Сонгуулийн үнэр ханхалсан төсөв босно

Монгол Улс ядуурал ихтэй орны тоонд багтдаг. Гэхдээ бас баячуудтай юу гэвэл баячуудтай, мөнгөтэй юу гэвэл мөнгөтэй. Энэ нь юугаар харагдаж байна вэ гэвэл жилийн жилд улсын төсвийг өсгөж байгаагаар. Муу юм биш л дээ. Сайхан л хэрэг. Ингэж хэлэхэд бас учир жанцан бий.

Ирэх оны улсын төсвийг юу, юугүй хэлэлцэж эхэллээ. Байдлыг ажвал нэг их бялхсан төсөв   баталж авахаар төлөвлөжээ дээ. Эдийн засгийн бодлогыг улс төрийн үзэл баримтлалаас жаахан ч гэсэн хөндийрүүлж чадахгүй нь эвдээс харагдаж байна.

Төсөв хэлэлцэх эхлэл нь нэг л бүүдгэр, мөнгө рүү эрх бүхий улстөрчид, УИХ-ын зарим нь мэдэх, мэдэхгүй ч элдвийг ярьж, тал тал тийшээ зүтгэсэн шинжтэй. Тэгэхлээр л зөв санаа нь буруудаа булагдаад хатуухан хэлэхэд манан дунд төөрсөн “марзан төсөв”төрөх гээд байх шиг.

Монголд төрийн үйлчилгээгээр ард түмэнд очих ёстой мөнгө дээдэс, дарга нарын нэр төрийн төлөө зарцуулагддаг болсон нь нууц биш. Ирэх жилийн төсвийн өнгө төрх ч бас тийм болж магадгүй нь ээ. Магадгүй ч биш ээ. Төсвийн төслөөс 2012 оны сонгуулийн үнэр ханхалж байгаа гэдэг нь тодорхой юм.

Эрх баригч бүлэг гэж үнэнээс зугтсан нэг том хэсэг бий. Тэд төсөв хэмнэх тухай сүүлийн үед хэт шунаж, туйлширсан ярих ч дургүй болсон шиг байх юм. Жилийн өмнө дөө. Төр, захиргааны зардлыг хэмнэе гэцгээгээд арга замыг олох комисс хүртэл томилж, яам, агентлаг, төрийн албан хаагчдын тоог цөөлөхөөр болсон. Гэтэл хамтарсан Засгийн газар гэдэг эвсэг “гэр бул “-ийнхэн хуйвалдаад хийх гэсэн шийдлээсээ ухарчихсан. Илүү гарсан үүрэг функц нь давхардсан сайд дарга, албан тушаалтан нь айлгасан шиг байгаа юм.

Тэгсэн чинь ирэх оны төсөвт захиргааны зардал бүр нэмэгдэж хоёр триллион давж төлөвлөгджээ. Төсвийн зардалд задаргаа хийсэнгүй. Тоймдуу тайлбар хөврөөд байна. Уг нь төсөвт бүтцийн өөрчлөлт хийх тухай УИХ-ын тогтоолын заалт байдаг л даа.

2011 оны төсөвт авах эсэх нь тодорхойгүй тэрбум төгрөгийг оруулаад хэлэлцэж байх юм. Нөгөө л бүрхэгдүүлдэг зангийн нь нэг илрэл энэ. Энэ бүхнийг Сангийн сайд С.Баярцогт болохоор “Төсвийн эдийн засагт эзэлж байгаа хувь өндөр болж байгаа нь эдийн засаг тогтвортой байх нөхцөл бүрдүүлж байгаа” гэж дүйвүүлж байна.

Бас УИХ-ынхан 76 тэрбум төгрөг аваад юу хийсэн нь тодорхойгүй байгаа мөртлөө шинэ оны төсөвт гишүүн бүр 2.5 тэрбумыг батлуулж авахаар улайраад байдаг нь ичмээр ч юм шиг.

Гишүүдийн зарим нь бид ингэж мөнгө хуваарилуулах нь буруу гэж ч хэлдэг юм билээ.

Нэг хачирхалтай юм нь бусад орны Засгийн газар зөвхөн өөрийнхөө төсвийн орлогоор бүрдүүлсэн мөнгийг зарах эрхтэй байдаг гэдэг. Гэтэл манай Засгийн газар олон нийтийн өмчөөр босгосон буюу улс нийгмийн хөрөнгө, байгалийн баялгаа барьцаалсан мөнгөөр туйлж байдаг болсон.

Энэ байдал ч ирэх оны төсөвт давтагдах бололтой. Жирийн иргэдэд хүртээл багатай, сонгуулийн үнэр ханхалсан төсөвтэй хөгжих, урагшлах биш бүх юм байрандаа л байх нь ээ дээ.

Д.Бичээчхүү


URL:

Tags: