С.Сүхбаатар: Дундговьд албан тушаалын хэнээрхэл үргэлжилсээр байна

12-2-3Энэ удаагийн зочин Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатар. Тус аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаас түүнийг огцруулах шийдвэр гарсан гэх. Бодит байдлыг Засаг даргаас тодрууллаа.

-Танай аймгийн ИТХ-ын талаар мэдээлэл гарах боллоо. Чухам юу болоод байгаа талаар бодитой мэдээлэл өгнө үү?

-Аймгийн ИТХ өнгөрсөн сарын 23-нд товлосон ёсоор болж өнгөрлөө.

Харамсалтай нь нэг ч асуудал шийдэж чадсангүй. Орон нутгийн сонгуулийн дараа улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн ИТХ орон нутгийн хөгжлийн төлөө нэг ч шийдвэр гаргасангүй. Зөвхөн намуудын хоорондын сандал, ширээний тэмцэл, албан тушаалын хэнээрхэл үргэлжилсээр байна. ИТХ-ын тавдугаар хуралдаан гэх хууль бус хуралдаанаас хойш байдал улам хурцадсан.

-ИТХ-ын тавдугаар хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв?

-Дөрөвдүгээр хуралдаан өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд болж миний нэрийг Засаг даргад нэр дэвшүүлээд Ерөнхий сайдад өргөн барьсан байсан. Тэгтэл хоёрдугаар сарын 16-нд Ардчилсан намын бүлгийн 17 гишүүн дангаараа буюу ирцгүйгээр тавдугаар хуралдаан гээчийг зохион байгуулж С.Од-Эрдэний нэрийг Засаг даргад дэвшүүлж Ерөнхий сайдад бас өргөн барьсан. Гэсэн ч миний бие аймгийн даргаар томилогдсон. Дээрх тавдугаар хуралдаан илт хууль бус болж өнгөрсөн учир аймгийн МАН-ын хороо шүүхэд өгсөн. Гурван шатны шүүхээр явж хууль бус гэдэг нь тогтоогдсон. Түүнээс хойш ИТХ хэвийн ажиллаж чадахгүй байгаа. Өнгөрсөн сарын 23-нд болсон хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх байлаа. Мөн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг гурван удаа өргөн барьсан ч хэлэлцэн баталж өгсөнгүй.

Аймгийн Ардчилсан намынхан  сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Янз бүрийн бохир аргаар эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Энэ үйл ажиллагаандаа хэвлэл мэдээллийг ашиглаж байна. Аймгийн удирдлага руу чиглэсэн гүтгэлэг, доромжлолыг далайцтай хийсээр байна. Мөн АН-ыынхан МАН-ын зарим нөхрийг намдаа татаж, хуурамч олонхийг бүрдүүлэх гэж оролдож байгаа. Энэ ажлын үргэлжлэл нь саяны хурал болж өнгөрлөө. Нэг зүйлийг сайн тайлбарлах хэрэгтэй. Адаацаг суманд нөхөн сонгууль болж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Уранчимэг гэдэг хүний бүрэн эрхийг Ардын намынхан хүлээн зөвшөөрөхгүй хурлыг гацаалаа гэж бурууг бидэнд тохохыг оролдож байгаа. Бид тэр хүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа. Гэхдээ зөвхөн энэ асуудлаас болоод хурал гацсан юм биш. АН-ын 4-5 төлөөлөгчтэй холбоотой ноцтой асуудал бий.

-Ноцтой асуудал гэдэг нь юу вэ. Та тодруулна уу?

-Иргэдийн төлөөлөгчөөсөө огцрох хүртэл хэмжээний асуудал тавигдаж байгаа. Эрүүгийн хэрэгт ял шийтгэл хүлээж, ялтай байх хугацаа нь дуусаагүй нэг төлөөлөгч бий. Сонгуулийн хуулиар ялтай байх хугацаанд нэр дэвших эрхгүй. Бид үүнийг сонгуулийн үеэр мэдээгүй байсан учир асуудлыг одоо тавьж байгаа юм. Мөн МАН-ын жагсаалтаар нэр дэвшээд намаасаа гарчихсан нэг хүн бий. Түүнийг хуулийн дагуу эргүүлэн татах учиртай. Жагсаалтаар авсан суудал бол намын суудал учраас намаасаа гарсан тохиолдолд дараагийн хүнд суудлыг шилжүүлэх ёстой. Иймд өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг эргүүлэн татах намын шийдвэр гараад ИТХ-д өгсөн ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Мөн Ардчилсан намын дөрвөн төлөөлөгч Улаанбаатарт байнга оршин суудаг. Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бол 180 хоногоос дээш хугацаагаар өөр аймагт амьдарч байгаа иргэнийг тэр газраа шилжсэнд тооцно. Хууль гэж байдаг л юм бол энэ асуудлуудыг шийдэх учиртай.

-Танай аймгийн ИТХ-д хоёр намын төлөөлөгчийн тоо тэнцүү байгаа юм уу?

-Одоогоор тэгж харагдаж байгаа ч гэсэн дээрх төлөөлөгчдийн асуудлыг хуулийн дагуу шийдчихвэл манай нам олонхийн суудлаа хадгалсан хэвээр байх учиртай юм.

-Хүчний харилцаа ойролцоо болохоор аль нэг нам нь дангаар хуралдах боломжтой юу?

-Ардчилсан намынхан дангаар хуралдвал ирц хүрэхгүй. Дор хаяж 18 гишүүн оролцож байж ирц бүрдэх учиртай. Гэтэл өнгөрсөн хуралдааны үед Адаацаг суманд нэр дэвшсэн Уранчимэгийг өөрөөр нь гар өргүүлж 18 төлөөлөгчтэй болчихлоо гээд шийдвэр гаргаад яваад байгаа юм. Та бод л доо. Таны бүрэн эрхийг зөвшөөрөх эсэх асуудлаар шийдвэр гаргахад та өөрөө саналын эрхтэй оролцож болохгүй биз дээ. Хэрэв таныг таслах эрхтэй гэж үзвэл таны бүрэн эрхийг зөвшөөрөх үү, үгүй юу гэж санал хураах хэрэггүй болно. Ийм логикийн илэрхий алдаатай үйлдэл хийсэн байгаа юм. ИТХ-ын дарга шийдвэр дээр нь тамгаа дараагүй байгаа. Харин өөрөө хурал даргалах эрхээ хууль бусаар шилжүүлсэн байдаг. Хурлын дарга өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай, томилолтоор явсан эзгүй үед эрх шилжүүлж болдог. Гэтэл өөрөө байсаар байж эрхээ шилжүүлсэн нь хууль бус.

-Ерөнхий сайд саяхан танай аймагт ажиллах үеэрээ улс төрийн хүрээнд өрнөж буй энэ асуудлуудыг ярилцсан уу. Мөн Засгийн газрын тэргүүн аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаад ямар үнэлгээ өгсөн бэ?

-Улаанбаатар- Мандалговийг  холбосон замын үлдэгдэл хэсэг 104 км замын нээлтэд Ерөнхий сайд оролцсон. Дундговьчдуудад хөгжлийн зам нээгдлээ гэж тэрээр сэтгэл өндөр буцсан. Аймгийн төвд өдрийн хугас ажилласан. Энэ хугацаанд бид ажлаа танилцуулж, бизнес эрхлэгчидтэй уулзуулсан. Аймгийн төвийн бүтээн байгуулалттай танилцаад сэтгэгдэл өндөр байсан. Бас шүүмжлэлтэй хандсан зүйл ч байсан. Ард түмэнтэйгээ ойрхон уулзаж байхыг бидэнд захисан. 2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд бүгд эхэлсэн, гүйцэтгэл сайтай байгаа. Манай аймгийн дутагдалтай ганц зүйл нь хувийн хэвшил сайн хөгжөөгүй. Сая Ерөнхий сайдыг ирэхэд хамгийн томоохон 30 бизнес эрхлэгч цугларсан. Үнэн байдал ийм. Манай хувийн хэвшил л явахгүй байгаа. Бүртгэлээрээ 645 аж ахуйн нэгж байгаа ч ажил хийж байгаа нь 300 гаруй. Тиймээс бид хувийн хэвшлийг дэмжих хэд хэдэн бодлого гаргаж байгаа. Түүнийг Ерөнхий сайдад танилцуулсан. Тэрээр иргэдтэй цахим уулзалт хийж, иргэдээс олон асуулт ирсэн. Нэлээд хэд нь Засаг дарга руу чиглэж байсан. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг улстөржилтөө зогсоогоод орон нутгийн ажил, бүтээн байгуулалт, хөгжлийн талаар түлхүү ярьцгаая гэсэн.

-Дундговьд үнэхээр хоёр намын хооронд улстөржилт яваад байна уу, эсвэл таныг л хүлээн зөвшөөрөхгүй байна уу. Тухайлбал, та өөрийнхөө ажилд ямар үнэлэлт өгч байгаа вэ. ИТХ нь хүлээн зөвшөөрөхгүй байхад танд ажил хийх боломж гардаг уу?

-Засаг дарга болоод есөн сар боллоо. Улс төрийн хувьд хамгийн таагүй нөхцөлд ажиллалаа. Өдөр тутмын дарамт, гүтгэлэг, доромжлол, цагдаа, шүүх, АТГ-аас салсангүй. Миний ажлын маш их цагийг авсан. Хэдийгээр нөхцөл хүнд байсан ч аймгийн ажлыг хангалттай авч явсан гэдгээ зоригтой хэлнэ. Манай аймагт энэ жилийн төсөвт найман тэрбум төгрөг хуваарилсныг бүгдийг ажил хэрэг болгож чадсан. Засгийн газрын чухалчилж буй хөтөлбөрийн нэг Орон сууцжуулах хөтөлбөрийг ирэх хавраас эхлүүлнэ. Түүний бэлтгэл ажлыг сайн хийж байна. Аймгийн төвийн зам, тохижилтын ажилд нэлээд хөрөнгө зарсан. Ирэх оны төсөвт дэд бүтэц байгуулах, шугам сүлжээ хийх зураг төслөө гаргаад явж байна. Гол ажил энэ. Цаашлаад салбар бүрээр яривал их зүйл бий.

-Засаг даргыг огцруулсан ИТХ-ын шийдвэр Ерөнхий сайдад очих байх. Таны хувьд энэ асуудалд цаашид хэрхэн хандах вэ. Хуулийн хүрээнд асуудлыг шийдүүлэх үү, ажлаа өгөх үү?

-Хэрэв тийм шийдвэр гаргавал бүхэл бүтэн аймгийн иргэдийн итгэлийг хүлээсэн том намын хувьд бид зүгээр суухгүй. Хууль хяналтын байгууллагаар явна, шүүхэд хандана. Харин асуудлыг шийдүүлэхийн тулд цаг хугацаа алдах байх. Энэ нь ард түмэнд хохиролтой ч улс төрийн хувьд хэн нэгний дураар дургисан үйл ажиллагааг дэмжихийн оронд хуулийг сахиулдаг байх нь чухал. Аливаа зүйл хуулийн дагуу яваад буруутан нь хариуцлагаа хүлээдэг байх учиртай. Ард түмний итгэл гэдэг чухал. Бидэнд итгэл хүлээлгэж олонх болгосон байхад ард түмний өмнө үүрэг хүлээх ёстой.

Дундговь аймгийн Ардчилсан намын хорооны дарга С.Од-Эрдэнэ дэндүү худал мэдээлэл цацах юм. Түүнийгээ болих хэрэгтэй. Аймгийн иргэдийг хүндлэх хэрэгтэй. Өөрөө намаа удирдаж орон нутгийн сонгуульд орж ялагдчихаад түүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй өнөөдрийг хүртэл бохир үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийгээ болиод аймагт эрх барьж буй МАН-ын ажлыг хийлгүүлэх хэрэгтэй.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих