МАН-д бизнесмэн, бөхчүүд хүч түрэн орж ирлээ

МАХН шинэчлэлийг өөрөөсөө эхлүүллээ. Үүний нэг илрэл нь ууган нэрээ сэргээсэн явдал юм. Хэдийгээр нам нэрээ

солих нь олон эрсдлийг араасаа дагуулна гэж зарим хүн болгоомжилж байсан ч 99.1 хувийн саналаар дэмжигдэв. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар л бууриа сахиж үлдсэн юм.

Намын дарга С.Батболд “99.1 гэдэг бол 99 дээр нэмэх нь 1 гэсэн уг” хэмээн тодотгож байв. Ямартай ч цөөнхөө хүндэтгэж, олонхоо дагадаг зарчмаар МАХН түүх болон үлдэж, МАН ирэх 20 жилийн хөгжлийг зурав.

Өнгөрөгч баасан гаригийн шөнө шийдэгдсэн дараагийн асуудал нь намын дарга хэн бэ. Энэхүү асуултын хариу өдгөөгийн намын дарга С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин нарын хооронд өрнөсөн юм. С.Батболдын хувьд намын даргынхаа суудлаас буух болоогүй гэдгээ илтгэж өөрийн нэрээ шууд дэвшүүлсэн. Харин Ө.Энхтүвшин намын даргад өрсөлдөх шийдвэрээ их хурал болохоос хоёр хоногийн өмнө гаргажээ.

Тэрбээр “Хэдийгээр дарамт шахалт байгаа ч намын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлэхэд болохгүй зүйл надад байхгүй. Багагүй хугацаанд намын нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны даргын алба хашиж байлаа. Тиймээс надад мэдлэг, туршлага бий. Мөн энэ намыг цаашид хэрхэн авч явах ирээдүйн төлөвлөгөө ч байгаа” гэв.

Д.Дэмбэрэл даргыг намын зүгээс нэрийг нь дэвшүүлсэн боловч өөрийн хүсэлтээр нэрээ татаж авлаа. Ийнхүү С.Батболд, Ө.Энхтүвшин нарын хооронд гол өрсөлдөөн болж хуучин намын дарга С.Батболд 85 хувийн саналаар МАН-ыг удирдах боллоо.

Тэрбээр “Хариуцлагатай түүхэн нэр хүндтэй өндөр албан тушаалд намын хамт олон надад итгэл хүлээлгэсэнд талархаж байна. Хэлсэн үгээ ажил хэрэг болгох боломж, үүрэг хариуцлагыг өнөөдөр олголоо. Иймээс та бүхний итгэл, үүрэг хариуцлагыг ухамсарлаж, хөгжлийн төлөө урагшлах болно. МАН-ын шинэчлэл, хөгжлийн төлөө хийх үндсэн ажил маань ийнхүү эхэлж байна” хэмээн тодотгов.

Ямартай ч түүнд их хурлын нээлтийн илтгэлд дурьдагдсан өндөр хариуцлага ноогдлоо. Тодруулбал, Монголын хүн амын 38 хувийг бүчлээд байгаа ядуурлыг арилгах, нийгэмд бугшсан авлига, хүнд суртлыг халах, шүүхийн шударга бус байдлыг хуу татан хаях том зорилт түүний өмнө бий.

Харин өрсөлдөгч Ө.Энхтүвшин 116 буюу 15 хувийн санал авсан юм. “Намын даргын суудал хамгийн гол нь өрсөлдөөнтэй болоосой гэж бодсон тэр маань биеллээ. Нам, улс орныхоо төлөө бүгд гал сахих ёстой гэж бодсон тэр минь ч биеллээ” хэмээн хоёр хоног даруухан пиар хийсэн шигээ цөөн хэдэн үг хэлээд эргэн суудалдаа суув.

Бусдыг түгшээсэн Н.Энхбаярын үг даруухан байв

Ууган нэрээ сэргээх, намын даргаа сонгохоос өмнө намын мөрийн хөтөлбөр болон дүрэмдээ өөрчлөлт оруулах талаар удирдлагууд нь илтгэлдээ дурьдсан билээ. Тэдний тавьсан илтгэлтэй холбогдуулж төлөөлөгчид үгээ хэлсэн юм. Тэдний дунд сүүлийн үед намын ганц сөрөг хүчин гэгдээд байсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч байв.

Түүнийг үг хэлэх үеэр харуул хамгаалалт өндөрсгөж, Төрийн ордны их танхимын хоёр талаар хүн явахыг хориглов. Их хурал болохоос өмнө намдаа шүүмжлэлтэй хандаж, бишгүй ил захидал илгээсэн түүний хэлсэн үг намдаа ташуур өгч мэдэх нь хэмээн хүлээж байсан сэтгүүлчдийн таамаг талаар болсон юм.

Харин ч тэрбээр аядуу зөөлөн дуугаар илтгэл тавьж байна гэх мессеж дотроос ирсэн юм. Ингээд түүнийг үг хэлээд гарч ирэхэд нь тодруулахад “Сүүлийн үед миний МАХН-ын нэр, үзэл баримтлалын талаар хэлсэн үг, явуулсан ил захидал зэргээс болоод намайг нэлээд хатуу үг хэлнэ гэсэн хүлээлт үүсч л дээ. Гэхдээ үг хатуу, зөөлөндөө биш үнэн, худалдаа гол нь байгаа юм. Үнэн үгийг чанга дуугаар хэлснээс зөөлөн дуугаар хүргэвэл нэмэртэй болов уу. Өмнө нь би ил захидал зэргээрээ байр сууриа хатуу илэрхийлсэн. Иймээс өнөөдөр тэр бүхнийг давтаж ярихаа болиод их хурлын өдрүүдийг яаж үр ашигтай ашиглах вэ гэдэг талаар өөрийн биеэр туулж ирсэн намын ажлын туршлагаасаа хуваалцлаа” гэв.

“Их хуралдаа үг хэлэхээр бэлдэж ирсэн” гэсэн хэдхэн үг намынханд нь цохилт болсон бололтой юм. Иймээс харуул хамгаалалтаа өндөрсгөж, түүний үгийг гадагш алдахаасаа болгоомжилсон боловч байдал хэвийн даруухан болж өнгөрчээ.

Харин дүрэмд гишүүдийн хариуцлагын талаар тодотгож өгсөн нь зарим хүнд төдийлөн таалагдсангүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан М.Далайхүү “Доржуудын хар хууль” хэмээн Эрүүгийн шинэ хуультай зүйрлэв. Учир нь гишүүнийг хазгай гишгэвэл намаас хөөнө гэсэн нь дэндүү дэгсдүүлсэн хэрэг хэмээн үзжээ. Түүнтэй ийн санал нийлэх гишүүн ч цөөнгүй байв. Зарим нь “Үгүй ээ. Энэ дүрмийг бидэнд биш, Н.Энхбаярт зориулсан юм” гэх үг ч дуулдаж байлаа.

Бөхчүүд, дуучид бага хуралд нэрээ дэвшүүллээ

Хөтөлбөр ёсоороо намын их хурал бямба гаригийн үүрээр өндөрлөж, ургахын улаан нарнаар шинэ бага хурлын анхны хурал болох байв. Гэвч хугацаандаа багтсангүй. Ингээд өчигдөр намын их хурал үргэлжилж бага хурлын гишүүдийг сонгох ажилдаа орсон юм. Хэдийгээр хурал ням гаригийн 10.00 цагаас эхлэх байсан ч сунжирсаар 12.00 цаг өнгөрөөж эхлэв. Хаалттай хаалганы цаана гурван цаг орчим хуралдсан хурал 16.00 цагийн орчим завсарлаж, 20.00 цагт үргэлжлүүлэхээр болов.

16.00 цагийн байдлаар МАН-ын бага хурлын 310 гишүүнд нэр дэвшүүлж эхэлжээ. Нам бүр квоттой. Үүнд, Улаанбаатарт 84, Архангайд 19, Баян-Өлгийд 18, Баянхонгорт ес, Булганд найм, Говь-Алтайд ес, Говьсүмбэрт дөрөв, Дархан-Уулд найм, Дорноговьт зургаа, Дорнодод 27, Дундговьд зургаа, Завханд 12, Орхонд долоо, Өвөрхангайд 14, Өмнөговьд зургаа, Сүхбаатарт 11, Сэлэнгэд ес, Тав аймагт 16, Увсад 19, Ховдод 14, Хөвсгөлд 19, Хэнтийд 10 хүний квот өгчээ.

МАН-ын дарга С.Батболд “Бага хуралд МАН-ын 500 гишүүн тутмаас нэг хүн сонгохоор шинэчилсэн дүрэмд тусгасан. Тэгэхдээ нийслэл, аймагт квот ялгаатай. Гишүүнчлэлийнхээ тоог өсгөсөн аймгуудад квот илүү, гишүүнчлэлийн тоог бууруулсан, өсгөхгүй байгаа аймгуудад бага квот өгнө” гэжээ.

Хэдийгээр МАН-ын удирдлагын зүгээс 310 нэр гаргаж өгсөн ч төлөөлөгчдөд таалагдаагүй тул дахин дотроосоо зөвшилцөж нэр дэвшүүлэхээр болж ийнхүү хуралдааны ажиллагаа саатахад хүргэв.
Ингээд аймгийн төлөөлөл бүрээрээ нэг дор цугларч шаазгай шиг ганганаж гарав.

“Үгүй ээ, тэрийг хэрэггүй. Харин тэрний нэрийг дэвшүүлье” гэхчлэн ярьцгаах аж. Дугаар шилжих мөчид бага хуралд МАН-ын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Баяр, М.Энхболд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын нэр дуулдав.

Мөн Н.Анандбазар, “Алтжин”-гийн Г.Алтан зэрэг бизнесмэнүүд ч нэрээ дэвшүүлсэн гэнэ.

Түүнчлэн Хүний эрхийн хуульч М.Ичинноров, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Г.Өнөрбаяр нарын нэр дэвшүүлсэн хүмүүсийн тоонд багтжээ. Аварга Д.Сумьяабазар, гарьд П.Цэрэнпунцаг гэхчлэн үндэсний бөхөөр уран мэхээ уралдуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүдийн нэр ч дуулдав.

Мөн намын шинэхэн гишүүн “Чингис” хаан хамтлагийн Д.Жаргалсайхан, чөлөөт уран бүтээлч, яруу найрагч Ж.Мөнхбат нарын нэр ч бий гэнэ лээ.

Ийнхүү бага хурлын гишүүнд салбар бүрийн төлөөлөл нэрээ дэвшүүлээд байна. Эцсийн шийдвэр энэ (өнгөрсөн) шөнө гарах болно. Бага хурлын гишүүдээ нууц санал хураалтаар сонгосны дараа намын Удирдах зөвлөлийг ч сонгох юм.

Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/


URL:

Tags: