Монголчуудыг басамжилсан Солонгос элчин
Оросын холбооны улсын иргэд БНСУ-д визгүй зорчдог боллоо гэсэн таатай мэдээллийн араас дараагийн визгүй зорчих хүмүүс нь монголчууд болох нь хэмээн манайхан баяр хөөртэй ярьж байсан нь хэдхэн хоногийн өмнөх явдал билээ. Гэтэл монголчуудыг солонгосчууд дэндүү басамжилж, өөрсдийгөө дэлхийд байхгүй ажлын байр бий болгодог улс орон гээд бодчихсон бололтой. Виз мэдүүлсэн хүмүүсийг болсон, болоогүй шалтгаанаар хил нэвтрүүлэхгүй, үүнээс болж олон ажлууд нь хойш болж байгаа талаар иргэд гомдолтой байна. Мэдээж, солонгосчуудын хэрэглэж байсан машин, түүнийг дагалдах авто сэлбэг, хувцас хунар гээд монголчууд тус улсаас комиссын гэсэн бүхий л зүйлийг нь импортлож хэрэглэдгийн дээр 1990-ээд оны дундуур олон арван мянган хүн Хангүгийг зорьж, амьдралаа дээшлүүлэхээр мордож асан цаг саяхан. Нэг хэсэгтээ л энэ буухиа тасралгүй үргэлжилж, Солонгос л явж байвал амьдрал сайжирч, аяндаа бүх зүйл тэгшрээд ирэх юм шиг сэтгэлгээ ч нийгмийн дунд бий болсон.
Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн өдгөө Монголдоо замын, барилгын компанид ажиллаад сая гаран төгрөгний цалин авч, Солонгост зовж олдог мөнгөө хүртэх боломж нэгэнт бүрджээ. Солонгос Улсад өдгөө цалингийн доод хэмжээ 800 мянгаас нэг сая төгрөгийн хооронд хэлбэлзэж буй. Энэ бол мэдээж гадаад ажилчдад өгдөг цалин. Ийм цалинг өдгөө өөрийн эх орондоо авч, ядаж л элэг бүтнээрээ амьдарч ээжүүд хүүгээ охиноо санаж, эхнэрүүд нөхрөө, хүүхдүүд аав, ээжээ гансран хүлээхээргүй болчихоод байгаа юм. Үүнийг энэ жилийн Солонгост ажиллах хүсэлтэй ажиллах хүчний бүртгэл бэлээхэн батлаад өгсөн. Гурван мянга орчим монгол залуусыг хөдөлмөрийн биржээр дамжуулан Солонгос явах боломжид урьсан ч 600 гаруй залуус бүртгүүлж, тэднээс 200 гаруйхан нь явах болсон билээ. 2007, 2008 онуудад ийм шалгалтад орохын тулд наадмынхаа билетэнд тэгтлээ оочерлож үзээгүй монголчууд гэр бүлээрээ шахам хонон өнжин оочерлож, төв цэнгэлдэхэд амьдрах шахсан. Харин зургаан жилийн дараа энэ байдал эрс өөрчлөгджээ. Монголчууд харийн оронд, тэр дундаа хангүг үндэстнүүдэд дарлуулан доромжлуулж, халтар хэдэн төгрөгийг нь алга хавсран авах, аль эсвэл өөрсдөө гутал засаад, барилга дээр тоосго өрөөд ч хамаагүй эх орондоо эрх дураараа амьдрахын үнэ цэнийг ойлгож эхэлжээ. Харин энэ хугацаанд өөрсдийгөө АНУ-ын дараа орох гүрэн гээд бодчихсон солонгосчууд сэхлээ авч, тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яам, эрхэм Консул нь монголчуудыг дарамтлах, басамжлах аргаа улам бүр боловсронгуй болгож, нөгөөтэйгүүр манай улсын тагнуулын байгууллагаас ч илүүтэйгээр иргэдийн мэдээллийг хуримтлуулан цуглуулсаар байна.
Үндсэндээ тэдний авчир гэсэн бүхнийг аваачиж, цуглуул гэсэн болгоныг бүрдүүлэн хэлсэн ёсоор нь материалаа бүрдүүлж хүлцэнгүй загнасаар ирсэн нь монголчууд. Чих зөөлөнтэй хандах тусам Солонгосоос манай улсад суугаа Элчин сайд, Консулууд улам бүр даварсаар, банкны баталгаа, банкинд байршуулах мөнгөний босго жил ирэх тусам нэмэгдсэн. Долоон сая төгрөг дансандаа байршуулсан нэгнийг бага мөнгөтэй байна гэсэн шалтгаанаар виза дараагүй тохиолдол ч гарч байна. Тэр дундаа ойрын өдрүүдэд Солонгос явахаар виза мэдүүлсэн иргэд багагүй бухимдалтай байгаа аж. Мөн үүнээс гадна албан байгууллагын шугамаар Солонгос Улсад болох байсан олон улсын хурал, семинарт явах хүмүүсийн багийн ахлагч болон тус багт багтсан залуу гишүүдийн виз бүгдээрээ гараагүй тохиолдол гарчээ. Албан ёсны урилгатай, олон улсын хурал, семинарт оролцож байгаа монголчуудын бүхий л зардлыг Солонгосоос даасан, албан ёсны бүхий л бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн байтал насны ангиллаар ялгаварлан хандаж залуучуудыг нь гаргахгүй, харлана, эсвэл гэр бүл, эхнэр хүүхдийнхээ бүхий л мэдээллийг авчир, өмнө нь Солонгост очиж байсан хүмүүс нь байх хугацаандаа хаана, юу хийсэн бүх мэдээллээ бичиж уламжил гэх зэргийн тулган шаардсан харьцааг бий болгож, эцэст нь багийн ахлагч нь хүртэл визгүй хоцорч олон улсын хуралдаа оролцож чадахгүй нөхцөл байдал үүсчээ.
Ер нь бол Солонгосын Элчин сайдын яамнаас монгол иргэдийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, зорчих зорилго тодорхойгүй гэсэн хоёр шалтгаанаар хэд хэдээр нь виз дарахгүй байгаа аж. Олон хүний дунд хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, тодорхойгүй зорилгоор тус улсыг зорих хүмүүс байдгийг үгүйсгэхгүй ч бүх монголчууд тийм биш юм. Тэгээд ч Солонгост очиж шал шавхай угаахаар явдаг залуусын тоо цөөрсөн гэдгийг тус улсын эрх мэдэлтнүүд төдийлөн ойлгохгүй байгаа бололтой. Монголын цоо эрүүл, эд насны олон мянган залуусыг солонгосчууд цалин амлан аваачиж хүний сэг, өвчний үүр болгосон тодхон жишээнүүд олон. Олон зуун охид, эмсийг гэр бүл зуучлал нэрийн дор амьдын тамд унагааж, ах дүүсийн дундах хүүхэн болгосон нь бодит үнэн байхад монголчууд тус орон руу зорчих гэж үхэн хатан тэмцсээр байх гэж үү? Харин ч Солонгосыг болж өгвөл зорихгүй байх талаар нэг нэгэндээ зөвлөдөг болмоор. Гэтэл өдгөө монголчуудыг өнөөх л харладаг, өнөөх л цалин хөлс харж юу ч хамаагүй хийдэг чигээр нь ойлгосон ойлголт байсаар байгаа бололтой. Монгол хогийн сав биш. Солонгост хүн алсан, залилан хийсэн, мафийн толгойлогч асан гээд эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс нь хүртэл манайд ирж хэдэн арван жилээр амьдарч, компани байгуулан авгай авч, эрх дураараа явж байхад монголчууд яагаад Солонгос руу хуралд оролцож, шоппинг хийхээр явж болохгүй гэж? Дахин хэлэхэд тэр цаг ард хоцорсон билээ. Харин Монгол Улсын Гадаад харилцааны яам, Засгийн газраас Солонгосын Засгийн газартай харилцан тохиролцож хатуудсан шаардлага өндөртэй визаны тогтолцоон дээр зөвшилцөх цаг нь болсон мэт.
/Г.Тэгш/ Эх сурвалж: http://www.wikimon.mn/content/51181.shtml#sthash.oFVq7x4h.dpuf
URL: