Дан “Дээлтэй Монгол” л юм сан Даарах болов уу, яах бол?

Нүүдэлчний бүтээсэн соёл гэхээр хуучирч хоцрогдсон, үзэл сурталд үл нийцэх хэмээн адлаж халж сольсон, хаалттай асан цаг үе саяхан сан. Харин одоо үндэстний өв соёлоо бадруулан мандуулна, дэлхий дахинд сурталчлан таниулна гэх сайхан цаг болж дээ.

Энэ ч утгаараа төрийн бодлогоор анхаарал хандуулж, санаа тавьсан “залуучуудад нүүдэлчин үндэстний түүх соёлыг хайрлан дээдлэх, бахархах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой, сүүлийн мянган жилийн шилдэг хувцсаар шалгарсан монгол дээлээ сурталчлах томоохон баяр “Дээлтэй Монгол” (www.tulhuur.com), Монгол үндэстний уламжлалт язгуур урлагийн дахин давтагдашгүй шинж чанарыг орчин үеийн хөгжмийн урлагийн өвөрмөц хэв маягтай хослуулан хөгжмийн шинэ хандлага, урсгалыг бий болгосон “Монгол поп” гарамгай бүтээл туурвиж эх орон, ард түмэндээ оюуны өндөр өглөг өргөсөн төрийн соёрхолт дуучин (www.president.mn), иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байх, 2008 онд баталсан “Монгол бичгийн үндэсний  хөтөлбөр-II”-ын хэрэгжилтийг цаашид эрчимжүүлэх арга хэмжээ авахыг заасан “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай” ерөнхийлөгчийн зарлиг (www.president.mn), зарлигийн хүрээнд зохион байгуулдаг монгол бичгийн уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн (www.president.mn)  –тэй ч болов. Тоочоод байвал олон.

Энэ бүхэн өөрийн үндэсний гэсэн бүхнээрээ бахархах, хайрлан дээдлэх үндсэрхэг үзлийг батжуулсан сайхан хэрэг мөн хэдий ч нарийн ажиглаад байхад нэгэн төрлийн өнгө будаг төдий өнгөц хэлбэрдэл болон хувирч байгаа мэт санагдана.

Үндсэрхэг үзэл бус эх оронч үзлээр хандах цаг хэзээ вэ? Бид энэ бүхнийг чанад дахь амин чухал, жинхэнэ утга агуулгаар нь танин мэдэхгүйгээр гагц чээжээ дэлдэх симбол хэлбэрийг нь чухалчилж хүлээж авах болов. Энгийн ярианд үүнийг “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэж хэлэх биз ээ. Гадна өнгө гандах элэгдэх бол юуны амархан билээ. Юмны дотоод дахь чанар агуулга муу байх аваас тэндээс тэгээд юу л үлдээ аж дээ. Бие хэврэг, билиг баттай адил хэлбэр бол хэлбэр, агуулга бол агуулга л шүү дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид дандаа худал хуурмагийн дунд л амьдарч байна гэхэд хатуудахгүй шиг. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр монгол үндэстний өв соёлоо хайрлан хамгаалах, өвлүүлэн үлдээх гэдэг бол нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлээ сурталчлан таниулах, бахархан саймшрахдаа бус (энэ үүргийг музей гүйцэтгэдэг) тэр биет зүйл нэг л өдөр үгүй болоход энэ өвийг дахиад бий болгож чаддаг чанад утга соёлыг нь танин мэдэж, эзэмшиж өвлөхдөө л юм. Соёлын жинхэнэ дархлаа гэгч энэ буюу.

Дээр өгүүлсэнчлэн нүүдэлчин үндэстний түүх соёлыг хайрлан дээдлэх, бахархах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой, монгол дээлээ сурталчлах “Дээлтэй Монгол” бол сайхан баяр мөнөөсөө мөн ч дээл өмсөөд өмсөөд,

Мандах төрийн малгай

Дэвжих төрийн дээл

Бүтэх төрийн бүс

Хан төрийн ханжаар

Тулах төрийн гутал хэмээсэн монгол соёлын утга бэлгэдэл, учир утгыг үл мэдэн, дээл өмссөн монгол хүний намба төх, аяг ааль, цээр ёс үгүй байгаад өөрийгөө “дээлтэй монгол хүн” гэж бахархана гэдэг чээжээ дэлдэж хөөрөхөөс, зүгээр л нэг дээл “өлгөсөн” гадаадын хүнээс ялгаа юу сан билээ. Ингэж хөөрч байтал дээлээ хийж чаддаг монгол хүн байхаа байгаад Эрээний оёдлын үйлдвэрээс буруу зөрүү энгэртэй нимгэн нойтон сарампай дээл худалдаж авах болбол “Дээлтэй Монгол” гэж хөөрөх сөн ч бил үү дээ. Хэдий жишээ болгож ярьж байгаа ч гэлээ, хатуу ч гэсэн үнэн гэгчээр ийм байдалд орж болохоор олон зүйл дээр хэлбэрдэцгээж байна даа монголчууд, дээрээсээ доошоо хүртэл. Поп дууны клип нь монгол ахуйтай, ятга шанзны эгшгэнд монгол дээлтэй “хамраараа” дуулах нь сайхан ч монгол ардын дуу нь эхний сайхан, хүнд үзүүлэх бичиг баримтаа монгол бичгээр хавсаргана гэдэг хүн бүрийн үндэсний бахархлыг дэврээх эхний сайн алхам мөн хэдий ч монгол улсын иргэн монгол бичгээ мэдэх нь эхний алхам, мэдсэнээрээ иргэний үнэмлэх дээрх нэрээ уншиж чадах, нэрээрээ дуудуулах дараагийн алхам, монгол уран бичлэгийн гайхамшиг бахдам сайхан ч монгол бичгийн үсэг зүй, бичлэгийн хувьд зөв бичсэн байх нь эхний сайхан баймаар санжээ.

Зээ, Төрийн минь сүлд өршөөж, түмний минь заяа түшиг ээ.

 

С.Чулуунпүрэв

Эх сурвалж: tsagtur.mn


URL:

Сэтгэгдэл бичих