг болсон 2009 оны “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээг үндэсний баялгаа гадаадын хөрөнгө оруулагчдад хэт хямдаар худалдсан гэрээ болсон  гэж үндсэрхэг улс төрчид шүүмжилдэг.
2009 оны гэрээг шинэчлэх хүсэлтийг өмнөх Засгийн газар “Turquoise Hill Resources” компанид тавьсан юм. Уг гэрээг тойрсон шийдэгдээгүй асуудал байгаа хэдий ч гэрээг өөрчлөх асуудал тэргүүлэх зорилт болохгүй байна гэж эх сурвалж мэдэгдлээ.
Л.Урангуа

монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих