Малынхаа төлөө үхэн хатан зүтгэдэг төртэйдөө баярлах ч шиг, гутрах ч шиг
-Төр засаг хүнээ биш малаа хамгаалалтад байлгасаар байх уу-
Мал бол үндэсний баялаг учраас үеийн үед төрийн хамгаалалтад байна гээд бодоод, уншаад үз дээ. Шал тэнэг санагдаж байгаа биз.
Шуурганд уруудаж, усанд живсэн хүнийхээ араас эрэл сурал болдоггүй мөртлөө малаа им тамга, өнгө зүсээр нь ялгаад зарлаад аймаг хошуу дамжуулан эрэл сурал болдог улс үндэстэн Монголоос өөр байхгүй.
Малдаа тийм их хайртайдаа юм уу, маханд нь дуртайдаа юм уу. Угтаа бол мал биш хүн нь үндэсний баялаг байж, төрийн хамгаалалтад байх учиртай. 1992 онд Үндсэн хуулийг баталж байх үед Ардын Их хурлын депутатуудын 70 орчим хувь нь нэгдлийн дарга нар байсан учраас нэгдлийг хувьчлуулахгүй байх лобби хийж, монгол мал бол төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг хүчээр оруулж байсан гэдэг. Нэгдэл үгүй болсон ч энэ ойлголт өнөө үед уламжлагдан ирсэн.
Одоогоос гурван жилийн өмнө УИХ-ын зарим гишүүн Үндсэн хуульд байгаа “мал бол үндэсний баялаг, тиймээс төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг авч хаях тухай яриа гаргасан ч Үндсэн хуулийн хөндөж үл болох заалт хэмээх ангилалд орж, гишүүд маргалдаж байсан санагдана.
Хөндөж үл болох ангилалд орсон дархан журмаар бол ямар ч тохиолдолд өөрчлөлт хийхийг хориглох ёстой гэнэ билээ. Чухам хэн тэр заалтыг хөндөж үл болно гэж тунхагласныг мэдэхгүй ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гар хүрч болохгүй гэж хэн хэлсэн юм бэ. Үндсэн хууль гэдэг гар хүрч болохгүй төгс төгөлдрийн туйл биш. Харин мөн, биш гэдэг дээр олон жил маргалдаж, Үндсэн хуулиа тойрч давхисаар байгаа юм.
Энэ нийгэм, хөгжил биднийг Үндсэн хуулийнхаа зарим зүйл заалтыг өөрчлөхийг хүсэж буй. “Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя” гэхээр УИХ-ын зарим гишүүн “цаг нь болоогүй” гэж цааргалдаг.
Мал төрийн хамгаалалтад байна гээд Үндсэн хуулиараа заачихсан байхад өвөл зунгүй хэдэн малд хөрөнгө мөнгө зарж, малчдын өвс тэжээлийг төр засаг бэлтгэж өгөхгүй гээд яах билээ.
Уг нь мал хувьд шилжчихсэн. Малчид хувийн малаа өсгөж, мянгат малчингүй сум, баг гэж байхгүй болсон. Тэгсэн мөртлөө мах, сүү, цагаан идээний үнэ тэнгэрт хадчихсан. Төр малаа хамгаалдаг юм бол мах, сүү, малын гаралтай бүтээгдэхүүн бүгдийг төр мэдэж, үнэ ханшийг нь зохицуулдаг байх ёстой биш үү.
Өвөл боллоо. Хувь хүний малд улсаас хөрөнгө мөнгө зарж, өвс тэжээлийг нь бэлтгэнэ, хүргэж өгнө, худаг усыг нь гаргаж өгнө. Бэлчээр нутгийг нь ч зохицуулна. Малынхаа төлөө үхэн хатан зүтгэдэг төртэйдөө баярлах ч шиг, гутрах ч шиг. Малгүй хүмүүс, нийслэлчүүд бол гутрах нь мэдээж. Зуд боллоо. Хотынхон малчдад, төрийн хамгаалалтад байгаа малдаа элгэвч нэмнээ, лаа шүдэнз гээд атга махныхаа мөнгийг илүүчилнэ. Төр засагтайгаа нийлээд малаа хамгаалаад байна.
Хамгаалалтдаа авсан төрд өнөөдөр өнчин ишиг ч байхгүй. Харин энэ төрд 2.9 сая хүн байна. Энэ төр 45 сая малын буянаар биш 2,9 сая хүнийхээ буянд оршин тогтнож буй юм. Харин хүн нь төрийн хамгаалалтад орж чадаагүй, төр нь иргэнээ хамгаалж чадаагүй гутамшиг л байна. Ийм элэг доогноос өөрсдийгөө чөлөөлөхгүй бол удахгүй 2.9 саяулаа мал болчихсон байх вий. Тэр цаг танд хэлэх үг олдох болов уу. Надад олдохгүй.
Б.Оюунгэрэл
URL: