Орон сууцны үнэ буурав уу?
Хаа сайгүй ийм хүлээлт байгаа. Гэхдээ орчин цагийн нөхцлөөр бол үнэ буурах уу гэдгээс илүүтэй зээлийн хүү буурах болов уу гэсэн асуулт хамгийн чухал байна. Учир нь Монголд цалингаа цуглуулаад орон сууц авах хэмжээний мөнгөтэй болно гэдэг бол үлгэр. Харин боломжийн нөхцөлтэй зээлийг бол хэн хүнгүй хүсч байгаа. Дэлхийн эдийн засгийн хямралаас улбаалаад нэг сэргэж байсан барилгын салбар мөхлөө гэж баахан гашуудсан. Хямралын хэмээх үед барилгаа эхлүүлээд, кранаа зоочихсон компаниудыг эргэлтийн хөрөнгөтэй болгох, нэгэнт баригдсан ч эзэд нь “олдохгүй” байгаа барилгуудын борлуулалтыг сайжруулахаар хөрөнгө оруулалт хийж байсан. Хэдийгээр сайн муугаар дуудуулсан ч гэсэн 4000 төрийн албан хаагчийн орон сууцны зээлийн хэмээх дэд төсөл цалингаа цуглуулаад бүү хэл орон сууц авах найдваргүй төрийн албан хаагчдыг баярлуулсан. Харин одоо нөхцөл байдал ямар байна вэ гэвэл албаны тоо баримтыг тодруулгаас харна уу. Албан мэдээллээр бол ажил нь амжилттай л яваа юм байна.
Харин уг төслийн анхны нөхцлөөр орон сууцны нэг ам.метр талбайн үнийг 650 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байх гэсэн шаардлага аль хэдийнэ үлгэр болжээ. Өнгөрсөн баасан гаригт “Аман хуур” хорооллын үзэсгэлэнгийн танхимд эхэлсэн “Орон сууц 2010” үзэсгэлэнд танилцуулсан “бүтээгдэхүүнүүд”-ээс харахад хамгийн хямдхан орон сууц нэг ам. метр нь 890 мянган төгрөг байлаа. Хан-Уул дүүргийн 2-р хороонд баригдаж буй “Заг” компанийн орон сууц ийм үнэтэй байлаа. Энд байсан хамгийн үнэтэй орон сууц нь нийслэлчүүдийн сайн мэдэх Баруун дөрвөн замд баригдаж буй “Макс” компанийн байрны нэг ам.метр нь нэг сая 600 мянган төгрөг. Үзэсгэлэнгийн нэг онцлог нь заавал 4000 төрийн албан хаагчийн зээлд хамрагдах төдийгүй бусад банкуудын зээлийн үйлчилгээг хамтад нь танилцуулж байсан. Зээлийн хамгийн “эвтэйхэн” гэмээр санал нь урьдчилгаа есөн сая төгрөг төлөөд сарын 1 хувийн хүүтэйгээр сар бүр 500 хүртэл мянган төгрөг төлөх 15+5 жилийн хугацаатай “Ургах наран” хорооллын нөхцөл байсан.
Уг үзэсгэлэнд 20 орчим компани оролцож байгаа гэж зохион байгуулагчид нь хэлж байсан. Хэдийгээр Орон сууц, санхүүжилтийн корпораци тусдаа павьилон гаргаж, хэрэгтэй мэдээллүүдийг хадсан байсан ч 4000 айлын орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүст цогц мэдээлэл хүргэнэ гэсэн уриандаа арай л хүрээгүй санагдсан. Харин Барилга, орон сууц сурталчилгааны төв хэмээх байгууллага сэргэлэнтээд шинэ орон сууцнуудын талаар мэдээллийг нэгтгэж, зарж байна лээ. Тэд нийт 130 барилгын компанийн талаарх мэдээллийг арваннэгдүгээр сарын эхний байдлаар нэгтгэн хавтас тус бүрийг таван мянган төгрөгөөр зарж байлаа. Олон газрын мэдээллийг нэгтгэсэн ийм хэлбэр байр хайж байгаа хүмүүст харин ч амар байж болох юм. Уг үзэсгэлэнд танилцуулж буй байрны үнэ ерөнхийдөө дунджаар ам.метр нь 1,2 сая төгрөг орчим байв. /үнийн мэдээллийг хүснэгтээс харна уу/
Энэ дундаж үнийг харвал орон сууцны үнэ өндөр хэвээр байна гэж хэлж болох. Нэг хэсэг борлуулалт муу байна гэж гомдоллодог байсан барилгын компаниуд ийм хэрийн үнийг итгэл төгс баримталсан хэвээр байгаа болохоор цаашид ч орон сууцны үнэ буурахгүй л болов уу? Бизнес эрхлэгчид зах зээлийн ойрын болон хэтийн төлвийг алддаггүй болохоор тэд үнээ бууруулахыг тэгтэл их чармайхгүй байхыг бодоход орон сууцны зах зээл хангалттай байна л гэсэн үг хэмээн таамаглахад буруутах зүйлгүй байх. Харин зээлийн хүү буурах эсэх тухайд эргэлзээтэй хэвээр. Хэдийгээр төв банкнаас бодлогын хүүг бууруулахаар чармайна гэж байгаа ч одоо УИХ-аар хэлэлцэж буй төсвийн төслийн баримжаагаар бол төсөв тэлэх нь тодорхой байгаа учраас Монголбанк ирэх жилийн эхний хагаст л лав өнөөгийн бодлогын хүүгээ суллахгүй л болов уу. Харин барилгын компаниудын борлуулалт сайжирна хэмээн итгэл төгс байгаа нь уул, уурхайн салбарын буянаар Монголын эдийн засаг хурдацтай өсөх найдвар, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх таамаглалд суурилсан болов уу. Нөгөөтэйгүүр тэр бүр мөнгөө хуримтлуулаад орон сууцны үнэ босгож чадахгүй жирийн иргэд хүү, хугацаа хатуу ч гэсэн бага багаар цувруулан төлөх зээлээр орон сууцтай болох сонирхолтой байгаа хандлага ч бас нөлөөлж буй биз ээ.
А.ТУЯА
URL: